Хэрвээ би түүнтэй учраагүй сэн бол...
Хэрвээ би түүнээр хайрлагдаагүй сэн бол...
Хэрвээ би түүнийг хайрлаагүй сэн бол...
Хэрвээ би түүнд мэдрэмжээ нээгээгүй сэн бол...
Хэрвээ би түүнд итгээгүй сэн бол...
Энэ бүх өвдөлт ирэх байсан болов уу?
- : -
Нэгэн эмнэлгийн арын хашаанд томоохон цэцэрлэг байх агаад тэнд дөнгөж арван зургаан нас хүрч байгаа болов уу гэлтэй охин салхины аясаар бүжиглэж байх харагдана. Тэрээр нэлээдгүй томдсон эмнэлгийн хувцас доогуур балетын шаахай өмссөн байгаа нь эв хавгүй хэдий ч түүнийг үзэсгэлэнтэй харагдуулж байлаа. Ая ч үгүй, хүн ч үгүй энэхүү цэцэрлэгт охин яг л дуурийн театрын тайзан дээр бүжиж буй мэт эрх дураараа байгаа нь холоос харсан хэний ч сэтгэлийг булаамаар.
"Анна, бурхан минь чи энд байж ээ?" охиныг хариуцсан сувилагч бололтой бүсгүй түүний дэргэд гүйхээрээ ирэн зогсохдоо давхцаж буй амьсгалаа дарахыг хичээн цээжин тушаа баруун гараараа цохисоор ингэж хэлэхэд охин бүсгүйн зүг хараад хөнгөхөн инээмсэглэв.
Гагцхүү бүжиж буй нь л үзэсгэлэнтэй бус түүний инээмсэглэл хийгээд удаанаар ширтэх гүн бор нүд нь хүртэл дэндүү үзэсгэлэнтэй байх ажээ. Тэр яг л бурхны хэдэн мянган жил бүх зүйлээ зориулан зурсан уран зураг гэлтэй. Магадгүй тэр түүнээс ч үзэсгэлэнтэй урлагийн бүтээл биз.
Сувилагч бүсгүй охины хоёр гараас атгаад шаахай өмссөн хөлөөс нь эхлээд толгойн орой хүртэл нь анхааралтай гэгч нь гүйлгэн харснаа "Анна бүжиглэж болохгүй гэдгээ мартчихсан хэрэг үү? Бурхан минь, ахиад бэртсэн бол яах юм?" гэж хөмсгөө зангидан хэлсэн ч хоолой нь тийм ч их уурлаагүй бололтой намуухан сонсогдож байлаа.
Анна нүүрэндээ огтхон ч хувирал гаргалгүй аанай л инээмсэглэсэн хэвээр бүсгүй рүү ширтэхдээ "Би гэмтэхгүй дээ. Харин бүжиглэхгүй л бол энэ шаахайг өмсөхгүй л бол үхчхэж магадгүй байна" гэж инээмсэглэлээ улам тодруулсаар хэлэхэд бүсгүй Аннагийн өмнө өвдөглөн суугаад шаахайгаа тайл гэх шиг гараараа дохив. Аннагийн эгэл даруухан инээмсэглэл нь хормын дотор ул мөргүй алга болж эгээ л дотнын хүнээ алдчихсан гэмээр хүндээр санаа алдаж, гүн бор нүдэндээ хачин их гуниг хураасаар шаахайгаа гомдолтой гэгч нь тайлж байх нь тэр.
"Ахиж бүжиглэхгүй, намайг ойлгов уу Анна?" сувилагч бүсгүйн хөмсгөө зангидан байж хэлсэн үгсийн хариуд Анна хүндээр санаа алдсан ч толгойгоо дохин хариулах аж. Анна саяхан л өөрийнхөө хамгийн ихээр хайрладаг шаахайгаа хөлдөө углаад энэ дэлхийг гартаа атгачихсан гэлтэй инээмсэглэн бүжиж байсан бол хэдхэн минутын дотор л эмнэлгийн дөрвөн хананы дунд байрлах орон дээрээ хэвтэж байх үзэгдэнэ.
Тэр үзэсгэлэнт нүдээ гунигаар хучиж, үзэсгэлэнт инээмсэглэлээ бүжиж байсан үедээ хадан үлдээжээ. Хэдий балчир жаахан охин биш ч гэлээ түүний сэтгэлд өсөж амжаагүй гэнэн томоогүй хүүхдийн зан үргэлж оршиж байсан гэлтэй цонхоор ширтэх бүрдээ тэр үе үе инээд алдаж байснаа өөрийнх нь шаахайг өршөөлгүйгээр аваад явсан сувилагч бүсгүйг бодох төдийд нүдийг нь гуниг бүрхээд авна. Сэвтэж амжаагүй сэтгэл гэдэг хэн ч хүрээгүй цагаан цаас шиг ийм л байдаг аж.
"Үнэхээр тэсэхгүй нь" Анна үүр цайхын алдад босон эмчилгээний тавцан дээр байх лентийг аван хөлөө яг л балетын шаахай өмссөн мэт бэхлэн боогоод гадагш гарахаар зэхэв. Түүний оролдлого бүтэлгүйтээгүй гэдгийг яг одоо эмнэлгийн арын хашаанд байгаа түүнийг хараад мэдэж болохоор.
Өглөөний дөрвөн цаг гучин таван минут. Нойргүй хонох хэмжээний тэр бүжигт тийм ихээр хайртай гэдгийг нь яг одоо хийж буй үйлдэл бүр нь хэлээд өгөх шиг болно.
Тэр бүжигт хайртай. Магадгүй хайртайгаас ч илүү. Бүжиж байхдаа мэдэрдэг мэдрэмж бүхнээ тэр хайрладаг. Түүнийг өвтгөсөн ч тэр гэмтсэн ч бүжсээр л байх болно. Бүжиг түүнийг орхих хүртэл, тэр бүжгийг орхихгүй.
Харин тэр бүжгээ бүжиглэж байхдаа үзэсгэлэнтэй харагддаг. Магадгүй дан ганц үзэсгэлэнтэй гэдэг үг түүний гоо үзэсгэлэнгийн сөөмхөнийг нь ч атугай илэрхийлж чадахгүй биз. Гэхдээ түүнд тохирох ганц л үг. Тэр үзэсгэлэнтэй. Тэгээд л болоо.
"Балет ийм үзэсгэлэнтэй гэж мэдсэнгүй" дөнгөж хорь гарч байгаа гэлтэй шингэхэн хоолойтой залуу эмнэлгийн хувцастай бүжиглэх Аннаг хэдэн метрийн цаанаас удтал ширтсэнийхээ эцэст ингэж хэлээд өмсөж явсан хар өнгийн хослолынхоо халаасанд гараа хийх нь тэр.
Түүнд хар өнгийн хослол сайхан зохижээ. Хослолтойгоо хослуулан өмссөн зангиа нь хүртэл түүнд л зориулагдсан мэт дэндүү сайхан зохиж. Залуу өтгөн хар хөмсгөө үл ялиг зангидан Аннагийн хөдөлгөөн бүрийг нүд цавчилгүй ширтэж байхдаа инээмсэглэж байв. Тэгээд тэр Аннагийн хэр үзэсгэлэнтэй байгааг өөртөө шивнэн хэлсэн юм.
"Хараал идсэн үзэсгэлэнтэй юм, тэр охин"
Залуу зангидаж байсан хөмсгөө тэнийлгэн сүүлчийн өгүүлбэрээ хэлснийхээ дараа хэсэг чимээгүй зогсож байснаа "Тэр жаахан юм" хэмээн ахиад л зөөлхнөөр шивнэн хэлэв.
Тэр ахиад хөмсгөө зангидах мөчдөө үл ялиг инээвхийлээд хэлж байх нь сонсогдоно.
"Гэхдээ би түүнийг зөвхөн өөрийнхөө төлөө бүжиглүүлэх болно" гэж.
YOU ARE READING
Le Smeraldo
RomanceХол юм уу гэхэд гүйгээд очиж болохоор тийм ойрхон. Ойрхон юм уу гэхэд хүрж чадамгүй тийм хол... Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдана гэдгийг анхаараарай.