Маргааш өглөө нь намайг сэрэхэд энгийн л нэг өдөр угтав. Энд ирснээс хойш миний ухаарсан зүйл бол хүний амьдралын хамгийн чухал зүйл мөнгө биш. Би өглөө бүр хөх ордон шиг газар нүдээ нээж байна. Бүх зүйл нь үнэтэй чамин тансаг. Хэзээ ч дуудахад бэлэн байх хэдэн арван хүмүүс энд ажилладаг. Өглөө, орой эсвэл миний хүссэн цагт чадварлаг тогооч нар бал бурам мэт амттай хоол хийж өгнө.
Гэхдээ яг одоо миний хүсэж байгаа зүйл бол жижигхэн давчуу өрөөнд байсан ч хамаагүй, амтгүй давсгүй хоол байсан ч хамаагүй халуун дулаан уур амьсгалыг хүсэж байна. Хүмүүсийн хамтдаа байх халуун дулаан, хөгжилтэй дотно байдалд идэж буй хоол амттай болдог гэдгийг би ойлгосон. Хичнээн амттай оройн зоог байсан ч гэсэн хоол хоолойгоор давахгүй үе байдаг юм. Учир нь урт ширээнд дээр өрсөн олон хоолнуудын хажуудах сандал нь хоосон болохоор тэр...
Зурагтын суваг эргүүлээд сууж байх хооронд саяхнаас нэрийг нь мэдэж авсан У туслах нэг тийш явж байлаа. У туслах бол энэ гэрийн бүх зүйлийг хариуцсан, Тэхёнтой олон жил хамт байгаа хүмүүсийн нэг. Гэхдээ тэр шаардлагагүй бол нэг их дугардаггүй. Энд байгаа ажилчид нь хүртэл шилэн хоргонд хоригдсон мэт хоорондоо ч олигтой ярихгүй өөр өөрсдийнхөө ажлыг хийдэг. Өглөө оройдоо цуглаж ажлын төлөвлөгөө мэтийн зүйлс хаа нэг ярьж байгаа харагдана. Тэхён ихэнхдээ У туслах гэж дууддаг ч, энд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол тэр У ахлах.
У ахлах энэ тэрүүгээр явж байснаа өөрийнх нь талаар бодож байсныг мэдсэн мэт миний хажууд ирээд зогсчихов. "Яасан?" гэж асуухад тэр, "Ямар нэгэн зүйл хэрэгтэй юу? Ноёнтоон" гэлээ.
"Үгүй ээ надад юу хэрэг болох ёстой гэж?"
"Би зүгээр л... Танд жаахан санаа зовоод л асуусан юм. Үнэндээ та сүүлийн үед нэг л өөр байгаа болохоор л...анх энд ирснээсээ огт өөр хүн болчихсон юм шиг санагдаад байна." гэж хэлэхэд нь би гайхан түүнийг ширтээд, "Юу? юу гэсэн үг юм?" гээд асуулаа. "Их л чимээгүй болчихож... Эзэнтэн завгүй байгаа болохоор та ийм байгаа хэрэг үү? Удахгүй түүний ажилд түр ч гэсэн зав гарах байх"
Би бага зэрэг инээд алдаад энэ бүхнийг Тэхёнийг эзгүй байгаагаас болсон гэж бодсон У ахлахад хандан, "Энэ бүхэн түүнээс болоогүй ээ. Яахав түүнээс болсон л доо. Гэхдээ гэртээ ирэхгүй завгүй байгаад нь би гуниглаагүй. Зүгээр л гэрийнх нь харуул хийхээс залахаад тэр л дээ. Чи намайг харж байгаа биз дээ? Би өдөржин л энд уйдаж үхэхийн наагуур байдаг. Надад ядаж л хийх ёстой зүйл хэрэгтэй байна" гэхэд тэр, "Та сайн зурдаг шүү дээ"