Намайг энгэртээ наан дулаахнаар тэврэн тайтгаруулсан түүний нүүр лүү ч би эгцлэн харж чадахгүй байв. Оронд нь харахаасаа өмнө би түүний нэрийг түрүүлээд хэлчихэв."Юнги?"
Би ингэж хэлэх хэрэггүй байсан юм. Түүний нэрийг би нэг л мэдэхэд хэлчих юм. Яг л шидтэй юм шиг. Дургүй хүрмээр.
Толгойгоо өргөн харахад тэр яагаад ч юм над руу гунигтай нүдээр ширтэнэ.
"Жонгүг?"
Би гайхсандаа нулимсаа арчин санаа зовнингуй "Уучлаарай. Би чамайг хүнтэй андуурчихлаа." хэлэхэд уйлснаас болоод хоолой минь эв хавгүйхан дуугарч байв.
Тэр над руу чимээгүй ширтсэн хэвээр "Зүгээр дээ" хэмээн сулхан дуугаар хариулна. Би үнэхээр их ичиж байлаа. Ахад нь хаягдсандаа ганцаараа уйлж суугаад... Царай минь ч өөрөө надаас ичсэндээ зугтаамаар ч юм шиг санагдана. Өмнөх би байсан бол өөрийг нь орхиод явсан хүнээс болж уйлж байгаа нэгнийг хараад зэмлэх байсан биз. Гэтэл тэр түрүүнээс хойш над руу энэ ойлгомжгүй харцаараа ширтсээр байгаа учраас би үнэхээр гайхаж хоцроод байна. "Уучлаарай" өөр үг орж ирэхгүй байсанд би түүнд ийн хэлчихээд хурдан босоод явлаа.
Хичээлийн цаг дуусч ангид хэн ч байхгүй, хүүхдүүд хэдийн харьжээ. Би хичнээн хайгаад ч цүнхээ олсонгүй. Яагаад гэдэг нь ч ойлгомжтой санагдсан тул өөрийгөө дахин зовоохыг хүссэнгүй, хурдхан харихыг л хүслээ. Эндээс явж зүгээр л тайван амьсгалах газарт очихыг л хүсэв.
Өмнө нь сэтгэл тавгүй үедээ сургуулийн хөгжмийн өрөөнд өдөржин байдаг сан. Тэнд л хамгийн тайван санагддаг байсан. Одоо бол би тийшээ зүглэхээс ч зүрхшээнэ.
Сургуулийн үүдэнд гарч ирэхэд гадаа бороо орж бүүдгэр үзэгдэнэ. Энэ магад надад зориулагдсан байх. Би шатаар буун гүнзгий амьсгал аван тэнгэр өөд ширтсээр дээрээс минь орох бороон дусал бүрийг мэдрэхийг хичээж байлаа.
Хүйтэн гэхдээ тайтгаруулам. Яг л түүн шиг.
Би анх Юнгиг ч гэсэн ингэж л бодсон, 'Надад зориулагдсан нэгэн гэж... Бас түүнд би.'
Хажууд минь гарсан чимээнээр харвал сургуулийн жижигхэн цөөрмөөс Жонгүг усанд унасан цүнхийг минь гарган авах гэж хичээж байх аж. Түүний хувцас энэ борооноор норсон байгаа ч тэр тэнд шүхэргүй зогсоод хэдийн усанд нэвт норсон цүнхийг минь яагаад ч юм уснаас гаргахыг хичээнэ.
"Зүгээр дээ" түүн дээр очин ийн хэлэхэд Жонгүг намайг сонсоогүй мэт үргэлжлүүлсээр цүнхийг минь модны мөчрөөр татан ойртуулахыг оролдоно. "Орхио. Чи норчихлоо. Яв даа, би өөрөө!" Түүний гараас татахад тэр над руу огт харалгүй усан сан руу урагшлахад нь би түүний гарнаас татсаар хамтдаа ус руу уначихав.
Бороо орж байх бүүдгэр тэнгэртэй, сэрүүхэн өдөр норсон жиндүүхэн хувцастай усан хулгана шиг норсон бид даарсандаа чичигнэн сургуулийн урдах сандал дээр чимээгүй л сууцгаана.
Жонгүг цүнхнээсээ бэлтгэлийн цагаан цамцаа гаргаж ирэн толгой дээр минь тавиад "Үсээ арччих. Тэгэхгүй бол ханиад хүрчихнэ" гэв. Тэрээр даарсандаа хамрын үзүүр нь үл ялиг улайсан харагдаж байлаа. "Би зүгээрээ. Чи өөрөө а-" намайг хэлж дуусахаас өмнө тэр толгой дээрээс минь цамцаа аван өөрөө миний үсийг зөөлнөөр арчиж эхлэв.
"Чи яагаад ийм хэцүү юм бэ?" Тэр арчсан хэвээр хэлэх бол би гайхан түүн рүү харахад "үхэр шиг зөрүүд юм аа."
"Юу?"
Би гайхан хэлэхэд тэр над руу хараад инээд алдав. 'Түүний инээмсэглэл яг л жаахан хүүхэд шиг юм байна. Үнэхээр дулаахан бас цагаан' хэмээн бодсоор түүнийг даган инээхэд тэр над руу хараад "Хөөх, чи инээчихлээ" тэр гайхсан царай гарган хэлээд инээмсэглэсээр байсанд би түүний гарнаас цамцыг нь аван "Хамаагүй ээ. Тэгвэл би арчлаа шүү" гэсээр үргэлжлүүлэн өөрөө арчив.
"Чи үнэхээр инээдтэй харагдаж байна" тэр надаар үргэлжлүүлэн тоглоом хийж, хөгжилтэй гэгч нь инээмсэглэж байлаа.
~
~
~"Би одоо сургуулиас гарч байна. Удахгүй очлоо. Гадаа бороо орж байгаа болохоор болгоомжтой яваарай. За би очоод залгая." Юнги нэг гартаа шүхрээ барин утсаар ярьсаар машиныхаа өмнө ирээд түлхүүрээ дарахад ойр хавьд танил инээх дуу сонсогдох аж.
Юнги чимээ гарах зүг рүү дөхөн очоод саравчинд хамтдаа зэрэгцэн суугаад инээлдэх Жиа Жонгүг хоёрыг харан чимээгүй дороо зогсов. Норсон харагдах ч тэд хамтдаа үнэхээр баяртай инээмсэглэж байлаа. Тэднийг ширтсэн хэвээр удтал зогсохдоо тэрээр амандаа зөөлөн шивнэв.
"-Жиа"
А/N-Энэ хэсэг дээр үргэлжлүүлээд бичих гэхээр утга санааны хувьд бага зэрэг өөрчлөгдөх гээд байгаа учир дараагийн хэсэг нэлээд урт болчихлоо. Тиймээс дараагийн хэсгийг дуустал нь, тэвчээртэйгээр уншиж өгөөсэй хэмээн хүсч байна. Таалагдвал одоо дараад, сэтгэгдлээ харамгүй хайрлаж, санаа бодлоо хуваалцаарай~ Бичвэрийг минь уншиж байгаа та бүхэнд баярлаа <3
Хүндэтгэсэн~You
YOU ARE READING
•• Pluviophile •• || MGL
Fanfiction... Саарал өнгө үнэхээр их өгүүлэмжтэй. Хүмүүс яагаад уйтгартай гээд байдгийг мэдэхгүй. Миний хувьд энэ өнгө байж болох бүх мэдрэмжийн хоршил. Тэр хүн шиг санагддаг болоод тэр байх. Маш олон зүйлийг ганцхан энэ өнгө байхад илэрхийлж болох юм шиг са...