18.

39 13 7
                                    

Mid Summer 2023

Ам жигтэйхэн хатаж, шүлсээ залгихад хоолой хорсон, ус ихээр уух хүсэлд автав. Нүдээ нээх гэж хүчлэхэд хоорондоо наалдсанд тэр үү, хүчгүй болсонд тэр үү ер болж өгсөнгүй. Тийн тийчлэсээр хэвтэхэд бага багаар хараа бүрэлзэн, эргэн тойрноо ажвал эхэндээ хаана байгаагүй ойлгосонгүй. Нэлээн удаж байж эмнэлгийн жижиг өрөөнд ганцаар байгаагаа ойлгосон ч яагаад гэдгийг бас л ухаарах гэж хэсэг цаг үрэв.

Гадаа олон машины дуу гарч, түргэний машин хааяа зөрөн өнгөрөх бол энэ тэндээс элдэв дуу асаад унтарна. Бүхэл орчин дайвалзах шиг санагдахад энэ олон чимээ улам түйртэй байх аж. Гаран дээр зүүны ормууд, саяхан наасан болов уу гэмээр хөвөн үзэгдэнэ.

Аан, тийм шүү дээ. Би тэр өдөр ажлаас гарахдаа ухаан алдаж, энд хүрсэн хэрэг үү?

Ус олох хүсэлтэйн дээр ямар гээчийн шуугиантай газар ирснээ харах гэсээр өндийх гэтэл хором ч хүрэлгүй би дэрэн дээрээ уналаа. Бүрэн бүтэн оршсон зүйлийн нэг нь алга болсон мэт хөндий мэдрэгдэхийн дээр хүзүү, мөр гээд бие маань ихээхэн хөшчээ.

Хажууханд байсан цонхоор гадаах орчныг харах гэсээр ахин өндийхдөө би ахиад л дэрэн дээрээ унав. Гэвч энэ удаад биеийнхээ өвдөлтөөс болж бус бага хан л өндийхөд энэ газар надад нэрээ хэлсэн тул тэр. Цонхны цаана уралдан сүндэрлэх өндөр шилэн барилгууд, завгүй гудамжаар зөрөх хүмүүс, түгжрэлтэй зам гээд л... Энэ газрын бүх зүйл надад өөрийг нь Сөүл биш гэх вий гэсэн шиг хамаг миний дургүй шинжүүдийг дээд цэгтээ хүргэсэн байв.

Сөүлд байгаа гэдгээ мэдэхэд зүв зүгээр байсан ч гэнэт л амьсгалах зайгүй санагдана. Өмнө нь дурдсан шиг зун надад амьсгалах агаар байхгүй мэт санагддаг бол Сөүлд надад амьсгалах зай байхгүй мэт. Гудамжаар дүүрэн хаашаа ч юм алхах хүмүүсийн дунд би хэт жирийн, магад энгийнээс ч дор хүн гэдгээ мэдрэн, худлаа үнэн завгүй царайлна. Амс хийх зав байхгүй, бараг л эрх байхгүй мэт санагдсаар хий дэмий цаг өнгөрөхөд завгүй хүмүүс дунд би өөрийгөө алдах шахсан байдаг.

Ус олохын тулд ахин өндийх санаатай хэвтэж байтал өрөөний хаалга нээгдэж, сувилагч бололтой нэг хүн орж ирэв. Намайг харангуйтаа хурдхан өрөөнөөс гарч явах нь тэр. Тэр хооронд би Хэчаныг дурсаад амжив. Удалгүй саяхан орж ирсэн хүн өөр нэгний хамт өрөөнд орж ирлээ. Тэр хүн нь харин эмч бололтой. Би ямартай ч тэднээс эхэлж ус асуухад хоолой эхэндээ гарч өгсөнгүй.

-

Гэрийнхэнтэй уулзахад хавар яагаад эмнэлэгт хэвтсэн гэдгээ хэлээгүй гээд загнуулж, гэнэт ухаан алдсандаа өрөвдүүлж, Сөүлд байгаадаа дургүйцэхэд шоолуулж нэг үзэв. Тэдний амнаас хэд хоног энд ухаангүй байсан гэдгээ ойлгож авлаа. Биеийн байдал дээрдэх хүртэл эмнэлэгт үлдэх хэрэгтэй гэсэн тул тэдэнд хэрэг болох зүйлсээ жагсаалт болгон өгөв. Тэр дунд нэрстэй мөхөөлдөс оруулсныг анзаарахгүй гэж найдъя.

나쁜 짓Where stories live. Discover now