21.

164 20 0
                                    

Сокжинтэй байхад цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдгөөрөө өнгөрч бид манай гэр хүртэлх замыг хамтдаа туулсаар нэлээдгүй хугацаа өнгөрчээ.

Бидний хооронд ойр зуурын сонин хачин  заримдаа зүгээр л хичээлүүдийн тухай яриа өрнөдөг байлаа. Хэдийгээр хорвоогын хамаг сонинг яриад дуусгачихсан ч би түүнгүйгээр өнгөрөөсөн мөч бүрдээ ямар их шаналсан тухайгаа арай ч хэлж зүрхэлсэнгүй.

Сокжин ямар нэг юм санасан бололтой алхаагаа удаашруулан "Чи ойн дундах жижиг байшинг санаж байна уу?" хэмээн асуух нь тэр.

Мэдээж саналгүй яахав. Бодол төсөөлөлд минь бий болж, хэзээ нэгэн өдөр бодит болоосой гэж хүсдэг байсан яг л ид шидийн орон шиг газар шүү дээ.

"Тийм ээ. Саналгүй яахав. Ойн захад, голын хажуу дахь жижигхэн модон байшин. Одоо бодохоор яг л ид шидийн ертөнц шиг санагдаж байна шүү" Би бодолдоо тэр байшинг төсөөлөн багахан инээмсэглэв.

"Үнэхээр амьдрал дээр байдаг бол гоё байхгүй юу" Сокжин ч бас тэр байшинг төсөөлж байгаа бололтой нүүрэндээ инээмсэглэл тодруулах нь тэр.

Бид хэдэн цагын турш утсаар ярихдаа ийм л зүйл ярьдаг байж билээ. Сэтгэлдээ тээж явдаг бяцхан мөрөөдлүүд. Ойн захад жижигхэн байшин бариад хамтдаа амьдарвал сайхан даа гэж ярьж байсан үе өчигдөрхөн юм шиг л санагдаж байвч утгагүй зүйл ярьж байсан гэдгээ ухаарч ойлгохоор хэмжээний их урт хугацаа өнгөрчихжээ.

"Ямар ч интернэт, цахилгаан хэрэгсэл байхгүй. Бас..."

"Ойгоосоо жимс түүж, ан хийж амьдрана гээд л" Би түүнээс өрсөн ийн хэлсэнд тэр толгой дохиод үнэхээр гэнэн бас ухаан муутай байсан өөрсдийгөө шоолох мэт инээх нь тэр.

Бид үлдсэн замын турш бага дунд сургуулийнхаа тухай, үерхэж байх хугацаандаа өнгөрөөсөн дурсамжуудаа ярьсан ч надад тийм ч тухгүй санагдсангүй. Ганцаараа дурсан суухад л гунигтай санагддаг бололтой. Бидний энэ дурсамж.

Бага сургуульд байхад биднийг үргэлж гадуур зугаалуулдаг байсан юм. Тэгэхдээ төөрчихнө гээд хоёр хоёроор нь хөтлөлцүүлдэг байсан. Энийг санаж байгаа ч миний байнга хөтөлж явдаг байсан хүүг Сокжин гэж төсөөлж ч байсангүй.

"Чи бага сургуульд байхдаа их жижигхэн охин байж билээ. Одоо ч жижигхэн хэвээрээ л дээ" Тэр намайг шоолонгуй ингэж хэлсэн ч би өөдөөс нь юм хэлсэнгүй зүгээр л муухай харчихаад яриагаа үргэлжлүүлэхийг нь хүлээлээ.

"Би дандаа чамайг хөтөлж явдаг байсан. Чи жижигхэн болоод ч тэр юм уу их удаан алхана. Тэгээд чи бид хоёр хамгийн сүүлд нь үлдчихдэг. Нэг удаа би хурдан алхах гээд чамайг чирж байгаад унагачихсанаа сайн санадаг юм. Чиний хөл шалбараад бүр цус гарсан ч гэсэн чи надаас өөр хүүхэдтэй хөтлөхгүй гээд уйлдаг байсан шүү"

"Хөөе битгий худлаа яриад байгаарай. Би юу гэж тиймхэн юмнаас болж уйлж байдаг юм"

"Би хэзээ худлаа ярьдаг байсан юм. Чи бүр уйлаад ээрээд "Би заавал Сокжинтой хөтлөнө" гэдэг байсан юм чинь" Тэр миний хоолойг дуурайн ингэж хэлхэд нь би ичсэндээ түүний мөр лүү нь зөөлөн цохиод чимээгүй болгов.

"Унаад хөлөө шалбалж байсанаа бол сайн санаж байнаа. Үнэхээр тод сорви үлдчихээд одоо ч шорт өмсөхөөр харагдаад байдаг болохоор тэр хүнийг олдог л юм бол хариугаа аваад болгож өгнө дөө гэж боддог байсан юм. Тэгсэн чинь чи байсан байх нь ээ" Би хуруугаа дуугаргасаар түүн рүү харвал Сокжин харин түргэхэн толгойгоо сэгсрэх аж.

"Үгүй ээ. Яг ч би чамайг унагасан юм биш л дээ. Чи санахгүй байж магадгүй ч үнэндээ чиний гутал сугарсанаас л болж чи унасан байхгүй юу. Нээрээ шүү" Тэр намайг яриандаа итгүүлэхийн тулд "нээрээ шүү" гэх үгийг гурван ч удаа хэлсэнд би тэсэлгүй инээж орхив.

"За тайвшир. Би чамайг яав л гэж дээ. Тоглож байхад"

Тэр тайвшрав бололтой гүнзгий амьсгаа аваад "Хариугаа авна. Болгож өгнө гээд л чи сая ёстой аймар байлаа. Чам шиг жижигхэн охид уурлахаараа ёстой аймар болдог гэсэн нь худлаа биш л юм байна"

Сокжиний үгэнд бид хоёул инээх бөгөөд манай гэрийн гадаа ирсэнийг илтгэх мэт замын гэрэл анивчин асах нь тэр.

Би түүн рүү инээмсэглэн гараа далалчихаад гэр лүүгээ гүйн орлоо. Ямар ч хуучин дурсамж, харамсал, шаналгүйгээр чиний хажууд инээмсэглэж, ямар ч гуниггүйгээр чамайг үдсэн анхны удаа.

First love story /KSJ/ (Дууссан)Where stories live. Discover now