15 | Ертөнцийн төгсгөл

132 33 1
                                    

Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Өөр хэн нэгэнд тайлбарлаж чадаагүй тийм л нандин зүйл. Зөвхөн өөрөө л байж болох тэрхүү газарт амар амгаланг мэдэрч болно.

Харин Тэхён. Тэр үргэлж л Бомгюгийн ертөнцийг үзэсгэлэнтэй хэмээн тодорхойлж хэдэн ч цагаар хамаагүй түүний яриаг анхааралтай сонсон суудаг байв.

Гэтэл одоо түүнтэй ертөнцөө хуваалцах нэгэн алга.

Мэс заслын өрөөний гадна Тэхён болон Бомгюгийн ах хэмээн өөрийгөө танилцуулсан нэгэн олон цаг үргэлжилсэн хагалгааг дуусахыг хүлээнэ.

Тэхён тасралтгүй урсах нулимсаа ч арчих тэнхээгүй болж одоо болоод буй бүхэнд өөрийгөө буруутгах аж.

Тэрээр Бомгюд шар алтанзул өгдөг өдрийн шөнө нь энэ бүхэн болсон юм.

Анх түүнд Бомгюгийн үхэл огтхон ч хамаагүй байж билээ. Харин одоо бол түүний амьдрах цор ганц утга учир нь Бомгю болчихсон байх аж.

Гараа тас атган, уруулаа цус шүүртэл зуусан хөвгүүн тэнд удаан тэссэнгүй. Нэг цаг, хоёр цаг... тав гаруй цаг тасралтгүй нэг газраа суусан Тэхён одоо л тэвчээр нь тасрах мэт суудлаасаа өндийн эргэн тойрноо нэг ажив.

Түүнийг Бомгюгаас бусдыг анзаарах сөхөөгүй суусан сүүлийн нэг цагт Ёнжүн гэх нэрээс нь бусдыг үл мэдэх хөвгүүн ч бас иржээ.

Тэрээр хана налж зогссон чигтээ улаан үстийг тасралтгүй ширтэх нь одоо болтол Бомгюгийн одоогийн нөхцөлд Тэхёныг буруутгаж байгаа нь илхэн.

Улаан үст өөрийгөө өмгөөлөхийг хүссэнгүй. Юу ч үл илэрхийлэх хоосон харцаар л хариу барьсан юм.

Хэсэг тэндээ амьгүй мэт зогссон Тэхён гэнэт л ухаан орсон мэт хамаг хурдаараа хаашаа ч юм гүйж эхлэв.

Замдаа тааралдсан болгоныг зөрж өнгөрөн ухаангүй мөргөж, унаж бүдчин явсаар шөнийн цагаар ч хөл хөдөлгөөн ихтэй эмнэлгээс гаран ирсэн газар нь хорин дөрвөн цагийн цэцгийн дэлгүүр байх аж.

Өмнө нь түүнд ийшээ орж ирэх болгонд бяцхан эргэлзээ төрдөг байв. Өөрийн үйлдлийг зөв эсэхийг үргэлж тунгаадаг байлаа.

Гэсэн ч өнөөдөр Тэхён энэ газрын хаалгыг эргэлзэх зүйлгүй татан орж нэг ширхэг хар өнгийн алтанзул худалдаж авсан юм.

"Чамтай хамт үхэхийг хүсэж байна"

Улаан үст эмнэлгийн урд ирэх үедээ гартаа байх цэцгийг ширтэн амандаа шивгэнэсээр дотогш орсон ч мэс засал хариуцсан эмчтэй ярилцах Бомгюгийн ах болон түүний хажууханд газар суун уйлах Ёнжүнийг олж хармагцаа тийш зүглэж чадсангүй.

Зүгээр л ямар нэгэн гунигтай мэдээ сонсохыг хүсээгүй дээ л тэр.

Шууд л эмнэлгийн дээврийг зүглэн өөрийн гунигт төсөөллөө дахин дахин үгүйсгэн байлаа.

Дээвэр дээр гарч ирсэн даруй тэрээр  хашлага руу итгэлтэй нь аргагүй алхсан ч буцан хойш унан уйлж эхлэв.

Уйлсаар л... учир нь мэдэгдэхгүй төсөөллөөсөө болж өөрийгөө зовлонд унаган шаналах аж. Гартаа байх хар цэцгийг хайрлангуй ширтэх ч утгыг нь санахдаа гашуун нулимсаараа норгож орхив.

Түүний цурхиран уйлах чимээ харанхуй шөнийг гэгээ орох хүртэл, гэрэлтэн байх сарны оронд алтан туяат наран мандах хүртэл үргэлжилсэн юм.

Өөрийн төлөө бус хэдхэн сарын дотор дэндүү ихээр дасаж орхисон хайртынхаа төлөө нулимс дуслуулсан нь энэ байв.

RAIN COLOR |Completed|Donde viven las historias. Descúbrelo ahora