****
...Ким гэр бүлийн эдлэн болбоос асар уудам өргөн талбайг хамрах бөгөөд түүний нэгээхэн хэсгийг өндөр том харшийнх нь дэргэд байх ой эзэлдэг. Энд тэндхийн ой шиг том биш хэдий ч ойн өндөр, том модод бие биетэйгээ ойр ихэд шигүү ургасан тул сайн мэдэхгүй хүн тэр дороо төөрч орхидогоос гадна ид шидийн гэмээр зөвхөн ой дотор л байх манан улам толгойг нь эргүүлж буцаагаад харш руу чиглүүлэх нь олонтаа.
Тиймдээ ч өдийг хүртэл ганц ч охин Ким гэр бүлийн эдлэнгээс зугтааж чадаагүй бөгөөд зугтсан цор ганц нэгэн гэгдэх Крисийн дурлалт бүсгүй харшаас холдсон ч гэртээ эсэн мэнд очиж чадсан нь эргэлзээтэй.
Ким гэр бүлийн "бэрээ" сонгох сорилын сүүлийн бөгөөд шийдвэрлэх хэсэг энэхүү ой модон дунд явагддаг бөгөөд ойг нийтдээ 6 бүс болгон хуваадаг. Ойн төв цэгийг "Гол бүс" хэмээнэ. Тус хэсэгт ирээдүйн сүйт залуу бүсгүйгээ хайн төв цэгээс хааш хаашаа 300 метр орчим явж болдог ч түүнээс холдож болохооргүй хатуу дүрэмтэй. Ийнхүү явах зуураа ихэнх залуус дотроо бодож санасан ганц бүсгүйгээ хайж явдаг ч тэрэнтэйгээ бус өөр бүсгүйтэй таарлаа гээд эхнэрээ болгохоос татгалзаж болдоггүй. Нэгэнт л охидын нэгэнтэй таарсан бол тэрнийгээ орхиод хүссэн нэгнээ хайгаад явчихаж болохгүй, тэгээд л дууслаа гэсэн үг.
Үнэхээр таарсан охин нь сэтгэлд хүрэхгүй байгаа тохиолдолд тэрнээс татгалзаж, дараа жил ахин сорил явуулаад сүйт бүсгүйгээ сонгож болдог хэдий ч тэгсэн хүн Ким гэр бүл дунд өдий болтол гараагүй билээ. Тэрхүү "татгалзах арга" нь тэр охины амийг бүрэлгэх байдаг болохоор тэр биз.
Цаашлаад, харшийн хажуухан хэсэг буюу ой руу дөнгөж орох хэсгийг "тавдугаар бүс" гэгдэх бөгөөд өдийг хүртэлх сорилуудад хамгийн бага оноо авсан охин сорилоо эндээс буюу сүйт залуугаас хамгийн хол зайнаас эхлүүлдэг байна. Ийнхүү онооныхоо дарааллаар ойн бүс рүү ойртсоор, хамгийн өндөр оноо авсан буюу нэгдүгээр байранд буй охин сүйт залууд хамгийн ойр хэсгээс сорилыг эхлүүлнэ.
Мэдээж нэгт орсон охин урагш хар хурдаараа гүйсээр байгаад л хуримын даашинз өмсчих юм мэт санагдах ч аль байранд орсноосоо үл хамааран охид бүрт саад бэрхшээл нэгээр ч дутахгүй нэжгээд тохиодог байв.
Хамгийн түрүүнд, ой чамайг зөвхөн чигээрээ гүйхэд чинь хэзээ ч туслахгүй. Урагш явах замд чинь том хад асга, хоорондоо салаалан нийлж, зай завсаргүй ургасан модод тойрч явахаас өөр аргагүйд хүргэнэ. Ийнхүү саад бүрийг тойрч явсаар нэг л мэдэхэд өнөөх л арайхийн мултарч гарч ирсэн аймшгийн байшингаа хараад зогсож байсан тохиолдол ихэд гарна гээч.
YOU ARE READING
/Дууссан/ +He's a Monster 2+
Mystery / Thriller...Ямар нэгэн хурц үнэртэй ус бололтой зүйлийн үнэрээр ухаан орон нүдээ нээхэд огт танихгүй газар, огт танихгүй хүмүүтэй нүүр тулах нь тэр... "Сайн уу, Жунхи? Шинэ гэртээ тавтай морил...Намайг Ким Жүнхи гэдэг..." гэж урд минь зогсох урт хар үстэй б...