Хаа сайгүй нүд гялбам ам ангайлгасан гоёмсог зүйлсээр дүүрэн том харшид ирлээ. Аргагүй л баян хүмүүсийн үдэшлэг гэсэн дээ өөр юмаа. Ширээн дээрх хоол унд уух зүйлсээс авхуулаад ганц аяга нь л гэхэд хэдэн саяын үнэтэй архи дарс. Энэ танхимд байгаа хэдэн арван хүмүүс бүгд бие биеэ таньдаг мэт тэврэлдэн бие биеэ үнсэн мэндэлнэ. Яг л үнсгэлжингийн үлгэр дотор байгаа мэт тэр мэдрэмж надад мэдрэгдэж байлаа. Гадаад төрхөөрөө тэднээс ялгарахгүй ганган болсон ч гэсэн дотоод хүн минь нөгөө л нэг энгийн эгэл бор амьдрал дунд хүмүүжсэн залуу бүсгүй хэвээр.
Хүн бүр л Жуниныг таньдаг бололтой холоос ирж мэндэлнэ. Зарим нэг эрчүүд нь намайг сайхан байгааг хэлэн магтаал унагаах үед өөрийн эрхгүй ичмээр санагдана. Бүх хүмүүс нь найрсаг сайхан юм шиг хирнээ цаана л нэг хөндий хуурамч уур амьсгал. Миний хувьд гоё тансгийг нь мэдрэхээс илүүтэй хурдан дуусгаад харих юмсан гэсэн бодол л толгойд минь эргэлдэж байлаа. Ядаж байхад Жунин ч надтай ярих бүжиглэх зав байхгүй янз бүрийн хүмүүстэй ажил ярин зогсоно.
Зурагтаар эсвэл кино дэлгэцээс хардаг байсан дээд зэрэглэлийн үдэшлэг яг бодит байдал дээрээ үнэхээр уйтгартай тэнэг юм. Ядаж надад таньдаг ганц хоёр хүн байсан бол бас өөр л байх гэвч надаас зиндаа дээгүүр хүмүүсийг яалтай билээ. Өөрийн үеийн залуухан бүсгүйчүүд дээр очин танилцах гэхээр бүгд л эд хөрөнгө үнэ мөнгөө гайхуулсан бүсгүйчүүд байх юм, яриа ч нийлэхгүй бололтой.
Нэлээд чухал бололтой хэдэн хүмүүстэй Жунин юм ярьсаар намайг түр орхилоо. Би ч түүнийг ажиллаа хийж байхад нь саад болоод яах вэ гэж бодоод цэлгэр том тагтан дээр агаар амьсгалан зогсож байтал "хөөх энэ ганган бүсгүй чинь хэн бэ?? өмнө нь харж байгаагүй хээнцэр амьтан байх чинь, ямар настангийн амраг вэ?" гэх дургүй хүргэж хоолой сонсогдлоо.
Надад таних хүн байхгүй болохоор ямар мэдрэл муутай хүн нь танихгүй хүнээ ингэж доромжилдог байна аа гэж бодон эргээд хартал үнэт эдлэл гялалзуулсан гурван авгай зогсож байв.
Би "та нар хэн бэ?, бас сая миний тухай яриад байсан уу?" гэж асуухад голд нь зогсож байсан богино үстэй өндөр эмэгтэй "тийм ээ, шинэ хүн байхаар нь танилцах санаатай л ирлээ" гэж хэлээд намайг дээрээс доош гүйлгэн хэдэнтээ харлаа.
Хажууд нь байх махлаг дуу эмэгтэй нь "өмсөж зүүсэн нь дээд зэрэглэл юм гээч, хэний бяцхан шувуухай вэ?"
Нөгөө талд нь зогсох хэтэрхий туранхай жижигхэн биетэй эмэгтэй "аль эсвэл хэн нэгний анхаарлыг татах гэж бүх мөнгөөрөө даашинз, үнэт эдлэл түрээсэлсэн юм уу?" гэж маягтай нь аргагүй инээлээ. Нөгөө хоёр бүсгүй нь ч бас амаа даран тас тас хөхрөөд "нээрээ тийм байж болох юм байна шүү, одоо цагд энэ охин шиг залуу охид баячуудын үдэшлэг хэсэж эвээн тэтгэгч олж авдаг болсон гэсэн"