Тэр шөнө би бараг л унтаж чадаагүй. Харахыг үргэлж хүсдэг байсан түүний царай зогсоо зайгүй нүдэнд минь харагдаж, бараг л галзуурах шахахаасаа өмнө би босон ажилруугаа яаран гүйсэн билээ. Хоёр сар ажилдаа үргэлж хоцорч, аль эсвэл таслан алга болдог байсан намайг цагаасаа түрүүлж ирсэн байгааг ажилчид хараад эрүүгээрээ шал арчих шахсан. Бүгд гайхан юу болсоныг шалгааж, ашгүйдээ ингээд ирдэг чинь үнэхээр сайн хэрэг гэх мэтээр ам уралдуулан ярьцгааж, тэрүүхэн зуур би өнөөх нойрноос минь хумсалж, ажил хийхэд саад болж буй нөхрийг мартчихсан байв. Гэхдээ энэ ердөө л хэдхэн минут үргэлжилсэн түр зуурын марталт байсан ч түүнийг ядаж ийм бага хугацаанд ч болов мартаж, бодохгүй байж чадсандаа өөрөөрөө бахархах шиг болов. Учир нь түүнийг бодох тусам би галзуурах гээд байсан юм.
Тэр дуулж байхдаа ямар царайны хувирал гаргадагийг, инээхээрээ ямар болдог, бүжиглэж байхад нь түүний гар хуруу хэрхэн агаар дээр уян гэгч нь хөдөлдөгийг төсөөлсөөр би ажлаа дуусгав. Амьдрал минь ердөө тэр хүнээр төсөөлөгдөж, бодолд минь зөвхөн тэр л оршин байгааг би анзаарахдаа инээхгүй байж чадсангүй. Ийм гайхалтай зүйл байж болдог гэж үү? Ердөө ганцхан хүн гэхдээ нэрийг нь ч мэдэхгүй тэр хүн миний амьдралын утга учир байсан гэлтэй. Зөвхөн тэр хүнийг л хайж, зөвхөн тэр хүнтэй учрах гэж л надад өмнөх олон бүтэхгүй дурлал ирж байсан мэт.
Ажлын өрөөнөөсөө хүрмээ авахаар ортол, өрөөний цэлгэр цонхоор цас орж байгаа харагдав. Цасанд тийм ч дуртай биш ч би гарж алхамаар санагдав. Машинаа тэр чигт нь зогсоол дээр үлдээгээд, замаараа халуун цай аван түүнийг шимэн уух явцдаа би юм бүхнийг ажиглан явж байгаагаа анзаарлаа. Замын хажуугаар явж буй машинууд хэрхэн ус цацаж байгааг, урдаас минь ирэх хоёр хос хэр аз жаргалтай байгааг гээд л, болдог бол тэнгэрт яг одоо хэдэн ширхэг од гялалзан байгааг тоолчихмоор байх юм. Би хэзээ ийм анхааралтай байдаг байсан юм бэ? Дэлгүүрт ороод ердөө авах зүйлдээ л анхаардаг байсан би одоо бүхнийг мэдэрч байна. Салхи хэрхэн үсээр минь наадаж байгааг, цасан ширхэг хэрхэн арьсан дээр минь бууж байгааг. Би бүхнийг мэдэрч, бүхнийг ажиглаж байв. Тэгээд юу гээч, энэ бүхэн тэр нэгнээс болж буй гэдэгт би эргэлзсэнгүй. Тэр л ийм гайхалтай хүчинд автуулж чадна, тийм биш гэж үү?
Жимсны амттай халуун цай минь дуусч, савыг нь хогийн савруу хаясны дараа би утсаа гарган дуу сонсож эхлэв. Jeremy Zucker гэх дуучны Comethru гэдэр нэртэй их хөөрхөн хэмнэлтэй дуу. Яг л аз жаргалтай байх үедээ сонсож явмаар дуу. Гунигтай үедээ сонсож болмоор дуу бий л дээ. Гэхдээ одоо бол би зөвхөн аз жаргалруу л тэмүүлэхийг хүсч байна. Дуу дуусч, өөр дуу шинээр эхлэх үед би буцааж ухраан, аз жаргалаа энэ дуун дундаас л хайх мэт дахиад тоглуулна. Нэг дурласан дуугаа хэдэн ч өдөр хамаагүй давтаж сонсож чадах чадалтай хүн байдаг уу? Байдаг бол аваад ирээч. Би танилцах гэсэн юм.
YOU ARE READING
[Дууссан] My neighbor is an idol | vhope
FanficМиний хөрш бол дуучин. Гэхдээ тийм ч сайн биш.