Япон улс, Токио хот.
Сэтгэлийнхээ мухарт нуучихсан хайр зүрх чичрүүлж өвтгөхөд өнчин нулимс хацар чийглэж уруул минь уй гунигаа амтална. Чиний бас миний амт. Час хийсэн гашуун хэр нь бал бурам шиг чихэрлэг. Чи бас би. Эвэлж нэгэндээ таараагүй улаан өнгөний хоёр тал. Эргээд харахад энгэрт чинь миний зай байхад ирээд тэврэх чамд энэ бие минь таарахгүй. Бид тийм холын зайд ийм ойрхон учирсан зөрөг. Үён, миний бүрэнхий тэнгэрт цор ганцаар гэрэлтэх од минь. Хажууд чинь л болохоос хүрч чадахгүй гунигт сар чинь би байна. Үён, миний хоосон дэлхийн орь ганц үзэсгэлэн минь. Тэвэрч л чадахгүй болохоос хэзээд тосох гэр чинь би байна. Чи хун, би далай. Ганцаардсан чамайгаа эвийлэх цэлгэр ус чинь би байя. Хоёул болоод нисэхэд чинь үлдээд хоцрох нуур чинь байя. Чимээгүй л хайрлая. Тэгээд чи минь надаас яваарай, үүрд.
Чи тэнд юу мэдэрсэн бол? Миний жүжгийн гол дүрд чи дэндүү зохицож билээ. Чи юу мэдэрсэн бол? Миний айдсыг нулимсны минь мөртэй чи амталсан уу? Ухаангүй дурласан тайзыг минь над шиг чи тэвэрсэн үү? Миний амьдрал чиний биеэр өмнө чинь дэлгэгдэхэд чи тэндээс намайг олж хөөрхийлсөн болов уу? Тэнгэрээс унаж буй намайг, далавчаа тасдаж буй биеийг минь, амьдралаас явсан сүнсийг минь чи мэдэрсэн үү? Тэгээд хожим тэр зураглал биелэлээ олоход чи миний төлөө уйлах болов уу?
Үгүй дээ, үгүй! Үзэсгэлэн төгс нүднээс чинь би юу ч хүртэх эрхгүй. Чиний нулимсыг, чиний уйтгар гунигийг, чиний хайрыг. Алга дарам зүрхний чинь аль ч мэдрэмжийг би хүртэх эрхгүй. Тиймээс булшин дээр минь ч чи бүү үзэгдээсэй.
Би хайрыг мэдэхгүй байна, үнэхээр мэдэхгүй. Гэхдээ хэсэгхэн жаргалын төлөө үнэнээ хуваах нь хайр биш. Миний мэдэх хайр бол харамч сэтгэл. Би чамаас өөрийн гэх бүх зүйлээ харамлана. Эргэн дурсах юу ч үгүй, хоргодож шаналах шалтаг ч үгүйгээр би чамайг хайрлана. Учир нь дурсамж яаж өвтгөдгийг би мэднэ. Чи надгүй өдрүүдэд надтай дурсамжаар өөрийгөө хорлохыг чинь би зөвшөөрөхгүй. Би чиний агуа их хайрын цор ганц эзэн байхаас илүү чамайг дэргэдээсээ элдэн хөөсөн бэртэгчин байхыг хүснэ.
" Чи гунигтай харагдаж байна "
Бодлыг минь зүсэх чиний дуу ард минь хадахад арай ядан нээсэн нүдэнд минь чиний дүр тусна.
" Яаж орж ирсэн юм гэх гэж байгаа бол би ч бас энэ театрын гэрээт жүжигчин гэдгийг санаарай "
Мөрөө хавчин тоомжиргүй царайлах чи хэтэрхий гэнэн бөгөөд гэм хоргүй цагаахан. Яаж би чиний цас шиг сэтгэлд сэв тогтоож бороо шиг асгарсан хайраас чинь шүүдрийн дусал шүүрэх вэ.
YOU ARE READING
Morte Tranquilla2: Perdita Moderna
RomanceТэр нуур байхад би түүнд хоргодсон хун байв ...