-aeo
Том нүд, урт сормуусыг нь хуруугаараа зөөлөн арчиж өгөөд нүднийх нь гүн рүү, сэтгэлийнх нь гүн рүү ч өнгийхөөр оролдлоо. Түүний харц руу ширтэхэд яг өмнөх шигээ ойрхон, тайвшрам дулаахан мэдрэмж төрнө. Намайг сэтгэл санаагаар унах бүрд, юу хийхээ мэдэхгүй болох бүрд энэ л харцаараа тайвшруулдаг сан.
Миний дансанд орсон багахан мөнгөөр бид дэлгүүр орж даавуу, утас нэмж аваад, ойрын хэдэн хоногт хүрэлцэх будаа, далайн байцаа, багахан ногоо авлаа.
Тэхён надад хоол хийж өгөхийг хүссэн ч би өдөржин ядартлаа ажилласан түүнээр хоол хийлгэж чадсангүй.
Бидний хоолны ширээ гэр гэртээ иддэг байсан шиг, аль эсвэл ээжийн өгсөн хачиртай өмнөх ширээ шиг олон төрлийн хоолтой, хачиртай байсангүй. Ердөө л будаа, шөл, кимчи хэдэн төрлийн ногоотой байсан ч хооллож байсан бидний сэтгэл тийм хоосон биш, харин ч дүүрэн санагдаж байсан нь хачирхалтай.
Аяга тавгаа угааж дуусаад ороо засахаар очиход Тэхён аль хэдийн унтаад өгчээ. Том алаг нүднийх нь доор сааралтаж, арьсан дээр нь ядаргаанаас болж юм гарсан харагдана.
Засуулаагүй удсан, ердийнхөөс хавь урт харагдах үсийг нь зөөлөн оролдонгоо гарыг нь атгахад өмнө байснаасаа хамаагүй хуурайшсан, бас багахан эвэршиж хатуурсан санагдах аж.
Хэдий надад ядарсанаа харуулахыг хүсдэггүй, үргэлж инээмсэглэнгээ ярилцдаг ч гэлээ хэр их ядарч байгаа нь харахад л мэдэгдэнэ.
Түүнийг сэрээхгүйг хичээн алгуурхан хөдөлж хоёр гарт нь тос түрхэж өгөөд, дэр дэрлүүлж, хөнжил нөмрүүллээ.
"Сайхан амраарай."
***
- Ирж үлдсэн хувцсаа ав.
Хэдэн жилийн дараа ч юм ээжээс ирсэн зурвас энэ байх юм чинээ бодсонгүй.
Тэднийг буцаж ирэхэд манай гэр бүл намайг бага байхад байсан шиг халуун дулаан, аз жаргалтай байна гэж төсөөлсөн байтал бүх зүйл ийм дээрээ тулчих гэж.
Гэхдээ гэрээсээ яваад сар гаран, хоёр сар шахуу өнгөрсөн байхад тэгтлээ их үгүйлж, санагзалзсан ч үгүй.
Бага байхад минь хайраар дутаалгүй өсгөсөн ч гэлээ олон жил хол байсны эцэст тэд тийм ч ойрхон санагдахаа больсон бололтой. Байсан байгаагүй ялгаагүй л болчхож дээ.
Харин эгчийнхээ л тэр их эрч хүч, ажил дээр нь болсон хөгтэй зүйлсийн талаарх яриаг л үгүйлж байна. Түүний анх хэдэн удаа бичиж байсан гэрийнхний талаарх зурвасуудыг би бүгдийг нь уншсан ч хариу өгөөгүй учраас одоо бол бүр бичихээ ч больсон.