Өдөржин шивэрсэн бороон дуслууд үд хэвийх үед хатаж, нартай борооны дараах гэрэлтсэн солонго нэг л мэдэхэд арилж, аз жаргал дүүрэн дурсамжаа үлдээгээд Бомгю Тэхёнаас явжээ.
Тэдний хайр хамгийн гаслантай ч үнэ цэнтэй нь. Үүрд гэх амлалт өгөхөөс илүүтэй төгсгөл нь тодорхой харилцаагаа тэд юунаас ч илүү эрхэмлэдэг байв.
Гэхдээ тэдний өнөөдөртөө л эдэлдэг байсан тэдгээр цаг мөчүүд дуусжээ.
Чи болон би биш зөвхөн бид.
Хоосон ангид орж ирсэн Тэхён гунигаа нуун, нулимсаа шувтарсаар яг л түүнтэй хамт байсан үе шигээ томоор инээмсэглэв.
"Өглөөний мэнд, Бомгю"
Энгийн нэгэн өдөр шиг тэрээр хоосон ангийг дүүргэх мэт хэлсээр үргэлж суудаг байсан ширээн дээрээ очиж суулаа.
Гартаа байх дөрвөн өөр өнгийн цэцгийг дахин нэг харахдаа Бомгюгийн хацар дээр үнсдэг байснаа дурсан шар өнгийн алтанзулыг ч мөн адил зөөлнөөр үнсэв.
Хааяахан мэдэрдэг байсан тэр нандин мэдрэмжээ өгүүлэхдээ Тэхён уйлахгүй байж чадсангүй.
Ил гараад ирчихсэн нулимс тогтож ядахдаа доош урсвал өнөөх л танил болсон гашуун амт хатаж омголтсон уруулыг нь чийглэнэ.
Нулимсаа арчин гараа буулгах үед баруун гарынх нь бугуй хэсэг дээр байх 'Чой Бомгю' гэх нэр үзэгдэж анх Бомгю түүнд санаа зовон шивээс хийлгэх талаар хэлж байсан нь санаанд нь орох аж.
Тэрээр анхны бөгөөд хамгийн нандин хайртынхаа нэрийг бүхэл өдрийнхөө өгүүлэмж болгон мөнхлөхийг хүссэн нь энэ байв.
Бомгютай өнгөрүүлсэн хором мөч бүр түүний хувьд дээдийн жаргал нь байж. Харин одоо хааяа нэг дурсах гуниг дагуулсан жаргалтай дурсамж болон хувирчээ.
Тэхёны гарт цэцгээс гадна цайвар цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтэр үзэгдэж хоёр жилийн турш нээж доторхыг нь онгичиж зүрхлээгүй тэр одоо зориг оров уу гэлтэй дэвтрийг нээн хамгийн сүүлийн хуудсыг дэлгэх аж.
Харин тэнд Бомгюгийн хайрт даа зориулж бичсэн бяцхан зурвас хадгалаастай байсан юм.
Намайг үхэхээр битгий уйлаарай. Түүний оронд тэнгэр лүү хараад инээмсэглэ. Хэдий тэнд би байхгүй ч солонго хаана оршдогийг мэднэ биз дээ?
Анх чиний амьдралд солонго нэмсэн шигээ үргэлж жаргалтай инээмсэглэлтэй хэвээр дурсагдахыг хүсэж байна.
Хэрвээ чи минь шаналалдаа идэгдэн, араас минь харуусвал солонгын нэгэн адил би сэтгэлээс чинь бүр мөсөн арчигдах болно шүү.
Тиймээс санаж яв, Тэхён. Үргэлж инээмсэглээрэй. Өөрийн бус миний төлөө. Гэхдээ хуурамчийг надад бүү үзүүлээрэй. Чин сэтгэл чинь надад хүрээгүй хэмээн ойлгоно шүү.
Миний Кан Тэхён.
Миний анхны хайр.
Миний шар алтанзул.
Миний бороон дуслууд.
Миний нандин дурсамж.
Миний үзэсгэлэнт өгүүлэл.Тэхён хайртынхаа бичгийг гүйлгэж дуусахтай зэрэгцэн гадаа гэнэтийн ширүүн бороо асгарч эхлэв. Яг л тэдний анх нэгнийхээ чин сэтгэлийг үзсэн шиг.
Бодолд дарагдуулах тийм л гүн мэдрэмж өгөх бороон дуслууд. Бомгю бороон дуслын үзэсгэлэнт өнгөөр дамжуулан Тэхён дээр иржээ.
Өөрт нь зориулж авчирсан цэцэгсийг үзэх гэсэн дээ ингэж яаран ирсэн биз. Хайртынхаа гар дээрх өөрийн нэрийг ширтэх хүслээр нулимстай нь зэрэгцэн түүн дээр зочилж.
Тэхён гар дээрээ зурж, байнга авч явдаг өнөөх л хар үзгээ хаанаас ч юм гаргаж ирэн дэвтрийн үлдсэн хоосон хэсэгт хайртынхаа зурваст хариу бичиж эхлэв.
Энэ бороон дуслаар дамжин түүний сэтгэлийн үг хайртад нь очно хэмээн тэр дотроо нууцхан итгэжээ.
Миний Чой Бомгю.
Миний анхны хайр.
Миний хар алтанзул.
Миний солонгон гэрэл.
Миний гунигт дурсамж.
Миний бүхий л өгүүлэмж.Чамайг явах үед уйлахгүй хэмээн өөртөө амласан ч чадахгүй нь бололтой гунигаа нууж.
Тэнгэр лүү хараад инээхийг хүссэн ч тэнд солонго байхгүйгээс хойш нулимс урсаж л таараа.
Амьдралын минь нандин хэлхээ, гэрэл нэмсэн өнгөт эрдэнэ. Би яахан чамайг муугаар дурсах билээ.
Солонго мэт чамайг үзэхийн тулд бороо мэт нулимсаа би асгаруулъя. Бидний хайрыг нотлох шаргал нар энэ удаад ч тодоор гэрэлтэн байг.
"Чи бороог ямар өнгөтэйг мэдэх үү?""Мэдээж, чиний төлөө дуслуулсан нулимс бүрийн хариуд бороо надад өнгөө үзүүлсэн юм. Шар, ягаан, хар бас цагаан"
__
Арван зургаан хэсгийн дараах төгсгөл? Хэдий гунигтай төгсгөлтэй ч хайрын хагацлыг харуулахыг зорьсон бичвэр маань энэ хүрээд дуусаж байна. Энэ хүртэл хамт байсан бүх уншигч нартаа баярлалаа.
ESTÁS LEYENDO
RAIN COLOR |Completed|
Historia CortaБидний мэдэх ганц зүйл. Нартай борооны дараах солонго арилдаг. Яг л бид шиг. Бидний дурсамж шиг. 2022.01.06 - 2022.03.12