"Хүлээж бай. Би бага зэрэг сандраад байна." Тэхён над руу гайхаж хараад, "Юунд нь сандраад байгаа юм бэ? Зүгээр л хамтдаа орцгооё" гэснээ миний гараас атгаад машинаасаа буулгаллаа. Миний төсөөлж байснаас илүү том барилга, их хүн биднийг тосож авав. "Сайн байна уу захирлаа?" хажуугаар өнгөрсөн хүн болгон бидэнд бөхийн мэндэлнэ. Өөрөөс минь олон насаар ах эгч хүмүүс намайг хүндлэн бөхийн мэндлэхэд нь зүгээр хажуугаар нь өнгөрчихөж чадсангүй. Иймэрхүү зүйл дасаагүй болохоор надад их л эвгүй санагдав.
Тэхён цахилгаан шатанд суучихаад, "Заавал хүн бүрт хариу хэлэх албагүй шүү" гэв. Түүний хувьд аль хэдийн дассан нөхцөл байдал тул хүмүүс дунд огтхон ч сандралгүйгээр өөртөө итгэлтэйгээр намайг хөтлөн явсан юм. Бид гэрлэснээсээ хойш нээлттэй байх гэж хичээсэн. Бүр камерын өмнө үнсэлцэж байсан удаатай. Гэтэл хүмүүс одоог хүртэл биднийг сонирхдог хэвээрээ. Өнөөдөр Тэхёний компани дээр хамтдаа ирнэ гэдгийг хаанаас мэдснийг нь мэдэхгүй ч урд хаалган дээр сэтгүүлчид цуглачихсан байсан. Олны дунд бид одоог хүртэл халуухан сэдэв хэвээрээ бололтой.
Тэр надад өөрийнхөө өрөөг танилцууллаа. Өрөө нь цэлгэр саруулхан тухтай сайхан харагдаж байсан ч, хамгийн ихээр намайг гайхшируулсан зүйл бол гэрт байдаг шиг бидний хуримын зураг түүний өрөөнд томоор өлгөөстэй байв. "Энэ яагаад энд байгаа юм бэ?" Урьд өмнө нь хуримынхаа зургийг ажил дээрээ өлгөсөн хүн харж байгаагүй юм байна. Тэр нэг их тоолгүй "Зүгээр л би хүссэн болохоор бидний зураг энд байна" гээд ширээнийхээ ард очиж суулаа. Харин надад энд орж ирсэн хүн бүр бид хоёрын үнсэлцэж байгаа зургийг харна гэдэг эвгүй санагдав. "Сонин л юм"
"Чи түр хүлээж байгаарай. Би энд бага зэрэг бичиг баримттай танилцах хэрэгтэй байна. Хүсвэл компаний бусад хэсгээр явж болно"
"Зүгээр дээ. Би хүлээж байя" Буйдан дээр суугаад түүнийг хүлээнгээ утсаа оролдов. Бидний талаар мэдээ аль хэдийн интернетэд шуугиан тарьсан байлаа. Тэгэж байгаад Тэхён руу хартал тэр ажлаа хурдан амжуулахыг хичээж байгаа бололтой намайг өөрийг нь ширтэж байгааг анзаарсан ч үгүй. Тэр үнэхээр догь харагдаж байсан болохоор чимээгүйхэн нууцаар зургийг нь авав. Ажиллаж байхдаа ямар харагддаг гэдгийг нь хадгалж авах хэрэгтэй шүү дээ. Түүний хүлээгээд юу ч хийлгүй удаан суух нь бага зэрэг уйтгартай санагдсан болохоор өрөөгөөр нь тойрч алхан, цонхоор нь гаднахыг ширтэн зогслоо. Өндөр дээрээс доошоо харахдаа Тэхёнийг ийм мэдрэмж авдаг байхдаа хэмээн бодно. Тэр маш амжилттай яваа залуу. Оргилд нь гарсан ч гэж хэлж болно. Өмнө нь би түүнийг баян тэнэг амьтан гэж боддог байлаа. Гэтэл түүнийг илүү ихээр мэддэг болох тусам тэр энэ өндөрлөгт зүгээр сууж байгаад хүрээгүйг ойлгосон. Шаргуу ажиллаж, зүтгэж алдаж онож өдийг хүрсэн түүнийг харахаар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөх шиг болдог болсон.
Бид нэг нэгийгээ одоо л таниж мэдэж эхлэж байх шиг байна. "Жонгүг? Намайг сонсож байна уу?Юуг ингэтлээ нухацтай бодоод зогсчихов оо?"
"Аан юу ч биш дээ" гэхэд тэр, "Наашаа хүрээд ирээч" гэв. Хэлснээр нь хажууд нь очиж зогсоод, "Яасан? Ажлаа хийгээд дуусчихсан юм уу? Би зүгээр ээ. Санаа зоволтгүй тайван ажлаа хий" гэтэл Тэхён гараараа дохин, "Наашаа ойрт доо" гэлээ.
Бага зэрэг ойртоод гайхсаар түүн рүү хартал тэр инээгээд, "Чи ямар царайлаг харагдаж байгаагаа мэдэх үү? Болдог бол өдөр бүр чамайг ажил дээрээ дагуулж ирээд, хүссэн цагтаа харах юм сан" миний нүүр улайгаад эхэлсэн тул, "Битгий намайг ичээгээд бай" гэж хэлэхэд Тэхён босож ирээд, намайг үнслээ. Гэтэл гэнэт хаалга тогшив. Сандарсандаа шуудхан түүнийг өөрөөсөө түлхэн, гүйсээр саяхан сууж байсан буйдан дээрээ очиж суулаа. "За ор" гэхэд хэн нэгэн ажилтан орж ирээд санхүүгийн тайлан тооцоог ярьж удаан зогссоныхоо дараа гарч явав. "Явцгаах уу?"
"Хаашаа?"
"Болзоцгооё" энгийн хосуудын болзохдоо хийдэг зүйлсийг хийн өдөржин түүнтэй хамт явлаа. Кино үзэх, амттай хоол идэх гэх мэт энгийн зүйлсийг би өмнө нь өөр хэн нэгэнтэй хийж байсан атлаа өнөөдөр анхных мэт догдлож, сандарсан нь хачин. Бидний энгийн мэт хэрнээ шинэлэг сонин мэдрэмж түрүүлсэн болзоо зургийн үзэсгэлэн үзсэний дараа дууслаа. Хэн хэнийхээ сонирхдог зүйлсийг хүндлэдэг ойлгодог болчихсон учраас хүчиллэх шаардлага гараагүй. Үнэндээ сүүлийн үед Тэхёнтой ярилцахгүйгээр ойлголцоод байдаг болчихсон мэт санагддаг болсон.
...Тэр зальтай залуу аль хэдийнээ миний зүрхэнд томоос том өөрийнхөө орон зайг бий болгочихсон.
...