Хайрын талаар бид юу мэдэх вэ~~
Амьдралаас би асуув. Хайр гэж юу юм бэ ? хэмээвэл тэр
"Хайр бол бүх зүйлийн үндэс. Түнэр
харанхуйд хүртэл оршин тогтнодог. Юу ч байхгүй хоосролд хүртэл байдаг! Гэхдээ энэ нэг хүнээс ч биш олон зүрхний дундаас ч үүсч болдог юм.
Үүнээс зугтах аргагүй ажээ..." гэв.---
Кихён бяцхан булцгар гартай хүүгийн гарнаас хөтлөн алхана. Бүдчих шахан алхах хүү ердөө тавхан настай. Гэсэн ч бүхий л зовлон шаналан түүний өмнө сөгдөн мөргөх мэт аз жаргал цацрана. Энэ бол хүүгийн онцгой увидас болов уу гэмээр...
Лусын хүний хүртэл хийж үл чадах зүйлийг энгийн нэг хүү хийж байлаа. "Хайр түгээх..."
Хүүгийн од атгасан нүд нь гялтганан, Кихёний хурууг алгандаа дүүргээд базаад элсэн дээгүүр хурдлан гүйнэ. Гэвч түүний хурд Кихёний алхаанд яг таарах аж.
Эрх чөлөөг олох мэт хүү гарыг нь тавиад ардаа элс бужигнуулсаар эрэг даган гүйнэ. Энэ бяцхан бие нь дэлхийн хамгийн хурдан гүйгч аятай л зүтгэж байлаа ...
Харин нөгөө эргээс хүүг тосон гартаа өргөн нисгэх Хёну. Хайрын түгээлт өөр нэгэнд очлоо...
Дулаанаар төөнөх наран арьснаас нэвчин, сэвшээ салхи илбэн таалахад Кихён мишээсээр эргэлдэн тоглох тэдний зүг алхсаар ... Элс гутлыг нь зуураад байсанд гутлаа тайлж орхив. Гарцаагүй таатай мэдрэмж доороос нь төөнөсөнд үл ялиг алхаагаа хурдасгах Кихён хүү болоод Хёнугийн хажууд тулан ирлээ. Гялбах нарыг хаан зогсох бор үстэй залууг харсан Хёну хүүг баруун мөр дээрээ суулгаад өндийнө. Тэд яг л дахин шинээр уулзаж буй мэт харц тулгарна. Цаг хугацааг хэчнээн ч хамт өнгөрүүлсэн харах бүртээ дахин дахин дурлах... Хёну түүнийг мөрөөр нь тэврэн аваад духан дээр нь үнэрлэн үнсэнэ. Хайрын түгээлт тэдний холбоог улам гүн бэхжүүлсэн эдгээр өдөр хоногууд...
-Ахын чинь хүү гэхээргүй чамтай дэндүү адилхан юм гэсээр амандаа чихсэн Юнжүний бувар бувар зажлан идэж буйг харах Хёну ийн ам нээвэл Кихён дүүгээ хайрлангуй ширтээд толгойг нь илнэ. Тэд ийн нэгэн гэр бүл болон амьдраад гурав дах өдрөө өнгөрүүлж буй нь энэ. Юү Юнжүн бол Юү Кихёний ахынх нь ганц хайртай хүү нь. Ааваасаа илүү авга ахыгаа илт дуурайсан хүүгийн инээмсэглэл Кихёний өөр нэгэн төрх мэт. Тэдний амаа жимийх төдийд гарч ирдэг хацарны нугалаа нь хүртэл яг адил байгаа нь Хёнугийн хайрыг харамгүй татна. Хамгаас нандин тэр л хүний чинь бүхий л төрх бяцхан хүүд өвлөн очсон байхыг харна гэдэг юутай азтай завшаан бэ?
![](https://img.wattpad.com/cover/207147121-288-k314504.jpg)