一三

31 1 0
                                    

"сэтгэл нэг л
жиндүү оргиод
нойтон мод шиг
хүслээ ноцоох гэж
барьж дийлэхгүй
дурлалын галаар өрдөвч
өөдгүй муу хүсэл бус
өр зүрх минь л түлэгдэнэ
хорссон өвчиндөө дэмийрч
хурдан хурдан далавчаа дэвж
хагацал учралыг ялгах тэнхэлгүй
хязгааргүй өндрөөс унахдаа
мэдсээр байж итгэлээ алдсангүй"

Зуны налгар өдрүүд эхэлэхэд, миний зүрхэн дотор намрын адаг сар эхэлж байв. Хавар хайр, догдлол дагуулан ирдэг бороо намрын сард гуниг дайх салхитай ирнэ. Энэ л миний сүүлийн дусал бороо шүү гэж байгаа аятай уйтайяа шиврэх бороо.

Бид салснаас хойш өөрийгөө өрөөндөө тусгаарлаж өдөр шөнөгүй кино үздэг болов. Киногоо үзэж дуусгаад шууд л унтаад өгнө. Зүүдэндээ бид дахин уулзаж, гайхалтай сонин адал явдалтай учирдаг байлаа. Энэ л миний ертөнцөөс зугтаж, бодит үнэнтэй нүүр тулж чадахгүй байгаа өчүүхэн төрх. Өрөвдөлтэй юм.

Би өөртөө хүчтэй байх хэрэгтэй гэж хэлээд тэмцэх ёстой байсан ч чадаагүй. Ганцаардлыг мэдэрч уй гунигаар өөрийгөө дүүргэж орхисон. Түүнийг ганц өгүүлбэр хэлэхэд л арилах тийм гунигийг өөртөө өдөр бүр шинээр нэмсээр эцэст нь цасаа дийлэлгүй хугарах мөчир шиг л хөл алдан унасан. Дороо босоод ирэх тэнхэлгүй болтлоо цуглуулчихсан байж гэдгээ босож чадахгүй дээшээ харан хэвтэхдээ анзаарч билээ.

Өнгөрсөнд бүтээлцсэн бүхий л сайхан зүйлсийг санах төдийд дэндүү жаргалтай явж дээ гэж бодно. Ийн бодоход л нүдийг минь нулимс бүрхээд ирнэ. Хэзээ ийм сул дорой байсан юм бэ, би? Хэзээ хэн нэгнээр ингэж дорой болтол дутдаг болчхоо вэ? Гунигтай юм. Амьдралд минь гарсан жижигхэн өөрчлөлтөнд дэндүү амархан дасчихаад тавьж явуулах битгий хэл бодох ч тэнхэлгүй болжээ. Тэр хүнээр өөрийн эрхгүй дутагдан гансрах би түүнээс зурвас ирэхийг хүлээсээр байлаа.

Сар л хүлээлээ. Түүнээс илүү хүлээвэл дахиад шархлах юм шиг санагдсан. Нөгөө талд надад гомдоод ирэхийг минь хүлээн суугаа бол яах вэ гэж бодсон юм. Түүний сүүлд дулаахан байх хэрэгтэй гээд өмсгөсөн цамцных нь үнэр гарчихсан болохоор эрхгүй би үнэрийг нь санаж байлаа. Тэгээд л юу ч болоогүй юм шиг холбоо барьж цамцаа аваач гэж зурвас бичив. Гайхалтай нь, тэр надад өөрийнхөө цамцыг өгчихсөнөө ч мэдээгүй явж байдаг байгаа! Тэсэлгүй уулзсан. Харахгүй л бол болохгүй байсан юм.

Хамгийн инээдтэй нь би цамцаар шалтаг гаргаж байгаа хэдий ч албаар гэртээ мартчихаад гэр лүүгээ дагуулж ирсэн. Бэлдээд тавьчихсан хэрнээ өрөөндөө цамцыг нь хэсэг харж зогсов. Хэрэв шууд өгчихвөл хаяад явчих юм шиг, нэг том далавчаа дэвээд л намайг орхичих юм шиг санагдаад би айсан юм.

【Т а г т а а】Where stories live. Discover now