25 2 0
                                    

"Тэгэхэд чиний нүдэнд тэнгэр цэлийж байсан
Тэр тэнгэрт:
үүл, шувууд, саяхан ниссэн онгоцны утаат зам харагдаагүй ч
Тэдгээрийг олж үзэхийг би тэсгэлгүй хүссэн
Тийм ээ, чи миний нүд рүү хараад зогсож байсан"

Зуны нар ээсэн жирийн халуун өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ би үүл бүрхэж бороо орсон өдрийг юу юунаас илүүтэй хүсдэг болсон байлаа. Заримдаа надад Крис яг л цус сорогч шиг санагддаг. Би ч гэсэн цус сорогч байх, тэр бүрхэг өдөрт нь ухаангүй дуртай болохоор. Өнөөдөр ашгүй бүрхэг өдөр байж тэр надтай уулзана.

"За ямар байна" Намайг гарч ирэхэд тэр дугуйтай ирчихсэн зогсож байлаа.

"Шударга бус юмаа. Намайг дугуй унаж чадахгүйг мэднэ биз дээ?"

"Харин тэгээд сургах гээд ирж байна шүү дээ. Алив" гээд тэр гараас минь атгаад явлаа. Би нэг л итгэлгүй түүнийг дагана. Бид цэцэрлэгт хүрээлэнд очиж Крис надад дугуй унахыг заах гэж их л зүйл боллоо. Өмнө нь аав минь бидэнд заах гэж оролдсон ч би огт сурч чадаагүй. Гэхдээ Люкас маш сайн сурсан болохоор аав сэтгэл хангалуун байсан. Люкас надад заана гэчихээд загнаад сүүлдээ их стресстээд байсан. Тэгээд л Люкас шантраад би сурч чадаагүй. Харин Крис заахад

"Наад хөлдөө битгий ингэж их анхаараад байгаач дээ!"

"Жолоогоо залаач ээ!"

"Тэнцвэрээ л олчих юм бол болно оо!"

"Хөөе чи урдах замаа харж байна уу? Онхолдлоо шүү дээ!"

"Крис, ам хатаад байна шдээ" гээд би их л өрөвдмөөр дүр гаргах гэж хичээж байлаа.

"Битгий тэгж хараад бай! Хурдан сурчих юм бол уух юм авч өгье. Яадаж байхад яагаад гэнэт нар гараад төөнөөд байнаа"

"Үгүй ээ, юм уучихвал яг болох гээд байнаа" би түүнд ийнхүү эрхлэн зогсож байхад хамгаалагч шиг хувцастай ах хүрч ирээд

"Үгүй ээ ер, энэ охин одоо онгоц жолоодож сурахаар л хугацаа болчихлоо. Яасан удаан сурдаг юм" гэхэд нь зүгээр л нүдэнд гал асаад ирлээ. Шууд л дугуйгаа барьж аваад жийж эхэллээ. Энэ ах одоо хэн болчихоод ингэж яриад байгаа юм? Хачин юм чинь хажуугаас оролцоод, хэн ер нь ажигла гэж хэлсэн юм. Бүр дургүй хүрчихлээ.

"Хөөе! Би ардаас чинь түших өгөх байсан... Хөөх, Анна! Чи ганцаараа унаад сурчихлаа шүү дээ" гэх Крисийн дууг сонсуут л гайхаад харахад үнэхээр би дугуй унаад сурчихаж! Гэхдээ би эргэж чадахгүй байсаар байгаад уначихав.

【Т а г т а а】Where stories live. Discover now