-аео
Юу ч хэлж чадсангүйд тэр хэсэг харж зогсоод дэлгүүр лүү орчихлоо. Ардаас нь дагуулан харж байснаа түргэхэн босч ирэхээс нь өмнө зугтах гэж байхад тэр миний ардаас хэдхэн удаа том алхаад бариад авчихав.
Нүүрэн дээр нь харцаа тогтооход өөрчлөгдсөн юм ер алга, энхрийлж хайрладаг байсан харц нь ч өөрчлөөгүй санагдана.
"Надаас зугтах хэрэггүй ээ. Эвгүй байгааг чинь ойлгож байгаа ч энийг уучих. Даарчихсан байна." гээд миний гарт аягатай халуун сүү бариуллаа.
Үүнийг авах гэж дэлгүүр орсон байх нь ээ.
Татгалзаж чадалгүй суудал дээрээ буцаж суухад түүнд ч бас эвгүй байгаа бололтой өөр тийш харсаар эсрэг талын сандал дээр очиж суулаа.
Нүүрээрээ турчихсан бололтой. Шанааны яс, хацарных нь яс илүү тод харагддаг болчхож. Түүнийг сүүлийн хэдэн сар ямархуу байсныг сайн мэдэхгүй юм, гэхдээ тийм ч сайн байгаагүй юм шиг байна.
"Энд юу хийж яваа юм? Найз охин чинь хуучин найз охинтойгоо цуг байгааг чинь харвал урам нь хугарна даа."
"Зураг авалттай байсан юм, бас бид хоёр салчихсан л даа...
Гэхдээ саллаа гээд ахиад чамтай нийлэх талаар ярих гэсэн юм биш шүү...
Би чамайг аз жаргалтай байлгаж чадахгүй юм шиг байна лээ."
Бүрэн итгэлтэй хэлдэг байсан үгээ одоо эргэлзээ дүүрэн үгүйсгэдэг болж.
"Чи бид хоёр адилхан байгаа нь асуудал гэсэн. Оноо нь адилхан бас алдаа нь ч адилхан.
Тийм болохоор би өөрөөсөө аль болох өөр хүнтэй харилцах гэж үзсэн. Үргэлж л чамд ханддаг шигээ хандах гэж, аашлах гэж үзээд, их хэцүү юм билээ.
Сонирхолтой байсан. Нэгнийхээ өөр тал болгоныг олоод, хорвоо ертөнц нь огт өөр хүнийг таньж мэдэх..."
Хуруу гараа оролдож, харц нь зөвхөн тийшээгээ л чиглэх аж. Над руу эгцлэхийг хүсэхгүй, аль эсвэл намайг эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ л ингэж байгаа байх.
Миний гарт бариулсан сүү нь зөөлнөөр гарыг минь бүлээцүүлэхийг мэдрэнгээ дээрээс нь нэг балгалаа. Дулаахан байна.
"Гэхдээ тэр хүнийг ойлгох их хэцүү. Яагаад тийм үйлдэл хийж, яаж тийм сэтгэл хөдлөл гаргаад байгааг нь аль эсвэл дотор нь юу болоод байгааг огтхон ч ойлгодоггүй.