Үгээр илэрхийлэх боломжгүй гэхдээ дотроос минь идсээр байгаа энэ мэдрэмж. Магадгүй наймдугаар ангиас минь хойш байсаар л байгаа. Эхлээд жижигхэн цэг хааяа хааяахан мэдрэгдээд үнэхээр сүртэй зүйл биш гэж бодоод өнгөрчихдөг байсан ч одоо бол дотроос минь хэмлэж, өдөр бүр, цаг минут тутамд тарчлаана. Уур бухимдал хоёрын хооронд 'эморох' үзэгдлээс их ондоо. Заримдаа уйлахыг хүссэн ч нулимс ширгэчихдэг хэрнэ энгийн үед бүр автобус эсвэл дэлгүүрт явж байгаад уйлчихна. Гадуур алхаж байхдаа, хаашаа ч юм гөлөрч байхад өөрийн эрхгүй нулимс урсаад эхэлнэ. Үгээр илэрхийлэх боломжгүй гэхдээ уйлж байхыг бодоход зүгээр нэг мэдрэмж биш юм шиг. Харин өөр хүмүүс бас адилаар мэдэрдэг үгүйг мэдэхгүй нь.
Зугтаад, зугтаж ирсээр энэ мэдрэмжийн эзэн би өөрөө гэдгийг мэдэхэд гол зурах шиг санагддаг. Эцэст нь юунаас болсонг мэдэхгүй байгаа ч би энэ бүхний эзэн. Би үүнийг өөртөө үүсгэсэн. Өөртэйгөө тулахад хачин хорслын эсвэл үзэн ядах мэдрэмж төрч тэгээд үхэхийг хүсэх. Арван таван настай хүүхдэд ахдам хэллэг хэрнэ үхлийг хүсээд, хүссэн өөрийгөө үзэн ядна. Надад хэн ч битгий итгээсэй. Намайг хэн ч битгий сайн гэж бодоосой. Эцэст нь тэгж жүжиглэхээс ядарч бас залхаж байна. Би хэн бэ? гэдгээ ч мэдэхгүй байгаа хэрнэ намайг мэднэ гэх хүмүүс дунд тэдний бүтээсэн өөрөөрөө амьдарч, сүүлдээ өөрийгөө ямар хүн болохыг ч хэлж чадахаа больчихно. Тэгээд ахиад л, би хэн бэ? Би ямар хүн юм бэ? Хэн намайг мэдэх билээ?
Чи намайг мэдэх үү? Би ямар хүн юм бол?
Өөрийгөө алдаж орхисон нь хэний буруу юм бэ? Миний юу? Намайг мэддэг хүмүүсийн үү?