Болзоо

1.1K 136 17
                                    

Чамайг хайрлах яг л амь дүйсэн мөрийтэй тоглоомд хүчээр татагдаж орох шиг. Энэ бүхний эцэст шагнал нь чи байна гэвэл өвдөлт бүрийг би жаргалтайгаар хүлээж авна гэдгээ андгайлъя.

...

Хоосон ангид Жонхан Чэёоны хамтаар лекцийн тэмдэглэлээ тулган сууна. Багийн гишүүдийг солихгүй нь нэгэнт тодорхой болсон тул тэд нэгэнтэйгээ танилцахаар цаг товлон уулзсан нь энэ.

-Эрэгтэй хүн гэхэд бичгийн хэв чинь их хөөрхөн юм. Тэмдэглэсэн арга барил нь ч цэгцтэй. Ингэж асуух эвгүй ч гэлээ..зургийг нь авчихаж болох уу? 

Жонхан эелдгээр инээмсэглээд дэвтрээ сунгахад бүсгүй хөнгөн толгой дохилоо. 

Чэёон дэвтрийг эргүүлэн эзэнд нь өгөх зууртаа яриа өдөх санаатай "Ингэхэд Сынчолтой уулзсан уу? Тэр ч бас манай багийнх болохоор эртнээс дотноссон нь дээр байх" гэсэн нь хөвгүүний инээмсэглэлийг ул мөргүй арчиж орхив.

-Яасан? Цаадах чинь утсаа авахгүй байна уу? Холбогдож чадахгүй байгаа юм уу? 

-Аан, харин амжаагүй л явна

Түүний нэрийг сонсох төдийд л гэдэс базлаж байгаа аятай тавгүй мэдрэмж төрнө. Амьдралаасаа түүнтэй орооцолдох, огтлолцох бүх хэсгийг тас огтлоод хаячих юм сан.

...

Хөвгүүн ер бусын гэмээр гэнэтхэн дуугаа хурааснаа уур амьсгал сэрүүсэхээс өмнө хүчлэн инээмсэглээд "Харин чи? Түүнтэй дотносож чадсан уу? Ярианаас чинь сонсоход өмнө нь танилууд байсан бололтой" гэхэд Чэёон түүнтэй харц тулгарахаас зайлсхийсээр "Мм, юу гэмээр ч юм..Зүгээр л нэг тэмцээнд хамт орж байсан төдий. Сынчол бизнесийн удирдлагаар, би маркетингаар сурдаг болохоор тэгэс ингэсгээд танилцаад хамт төсөл бичиж байсан" гэх нь тэр.

Жаал охин яагаад Жонханд худал хэлснээ өөрөө ч ойлгосонгүй. 2 жил үерхсэн, тэр бүү хэл амьдралаа холбохоор төлөвлөж байсан хүнээ зүгээр л танил гээд танилцуулчихлаа. 

Гэсэн ч энэ одоо чухал биш. Чухал зүйл гэвэл Чэёон Жонханыг нүд салгалгүй ширтэж байна.

Нүүрлүү нь унжих угаасаа харлаж эхэлсэн шаргал үс. Ядарснаас үүдэн хүндрэх зовхиных нь цаанаас гэм зэмгүй атлаа өдөөн хатгасан харц тодорно. Үл мэдэг омголтон хуурайшсан ч хараа булаам улаан хүрэн уруул нь намайг үнсээч ч гэх шиг..Задгай тавьсан цамцных нь цаанаас цухуйх эгэм. Хагас шуусан ханцуйнаас нь үүдэн нүдэнд ил тусах шуу, илт товойх судаснууд. 

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now