- : -
"Салцгаая" хэдэн цагийн турш маргалдсан бололтой амьсгал нь түргэсэн цээж нь хүнхэлзэх хосуудын нэг нь шал ширтсээр ингэж хэлэхэд түүний өөдөөс харан нүцгэн биен дээрээ нимгэн халаад тохсон бүсгүй хэдэн цагийн дотор болсон бүх зүйлийг толгой дотроо хэдхэн секундийн дотор эхнээс нь авхуулаад бүгдийг нь бодон зогсохдоо энэ үгийг сонсохоор юу хийснээ өнгөрсөн арван жилийн амьдралаасаа нэхэн хөөв.
Түүнийг л хайрласан байх юм, өнгөрсөн арван жилийн хугацаанд. Нэг ч хором нэг ч секунд алгасалгүй.
Бүсгүй өөрөөс нь таван алхмын зайд зогсох залуу руу удтал ширтсэнийхээ эцэст аяархан нэрийг нь дуудахад залуу түүн рүү тийм гэхийн аргагүй харцаар ширтээд аргадан гуйсан юм.
"Хэвон уучлаарай, одоо үнэхээр больцгооё тэгэх үү?"
Бүсгүй энэ л үгний өмнө хэчнээн сул дорой нэгэн болж буйгаа мэдрэх мөчдөө хамаг биеэ хумин, тэр л хүний аргадаж гуйсан харцыг харчих юм бол хэлсэн бүгдийг нь хүлцэнгүй хүлээж авна гэдгээ мэдэж байсан учраас харцаа буруулан шал ширтээд "Хүсэхгүй байна" хэмээн хоолойгоо чичгэнүүлэн хэлэв.
Чимээ аниргүй. Бүсгүй өөрийг нь тэврээд авна гэсэн итгэлээр доош харсаар зогсож байхад залуу түүнд хүрэх нь байтугай аргадсан ч үгүй. Аргагүй шүү дээ, хайр нь хөрөөд амьсгал нь өөр нэгнийх болчихсон юм чинь.
Арван минут хэн нь ч амнаасаа үг унагалгүй чимээгүй зогссоны эцэст залуу хүнд гэгч нь санаа алдчихаад "Зүгээр л больцгооё. Юу ч үлдсэнгүй шүү дээ. Бидэнд бид гээд байх юу ч үлдсэнгүй" гэхэд бүсгүй түүн рүү гомдолтой гэгч нь эгцлэн харахдаа "Чи л бидэнд байгаа бүхнийг олж харахгүй байгаа нэгэн нь шүү дээ" гэж хэлэхэд нь тас хар нүдийг нь нулимс гээч зүйл бүрхээд авсан байв.
Хэзээ уйллаа даа, хэзээ энэ нулимс гэдэг зүйлийг нүднээсээ унагалаа. Ер санахгүй юм.
"Салцгаая гэж байна Хэвон" эхэндээ аргадаж, дараа нь гуйсан бол одоо залуу бүсгүйгээс шаардах аж. Өөрийг нь орхиод явахыг, хайрлахаа болихыг нь. Яаж ийм амархан байх юм. Арван жил хайрласан байхад. Амьдралынхаа арван жилийг өөрт нь зориулж, өөрийг нь л хайрлаж амьдарсан байхад.
Бүсгүйн зүрхэн дотор өнгөрсөн арван жилийнх нь амьдрал кино аятай тоглогдож эхлэхэд тэр уруулаа чичгэнүүлэн байж түүний хайрын хэлтэрхийг гуйсан юм. "Хайрт минь гуйя. Чи надад хайртайг би мэднэ. Бид ахиад жоохон л хичээвэл..."
YOU ARE READING
Le Smeraldo
RomanceХол юм уу гэхэд гүйгээд очиж болохоор тийм ойрхон. Ойрхон юм уу гэхэд хүрж чадамгүй тийм хол... Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдана гэдгийг анхаараарай.