Амьдралынхаа хорин жилийг сурч өнгөрүүлсний эцэст дадлагын жилүүд маань дуусч, өнөөдрөөс эхлэн албан ёсоор эмч гэдэг нэр цолын дор ажиллахаар болов. Би хүсээгүй ч хийж чадсандаа бага ч атугай баяртай байлаа. Гэр бүлийн уламжлалаа дагах нь миний амьдарч байгаагийн шалтгаан, үүрэг гэж эцэг минь надад зааж сургасаар ирсэн. Харин одоо би тэдний сургаалыг дагахын тулд орноосоо өндийж байна.
Цаанаасаа л сэгсийж арзайгаад, хөвсийчихдөг хар үсээ хүн төрхөд нь оруулчхаад юу өмсөхөө бодон хэсэг зогсов. Эмнэлэгт очоод дүрэмт өмсөх учраас удаан ч бодсонгүй, наяад онд эд моодонд орж байсан томоос том нэвсгэр хилэн өмд, шоотой бор цамцтай хослуулж өмсөөд, хамгийн дээд талын шүүгээнээс аз дагуулдаг тод цэнхэр, дээрээ миний хаанаас ч олж чадаагүй цэцгэн хээтэй оймсоо өмсөөд, 1973 онд "Jarman" брэндийн хавар намрын цуглуулгадаа оруулсан гутлын хамгийн дэгжин цагааныг нь углан хүрмээ шүүрэн авав. Тэгээд бүх бараа 5000 вон гэдэг дэлгүүрийн булангаас олоод гуйн гуйн гурван зуун мянган воноор авсан хэдэн зууны өмнөх арьсан цүнхээ додигор гэг чинь барьж өрөөнөөсөө гарлаа.
"Өвөөгийнхөө хүрмийг тайл, Тэхён!" намайг доош буухад ээж дээрээс минь доош ажиж харснаа, ийн хэлэв.
"Бас 1800 онд хийгдсэн арьсан цүнх лав биш шүү! Чи Сөүлийн Их сургуулийн эмнэлэгт ажиллах гэж байна! Ийм хувцастай очвол лав чамайг хэн ч хүлээж авахгүй."
Би үүдний толинд өөрийгөө харан яг л далаад оны мануухай шиг харагдаж байгаагаа ойлгов. Гэхдээ хэнд хамаатай юм бэ?
"Хамаагүй ээ!"
Ээжийг дахин үг хэлж амжихаас нь өмнө гэрээсээ үсрэн гарч, гудамж даган алхлаа. Өвөө маань их том лагс биетэй хүн учир хүрэм надад яг л шуудай шиг харагдаж байх нь тэр. Өдгөө хорин нэгдүгээр зуунд хэн ч над шиг ийм хувцас өмсөхгүй. Гэхдээ одоо яалтай, надад таалагдаад байгаагаас хойш.
Эмнэлгийн үүдээр ормогц бүх хүний харж над дээр тусав. Гадаа уг нь хүйтэн байсан юмсан. Гэнэт л халуун газар ороод ирснээс болсон уу, эсвэл тэдний харцнаас ичсэн үү мэдэх юм алга. Хацар минь аймшигтай улайж байсан тул хурдхан шиг менежерийн өрөө рүү очиж, ирсэн гэдгээ дуулгав. Тэр ч мөн яг л ээжийн адилаар доороос минь дээш гүйлгэн харж толгой дохиод
"Гутал чинь их догь!" хэмээлээ.
Бид хамтдаа эмч нарын хурлын танхим руу орж, би үүдэнд үлдэв. Тэр индэр дээр зогсон ажлын үзүүлэлт, мөн ойрын үед хийгдэх яаралтай хагалгаануудад байгаа асуудлуудыг хэлэлцэж, эцэст нь шинээр ажилд орж байгаа миний талаар дуулгав.
"Сөүлийн их сургуулийн хүний их эмчийн ангийг онц дүнтэй төгссөн Ким Тэхён. Идэвхи санаачилга сайтай хүүхэд болохоор тусалж дэмжиж байгаарай."
Түүний ярьж дуусмагц би танхим руу орж индрийн хажууд зогсоод чангаар өөрийгөө танилцуулан бөхийв. Эвэртэй туулай харсан аятай цочирдом харцнууд, ухаан санаа нь балартсан сулхан алга ташилт.
"Яг манай өвөө шиг..." хамгийн урд сууж буй эмнэлгийн захирал эрхгүй ам алдан, миний хувцас руу удтал ширтэх нь тэр. Эвгүй байдлаас эвлэгхэн гарахын тулд дахин дахин бөхийгөөд, сайн ажиллахаа амлав.
"Тэгэхээр Ким Тэхёнд даалгах өвчтөн юу билээ?"
"Зүрх судасны хоёрдугаар тасагт шинээр нэг хүү ирсэн. Хоёр хөл нь мэдээгүй болоод, шинжилгээгээр сахар нь их өндөр гарсан. Тэр хүүг өгвөл ямар вэ?"
Эмч, эрхлэгч нар бүгд толгой дохин дэмжиж, зүрх судасны тасгийн эмч нар гурав гурваараа нэг өрөөнд суудгийг тайлбарлан, өрөөг минь зааж өгөв. Би өрөөндөө Намжүүн болон Хусог гэх хоёр залуутай суух бөгөөд долоо хоногт нэг удаа ээлжинд гарах ажээ.
Ээжийн хэлдэг 1800 оны хар цүнхнээсээ дүрэмт болон халаадаа гарган сольж өмсөөд, дээврийн өрөөнөөс олсон аавын цагаан, палибгар хошуутай гутлыг углав. Нарийхан хүрээтэй алтлаг тэгш өнцөгт хэлбэрийн шилээ зүүж, өвчтөний түүхийг барин долоон давхрын тусгай өрөө рүү орлоо.
"Өглөөний мэнд, Жон Жонгүг мөн үү?"
"Тийм ээ, та түрүүн доор байсан том хүрэмтэй залуу байх шив дээ."
Тэр тэргэнцрээ хойш эргүүлэн намайг хараад ийн хэлэх нь тэр.
"Мөн мөн."
"Таныг эмнэлгээр нэг ярьж байна лээ."
Түүний эрүү хэсэгт өрвийсөн хэдэн сахал байх агаад, нүд нь үл мэдэг цуцжээ. Эмийн үнэр биеэс нь илт ханхалж, ядарсан харагдана. Даралт болон зүрхний цохилтыг нь шалгаад ямар зовиур байгааг тодруулахаар ам нээв.
"Хөл нь бадайрч байгаа юм шиг санагдаж байна уу?"
"Манай аав л далаад онд ийм гутал өмсөх байсан байх?"
Жонгүг гээч миний үгийг үл тоон гутал руу минь заагаад
"Онцгой юм." хэмээн нэмж хэлэх нь тэр.
|Шинэхэн бичвэрээрээ уулзаж байгаадаа таатай байна. Хэрэгтэй зүйлс өчнөөн гарах учраас хайрлаж өгөөрэй.
YOU ARE READING
•Love Yourself•||Taekook/Completed/
ContoАмьдрал чамд хангалттай, магадгүй түүнээс ч ихийг өгсөн. Ирж буй боломж бүрийг ашигла, хүн гэдгээ мэдэр! Өөрийгөө хайрла! started:200627