1 | Сүүдрийн цуу яриа

1K 69 1
                                    

Heeseung's POV

"Та яг л сүүдэр шиг юм. Би хананд ойх сүүдэр лүүгээ харан инээмсэглэх ч сүүдэр инээмсэглэлийг минь надад үл харуулдаг"

Жонвон сүүлчийнх гэх энэ үгсээ нүд лүү минь эгцлэн харж хэлчхээд цааш явах аж. Гэхдээ би ойлгохгүй нь. Доод ангийнхаа дүүг гаж сонирхолд уруу татсан гэх нэрийг зүүсэн нэгэн нь би байхад яагаад тэр л ганцаар хохирсон мэт аашлаад байгааг.

Ян Жонвон. Миний хайрласан анхны нэгэн тэр байсан ч энэ бүх хайр минь сургуулиар тархах цуу яриа болон миний хүйтэн зангаар төгсчих шиг боллоо.

Тэр минь ч бас бусдын адил намайг орхиод явчихлаа.

Үнэхээр гайхах юм. Анхнаасаа л бидний хайр яаж эхэлсэн юм бол? Эелдэг зөөлөн тэр болон хүйтэн харц, жихүүцэм яриатай би. Хэн ч харсан дэлхийн хоёр туйл шиг л. Гэхдээ л... туйл хүйтэн. Яг л хүн болгоны дотор бусармаг араатан оршдог шиг.

Гэвч... Жонвон, тэр минь өөрийнхөө балмад занг бусдад харуулах битгий хэл өөрөө ч түүнийгээ үзээгүй байсан юм шүү дээ. Тийм л цагаахан байсан түүний минь амнаас гарсан энэ үгс угаас түүнгүй хоосон амьдралыг минь улам бататгачихсан юм.

Нулимс. Хэзээ хамгийн сүүлд уйлснаа санаж байна гэдэг тийм бахархмаар хэрэг биш ч би тэр талаар санаж байгаадаа баяртай байна.

Гурван жилийн өмнө өөрийн там мэт амьдралдаа цэг тавих үедээ би нулимс дуслуулан гүйж байсан юм. Түүнээс хойш огтхон ч уйлаагүй хэр нь хайртай нэгнийхээ араас гүйгээд оччих зориггүйдээ ингээд арчаагүй царайлаад зогсож байна.

"Хөөх, И Хисын хаягдчихлаа!" хүнгүй коридорт өөр нэгний чанга хоолой дуулдсаар би хоолойны эзнийг таньсан даруйдаа нулимсаа хүчтэйхэн шувтрав.

"Чамд хамаагүй асуудал, Ким Сонү!" урагш харсан чигтээ хэлчхээд сургуулийн дээврийг зүглэхэд тэр хажууд гүйцэж ирэн "Хичээлээ таслах гэж байгаа юм уу?"

Яагаад тэр өөрт нь хамаагүй асуудлыг ингэж их сонирхдог юм бэ?

Түүнд хариу хэлэлгүй хурдаа улам нэмэхэд түүний зөөлөн хөхрөх дуулдан "Жонвон та хоёр үнэхээр салж байгаа хэрэг үү?"

"Би чамд хэлсэн, Сонү! Миний асуудал чамд хамаагүй!"

"Үнэхээр салчихсан байх нээ... үгүй ээ, Жонвон чамайг хаячихсан шүү дээ" түүний шоглох мэт үгсийг сонссон даруй тогтоож ядан байсан нулимс аньсагыг минь дүүргэж би түүнийг хүчтэй түлхэн хананд шахав.

Гэсэн ч... надад хэлэх үг олдсонгүй. Үнэн шүү дээ Жонвон намайг хаячихсан гэдэг нь. Тийм байхад энэ бодит байдлыг мянга үгүйсгээд яах юм бэ?

"Маргааш эсвэл өнөөдөр, хэзээ гэдэг нь хамаагүй ч Жонвон бид хоёрын салалтын тухай цуурхал сургуульд тарчихсан байвал би чамайг хамгийн түрүүнд алах болно шүү, Ким Сонү!"

Жонвон бид хоёрын үерхлийн талаар, бидний болзоо, хаана юу хийсэн, хэзээ уулзсан гээд л бүхий л мэдээ сургууль даяар цуурхал болоод тарчихдаг байсан юм. Тэгэх бүрд бидний хажууд байсан нэгэн ганцхан Ким Сонү.

Тийм байхад би яаж түүнийг буруутгахгүй байж чадна гэж.

"Яагаад ганцхан би гэж? Хана хүртэл чихтэй гэдэг биз дээ? Тийм байхад яагаад одоо болтол зөвхөн намайг тэр олон цуурхлыг тараасан мэт буруутгаад байгаа юм?" тэр уцаарлангуй хэлсээр би түүний хажуу талын ханыг хамаг хүчээрээ цохин "Мэдэхгүй царайлах хэрэггүй. Яагаад гэнээ? Яагаад гэвэл чи бүхий л амьдралын минь гэрч байсаар ирсэн. Ямар ч үед чи хажуугаас минь чимээгүй ширтэн зогсдог. Тийм байхад-"

Үгээ гүйцээхээс минь өмнө сургуулийн хонх дуугарч багш нарын нүдэнд өртөхийг хүссэнгүйдээ би хамаг хурдаараа дээврийг зүглэв.

"И Хисын, чамайг хараал идээсэй" ардаас Сонүгийн сул хоолой дуулдаж өнөөх л ядаргаатай нулимс хацрыг минь урах мэт урссаар байх аж.

Өвдөж байна. Биедээ ирэх өвдөлт бүрийг тоолгүй орхиж чадах ч дотроос минь идэх энэ өвдөлтийг яаж ч чадахгүйн бололтой.

Дэндүү өрөвдөлтэй юм. Одоогийн би.

__
Сар гаруй хугацааны дараах уулзалт? Энэ удаад Хисын болон Сонхүн гол дүртэй bxb бичвэрээр та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

Хэрвээ танд энэхүү төрөл таалагддаггүй, тухгүй санагддаг бол уншихгүй байхыг хүсье!

BEAST |Completed|Where stories live. Discover now