- Аль хэдийн өглөө болчихож.
Нүдээ нээн Сичэний дуу гарсан зүг рүү харвал хэдийн сэрчихээд үсээр минь тоглоод хэвтэж байв. Орны цагаан хэрэглэл жаахан үрчийсэн бол нэг дэр газар унасан харагдана. Тэр үргэлж л надаас түрүүлж сэрчихээд үсээр минь тоглон нөгөө талаараа аятайхнаар сэрээх гэж оролдоно. Эхэндээ энэ үйлдэл нь надад ихэд эвгүй санагддаг байлаа. Яг л хүүхэлдэйн кинон дээр гардагтай адил нэг хаалга нээгээд өөр ертөнцөд ирчихсэн аятай жигтэй мэдрэмж төрнө.
Одоо бодохнээ Жэй надад тэгж хандаж байсан удаа байхгүй юм шиг. Өглөө сэрэхэд тэр аль хэдийн сэрчихээд хаа нэгтээ явчихдаг байлаа. Явахаас нь өмнө харах юм сан гэсэндээ чимээ чагнан унтах ч нүдээ нээхэд хажууд хэн ч байдаггүй байв. Ердөө түүний биеийн дулаан, үнэрийг нь мэдрэх сэн гэсэндээ орны даавуугаа үрчийтэл нь тэврэх хэдий ч энэ мэт амь аргацаасан үйлдэл минь намайг улам дордоход хүргэнэ.
Урьдны цагт ихэнхдээ Ридэ л намайг сэрээдэг байв. Хаалга чанга гэгч нь саван орж ирээд өрөөгөөр дүүрэн цуурайттал орилно. "Лола байшин шатаж байна. Угаартаж үхээхээсэй өмнө хурдан сэр"
- Лола, Лин аавын хөвгүүд ирчихлээ. Ридэ хэдийн өрөөнд ороод ирчихсэн байх аж. Ор луу минь шурган орж ирээд хүйтэн хөлөө дулаацуулах гэж оролдоно.
- Күн ирчихэж Лола. Тэр сүүлд уулзсанаасаа илүү царайлаг болчихсон байна. Хар савхин хүрэм нь түүнийг улам ч сайхан харагдуулж байна лээ. Лола, Лола, Лола. Алив хамт доошоо бууж тэдэнтэй мэндэлье.
- Бурхан минь, хүйтэн хөлөө надаас холдуул. Хацар чинь алим шиг улайчихаж. Гэтэл энэ хөл чинь юу вэ?
- Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Тэднээс болоод ухаан самуурчихлаа.
Ридэ өнөөдөр цагаан даавуун даашинз өмсчээ. Даашинз нь нарийхан мөртэй байх бөгөөд шаазан хүүхэлдэй шиг цагаахан арьс бүхэлдээ гялалзан харагдана. Арьсных нь цаанаас хөх ягаан судас нь бүдэг бадагхан харагдах бол амьсгалах бүрийд нь цээж нь дээш доош хөвөлзөх ажээ. Гил хар үсээ сулхан ороож ард талд нь хүрэн улаан өнгийн хилэн тууз ч зүүсэн байв. Урт үс нь нарийхан хүзүү эгмийг нь ороонго ургамал шиг л бүхэлд нь бүрхэх бол зарим хэсэг нь өнөөх даашинзны халхалж чадаагүй цээжийг нь далдалж байв. Надаас илүү бүр ааваас ч илүү өвөөг дуурайж уу гэлтэй харагдах ч ээжийг дуурайсан далайн хөх нүдтэй ажээ. Хүн бүр .... түүнтэй уулзсан хүн бүр түүнийг амьдралдаа харсан хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээн хэлнэ. Харин энэ үгийг сонссон Ридэ ичсэндээ хацар нь тоор аятай ягаарах бөгөөд доош ширтэхэд нарны гэрэлд сормуус нь сүүдэртэн харагддаг байлаа. Хумсаа улаан хүрэн туяатай будгаар будах бөгөөд яг л даарснаас болоод гар нь улайчихав уу гэлтэй харагддаг байв. Үүнийг харсан ямар ч эрэгтэй гарыг нь атгаад дулаацуулахыг, хүрмээ тайлж өгөхийг, ер нь үүрд хамгаалах юмсан хэмээн хүсэхэд хүргэдэг байлаа. Ридэ өөрөө ч үүнийг сайн мэддэг бөгөөд үүнд тун их дуртай байв.
YOU ARE READING
•Half Teleport•
FanfictionТэд хөөрхий хүмүүсийг хэрхэн зовоох талаар огтхон ч боддоггүй. Зөвхөн өнөөх адын хүсэл нь хяналтаас гарч хор хортойгоо нэгдвэл яах бол хэмээн бодно.