𝐒𝐏𝐄𝐂𝐈𝐀𝐋 𝐈𝐈

718 81 39
                                    

Шил арчигчийн хяхтнах чимээ, аадар борооны нүргээн, радионы жирэлзээнээс ондоо аниргүйд Тейтийн утсанд зурвас ирэх нь дуулдав.

Би маргааш эход харуулна. Зүгээр л чамайг завтай бол машинаар хүргээд өгөхгүй биз гээд.

From : E

Тейт мэдэгдлийг нь шувтран арилгаад, утсаа буцаан халаасандаа хийсэн даруйдаа Эмигийн мөрөөр тэврэн, өөртөө наалаа. Крис тэднийг голын толиндоо ажиглан ширтэх агаад Тейтийн харц, биеийн хэлэмж нэг бүр чин сэтгэлийн гүнээс ундран гарч буй халамж, зовнил гэдгийг нь илтгэх аж. Эмигийн хамар хөхөрч, цохиулсан хэсгийн арьс нь нидрэгдэн шалбарсан бол нүдний уг нь ч мөн үл ялиг улайжээ.

Хотын төвөөс зайдуу орших хувийн эмнэлгээс буцах замд хэсэг намжсан бороо ахин асгарч эхэллээ. Борооноос үүдэн олон ч зоогийн газар, нарийн боовны мухлаг, кафе цагаасаа эрт хаалгаа барьсан тул хотын төв гудам ихэнх өдрийнхөөс илүүтэй бүүдгэр үзэгдэв.

-Марша залгаад байгаа болохоор та хоёрыг түрүүлж гэрт чинь хүргэж өгье. Өнөөдөр юу болсон тухай түүнд хэлэх хэрэггүй биз.

Тейт-Эмиг түрүүлээд хүргэж өг. Гэмтсэн хүн нь тэр болохоос Жейн биш.

Товчхондоо өнөөдрийн үйл явдлын дараа Тейт нүдний цөцгий шиг үздэг охин дүүгээ яс махандаа тултал үзэн ядсан билээ. Яаж ийм мунхаг, муйхар хүн хорин нэгдүгээр зуунд аж төрдөг байна гэх бодол дагзан дундуур нь сүхдээд авах шиг. Эми угаас л хэн нэгний үгээс гөжүүдлэн зөрөх гоц гойд тэрсүүд араншингүй нэгэн. Тэр дундаа Жейн элдвийн үгээр ятгаж цөхөлгүйгээр түүний тархиар дураараа наадаж өлхөн чадах л хүн. Жейн гайхалтай тархи угаагчдаа ч бус, Эми Жейн хоёрын нөхөрлөл галав юүлэхийн цагт ч нэгнийгээ орхихооргүй хүчирхэг учраас тэр л дээ - хайр дурлалаас ондоо юунд ч нугарч хугаршгүй.

-Марша өнөөдөр болсон явдлыг мэдвэл надад биш та хоёрт л хэцүүхэн зүйл тохиолдоно. Би Эмиг гэрт нь асуудалгүй хүргээд өгөх болохоор гэртээ ороод эхдээ элдвийн сэжиг битгий авхуулчхаарай.

Тейт ахин юу ч дуугарсангүй. Гагц амьгүй мэт дүнсийн суугаа - өвчин намдааж тайвшруулах эмийн нөлөө л дөө, золгүй авхайг мөрөөр нь тэвэрсэн чигтээ л гараас нь атгаж, нүүр лүү нь харин ер эгцэлж зүрхэлсэнгүй. Харахаас ч халгам. Хүн харахын эцэсгүй үзээрийн болчихсон ч хэрэг биш л дээ. Жаал хүүгийн ухамсарт бодлын нөлөөгөөр л өөрөөс нь шалтгаалсан юу ч үгүй атал ихэнх төрөл нэгтнүүдийнхээ адилаар өөрийгөө яллан буй нь энэ.

𝐁𝐄 𝐌𝐘 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now