Beomgyu's POV
"Нэгдүгээр байр, Кан Тэхён. Баяр хүргэе!"
Ангийн багш дүнгийн жагсаалтыг танилцуулсаар хагийн сүүлд ийн дурдахад хажууд минь суух улаан үст чимээгүйхэн боссоор багшаас дүнгийн хуудсаа авах аж.
Зарим хүүхдүүдийн хэдэн сарын хөдөлмөрийг тоох ч үгүй уландаа гишгэсэн атлаа тэр баярлах ч үгүй, гуних ч үгүй юм. Төвийг сахисан энэ зан нь хэдий сонирхол татах ч хааяа үнэхээрийн гаж.
Үргэлжид л гар дээрээ юу ч юм зуран, хүйтэн хөндий байдлаараа бусдыг өөрөөсөө түлхдэг тэр яаж яваад сургуулийн шилдэг сурагч болчихсоныг мэдэх юм алга.
Тэр мэдсэн ч мэдээгүй мэт жүжиглэн, харсан ч хараагүй мэт өнгөрч сонссон ч сонсоогүй мэт зөрдөг.
Араас нь гүйх олон охидыг, бэлгийн чиг баримжаагаа түүнээс болж дахин бодолцох хөвгүүдийг ч, төгс байдалд нь бөхөлзөн тал засах багш нарыг, зөвхөн түүнд л харуулсан миний гуниг дагуулах нулимсыг ч тэр.
Түүний тухай бодол болох байтугай харцаа ч чиглүүлж байгаагүй би гэнэт л түүнийг сонирхоод эхлэх юм.
Кан Тэхён. Түүний нэр надад хар бэх, хүйтэн харц хоёрыг л санагдуулах аж.
Тэр энэ булбарай харагдах ч судас нь товойж зангирсан хүйтэн гар дээрээ юуг тэгтэл нь нухацтай зурдаг юм бол?
Байнга л ширтэн суудаг тэнгэрийг үү? Өнөөдөр ч бас нараа нуух үүлсийг үү? Өдөржин шаагих бороон дуслыг уу?
Мэдэхгүй юм. Түүний гарыг үзэгний бэхээр дүүрэн гэдгийг мэдэхээс биш ойроос нэг ч удаа ажиж байгаагүй шүү дээ.
Энэ үнэхээр тэвчээр шалгам. Хэтэрхий сониуч зантай надад хүлээж тэвчишгүй хатуу сорилт ч өдийг хүртэл тэвчсэн хязгаар минь өнөөдөр л тасарчих аятай санагдана.
Гэхдээ бодол минь биеллээ олж, өөрт тогтоосон хязгаараа би өөрөө давсан юм. Үр дагаврыг нь ч бодож үзэлгүй.
Түүний надад хариулт өгөх магадлал магадгүй гурав, үгүй ээ хоёр хувь юм байна. Тэгээд л би энэ хоёр хувьд найдан байхдаа асуучихсан.
"Чи яагаад үргэлж гар дээрээ зурж байдаг юм?"
Багш ангийг орхисон даруй үүнийг л хүлээж байсан мэтээр асуусанд тэр миний шаналал дүүрэн нүдийг үзсэн шигээ нааш удаанаар ширтэв. Ямар ч хувиралгүй, чимээгүй бас хөндий.
Дараа нь тэр хөмсөг зангидан "Тэгвэл чи яагаад үргэлж инээж байдаг юм?" хэмээв.
Өөрийн мэдэлгүй дээш өргөгдөх уруулыг минь тасралтгүй ширтсэн тэр энэ удаад нүд лүү минь эгцлэн асуусаар харцаа буруулах аж.
Асуултынхаа хариуд асуулт авсан ч биелчихсэн тэр хоёр хувийг санахдаа би илүү томоор инээмсэглэв.
"Мэдэхгүй ээ, нэг л мэдэхэд би инээчихсэн байдаг юм. Энэ чин сэтгэлийнх биш ч сэтгэлд амар санагддаг"
Анх удаа л байх. Түүнтэй нэг ширээнд суугаад сар гаруй хугацаа өнгөрсөн ч бид анх удаа л ярилцаж байгаа нь энэ. Гэхдээ энэ зөвхөн миний хувьд.
Харин тэр зүгээр л хариулж бас үл тоож байна. Түүний ярианы өнгөнд ямар ч сэтгэл хөдлөл алга.
"Би ч бас үүнтэй чинь адилхан. Нэг л мэдэхэд гар дээрээ зурчихсан байдаг. Энэ хэдий ярвигтай ч сонирхол татдаг юм"
Тэхён гар дээрээ дахин юу ч юм нэмж зурахдаа надад ийн хэлсээр санаа алдав.
"Гэхдээ энэ миний бүхэл өдрийн өгүүлэмж, сэтгэлд минь хүрсэн үзэгдэл"
Тэр хэсэг чимээгүй суусны эцэст нам дуугаар өгүүлсээр ширээн дээр байсан гарыг минь атган өөр лүүгээ ойртуулах аж.
Шинэлэг хийгээд сэтгэл догдлом мэдрэмж биеэр минь гүйж үргэлжид тайван байдаг зүрх минь хаашаа ч юм тэмүүлж эхлэв.
Сандарсандаа салгалах гараа түүнд үзүүлэхгүй гэсэндээ татах гэсэнд тэр түр хүлээхийг сануулан гар дээр минь өнөөх хар үзгээрээ ямар нэгэн зүйл нухацтай нь аргагүй бичнэ.
Хийж буй зүйлээ нуух мэт биеэрээ хаачихсан тэр "Болчихлоо" хэмээн дуугарсаар дээш өндийв.
Үүний дараагаар 'Кан Тэхён' гэх нэр гар дээр минь үзэгдсээр үүний утгыг ойлгож ядан байхад түүний өнөөх гүн хоолой дахин дуулдах аж.
"Ганцаардмал, хоосон нэгний итгэл даасан учир хар бэх уустал санаж явна биз"
Тэхён учир нь ойлгогдохгүй хэдэн үгс тоомжиргүй урсгачхаад ангийг орхих бол би түүний өнөөх сэтгэлийн илэрхийлэмж дундаас нь шаналалтай нэгний нулимс дүүрэн нүдийг олж харсаар үлдсэн юм.
Түүний ертөнц дэндүү нууцлаг.
CZYTASZ
RAIN COLOR |Completed|
Krótkie OpowiadaniaБидний мэдэх ганц зүйл. Нартай борооны дараах солонго арилдаг. Яг л бид шиг. Бидний дурсамж шиг. 2022.01.06 - 2022.03.12