Жихүүнийг гутлаа тайлах зуурт Мингюү түүний дэргэдүүр сум шиг зөрж өнгөрөөд, үүднийхээ гэрлийг асааж, Жихүүний нүдэнд бол тун чиг цэвэрхэн харагдах гэрээ цэгцлэн, ийш тийш гүйж гарав.
Мингюүгийнх үнэхээр л метроны буудлаас нэг их холгүй орон сууцанд байдаг ажээ.
- Би эгчтэйгээ хоёулаа амьдардаг юм. манай эгч гэхдээ цагийн ажилтай болохоор оройноос нааш ирэхгүй ээ. Гэр заваан байгаад уучлаарай хэмээн шулагнангаа буйдан дээрх цэвэрхэн дэрээ гөвж нэг, байрыг нь өөрчилж нэг үзэх зуурт Жихүүн толгой дохисоор, чимээгүйхэн зочны өрөөнд орж, буйдан дээр суулаа.
- Сургуультай ойрхон гоё юм аа хэмээн Жихүүнийг хэлэхэд Мингюү инээмсэглэсээр, гэхдээ тэр инээмсэглэл нь бүр үнэхээр, энэ цаг агаарт зохихооргүй гэгээлэг төрх тодруулан,
- Та юу уумаар байна? Манайд нэг их юм байхгүй л дээ. кофе, цай, алимны шүүс, эсвэл энергийн ундаа.... аан бас сүү, тараг, соруултай ундаа байна гэсээр дуржигнаж, тэрийг нь сонссон Жихүүн саяхан л анх орж ирж буй айлдаа тухгүйхэн байснаа мартаад чангаар инээд алдав.
- Байхгүй гэж, харин эсрэгээрээ байхгүй ундаа байхгүй юм биш үү? санаа зоволтгүй ээ. Ус байсан ч болно. баярлалаа
Мингюү шилэн хүзүүгээ багахан илсээр,
- Тийм байна... Та бэлэн гоймон яаж идмээр байна? Гоймон нь зөөлөн? Эсвэл хатуу? Өндөг, зайдас хийх үү? би хурдхан хийгээд өгнө. Тэр хооронд та усанд ч орсон болно гэв.
Жихүүн толгойгоо жаахан гилжийлгэсээр
- Зочломтгой юм аа гэсэнд Мингюү ахиад л инээд алдсаар
- Үнэндээ ахлах сургуульд ороод гэртээ анх удаа хүн авчирч байгаа нь та л даа. Тэгээд л...
Жихүүн ахиад л инээмсэглэж,
- Усанд орохгүй байсан ч болно. хувцас нэг их нороогүй болохоор даарахгүй байна. Бороо зогсохыг л хүлээцгээе. Харин гоймон хатуу байвал, бас өндөгтэй, гэхдээ зайдасгүй байвал их баярлана гэлээ.
Жихүүний хариултыг сонсож, ахиад л баярласан мэт инээмсэглэх Мингюү "За, одоохон" гэсээр гал тогооны ширээний араар оров.
Жихүүн тэр зуур гэрийг нь тойруулан харахад үнэхээр цэвэрхэн, ханандаа хэдхэн зурагтай, зурагтгүй ажээ. Цайвар өнгийн хөшигтэй учраас гэр нь тэр чигтээ их гэгээлэг, өнгөлөг юм.
Тийм иймхэн зүйлс харах зууртаа буйдангын өмнө байх сэтгүүлийн ширээн дээр хатгамалын хэрэгсэл байхыг олж харлаа. Хагас дутуу байх тэрхүү хатгамал гарцаагүй их сонирхолтой байлаа. Учир нь хичнээн дутуу байгаа ч ... хайрцагтай сүүг хатгамал болгох хүн хэр их байх билээ? Тэр тусмаа Жихүүний байнга уудаг брэндын хайрцагтай сүүг томоо даавуун дээр хирээсэн хатгамалаар хийж байх чинь үнэхээр содон сонирхол юм. хүмүүс ихэвчлэн цэцэг навч, байгаль, хайртай амьтан зэргээрээ хатгамал хийдэггүй гэж үү?