109 10 7
                                    

"Хүйтнээс нуугдсан дулаахан үг
Хүмүүсээс ичсэн нүцгэн мод
Хаана байна, тэр улаан ногоон?
Хаа сайгүй л цагаан... цагаан.

Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг."

Өнөөдөр шинэ жилийн үдэш тул хөл хөдөлгөөн ихтэй болжээ. "За даа, маргааш л энэ хүмүүс баярлахаа больчихно доо" гэх мэт бодлууд орж ирэн ганцаар гудамжинд сууна. Доошоо тонгойчхоод үе үе нусаа татаж байгаагаас түүнийг уйлж байна гэдгийг амархан тааж болох ажээ. Хэн ч түүнийг анзаарахгүй байгаад бага ч болов сэтгэл нь тайвширч байлаа.

Цас тийм ээ, цас. Орж л байдаг энэ цас хэнд хамаатай юм бэ? Шавхай үүсгэж, дааруулахаас цаашгүй. Аан, бас шинэ жил гэв үү? За, боль л доо. Хэн ийм утгагүй баяр зохиож, энэ олон гэрлийг ашигладаг байна?

Гэхдээ чи шинэ жилийг хуурамч баяр гэж бодож байсан уу? Зун, хавар, намар бүгд л өөрийн гэсэн олон янзын өнгөтэй атал өвөл оргүй хоосон мэт цулгуй цагаан. Тийм ч болохоор хүмүүс түүнийг улаан, ногооноор хүрээлж будах гэж оролдоно. Хамгийн гунигтай нь ганцхан өдөр л тэр өнгүүд гэрэлтээд маргаашнаас буцаад цулгуй болон хаврын өнгийг хүлээж хэвтэх тэр үнэхээр өрөвдмөөр улирал биш гэж үү?

Залуу эцэс төгсгөлгүй уй гунигийг дуудан суухад хаанаас ч юм хэн нэгэн ирж хажууд нь хэсэг зогсов. Залуу түүнийг үл тоон суусаар л... Гэнэт тэр үл мэдэгдэх хүн түүний хүзүүнд дулаан ороолт зүүж өглөө.

"Гунигтай байлаа ч ханиад хүрчихвэл бүр л хэцүү шүү" гэж намуухан хоолойгоор хэлэх эмэгтэй рүү харвал тэр өөдөөс нь даруухан инээмсэглэн байна. Энэ үед л тэр ямар их даарч байснаа түүний дулаан инээмсэглэлээс л ойлгов. Магад ороолтоос бус тэр эмэгтэйн инээмсэглэл өвлийн жаврыг үргээсэнд учир буй. Тэр лав гунигт залуугийн тэнгэрээс өгсөн дагина байх.

Нэг мэдэхэд залуу буцаад ганцаараа болчихсон байх бөгөөд түүний зүүлгэж өгсөн ороолтоос зөөлөн сүрчигийн үнэр үнэртэх нь юутай таатай. Гэхдээ байз, түүнд баярлалаа ч гэж хэлж амжаагүй юм байна. Дараа таарвал заавал ч үгүй хэлнээ гэж бодон залуу бага зэргийн инээмсэглэл нүүрэндээ тодруулан сандлаас босон хаашаа ч юм явлаа.

Хувь тавилан уу эсвэл зүгээр л нэг зөрөөд өнгөрөх учрал байв уу гэдгийг бид мэдэхгүй. Бид нэг таарсан хүнтэйгээ дахин дахин таарах нь ховор. Гэвч залуу түүнтэй хаана, хэзээ дахин таарахаа мэдэхгүй ч заавал учирна гэдгийг харанхуй шөнө гэгээ гялбуулах нар үзэсгэлэнтэй манддаг шиг л мэдэж байв.

【Т а г т а а】Where stories live. Discover now