6. Чикагогийн хүү

62 9 0
                                    

Тавдахь өдөр бусад өдрүүдийг бодвол суух хичээл харьцангуй бага тул сургуулийн дөрвөн давхарт байх урлангийн өрөөнд ихэнх цагаа өнгөрүүлдэг юм. Энэ урланг надаас гадна Урлаг судлалын нэгдүгээр дамжааны хүү мөн Уран зургийн  гуравдугаар дамжааны залуухан сурреалист зураач ашиглана. Бид гурвуул өөр өөрсдийнхөө хэсэгт суун зурган дээрээ ажиллаж байлаа. Миний хажууд суух гэрэлтсэн инээмсэглэлтэй хүүг Нана гэнэ. Овог нь На учир ийн дуудах болсон хэрэг.Бяцхан Нана надтай дахин дахин яриа өдөхийг оролдов.

- Рита, та энэ жилийн тэтгэлэг авсан оюутны зургийг харсан уу?

- Үгүй ээ, хараагүй юм байна.

- Өнгөрсөн долоо хоногт үзэсгэлэн дээр нь очсон юм. Тэнд бас өнгөрсөн жилүүдийн шагнал авсан сурагчдын бүтээлүүд ч байсан.

- Бурхан минь, Нана. Ядаж ажиллаж байхдаа ярихаа болиоч дээ. Чамайг жаахан болохоор чинь л Рита өхөөрдөөд яриаг чинь хүлээцтэй сонсож байгаа болохоос биш би бол аманд чинь томхон давуу чихчихмээр байна шүү! Хажуу булангаас Жонни огцом уурлан ийн хэллээ. Надаас өөр нь тэр тамхиных нь саарал утаа хаа сайгүй тархсан нам гүмхэн өрөөндөө Вивалдигийн Шуургийг тоглуулангаа мөстэй виски балгалж суух дуртай төрлийн хүн. Иймээс л бяцхан Нанагийн шулганан ярихыг сонсох бүрдээ ийн гомдоллоно.

- Боль доо, Жонни. Нанагийн эрч хүчтэй байдал нь надад харин ч таалагддаг. Чи  ч гэсэн зогсоо зайгүй тамхи багиулж уурыг минь хүргэдэг байснаа санаж байна уу? Тэгээд Нана, чиний сэтгэлд нийцэх бүтээл байв уу? Бяцхан хүү ялалт байгуулсан аятай мишээн биеэ цэгцлэн суув.

- Яахав хүн хүний бодол өөрөөс хойно. Заримыг нь яаж яваад энд ирснийг нь гайхахаар бүтээлүүд олон байсан ч ... Тийм ээ, Рита. Миний сэтгэлд нийцсэн нэг бүтээл байсан.

- Тэгээд ямархуу байсан юм бэ дээ.

- Урт үстэй нэг эмэгтэй. Үсэндээ улаан туузтай. Өнөөх тууз нь бүхэл биеийг нь хүзүүг нь хүртэл боомилон ороочихсон. Эмэгтэй баруун гартаа туузны нэг үзүүрийг чанга атгаад.... яг л өөрийгөө боож алах гэж байгаа мэт. Тэгсэн атлаа нөгөө гар нь нүдийг нь хаасан туузыг салгах гэж оролдож байх шиг санагдсан. Өөрийгөө хөнөөхийг оролдож байна уу эсвэл аврахыг оролдож байна уу гэдгийг нь тодорхойлоход хэцүү, тийм баримал байсан. Их удаан ажилласан аятай харагдсан. Үсний ширхэг, туузны эргэлт, хөдөлгөөн бүрийг нь их нарийн гаргасан байна лээ. Жонни зурахаа болилоо. Бийр барьж байсан гар нь яг тэндээ хөшсөн аятай үлдэж амьсгалахаа болив уу гэлтэй чимээгүй болчихов.

•Half Teleport•Onde histórias criam vida. Descubra agora