Муу залуу гэдэг тодорхойлолт яагаад оршин тогтнодог гэж бодож байна? Тэр яг л тахал аятай өөрөө ч мэдээгүй байхад чинь чамд наалдаж орхино. Чиний хүсэж байсан эсэх үүнд огтхон ч хамаагүй тэд л хүссэн бол чи үүний хохирогч. Хамаг шим шүүсийг чинь өөртөө авч үүний үр дүнд чи шархалсан бас хүчгүй, сул дорой нэгэн болж үлдэнэ. Үлдэх ч үгүй байж мэднэ.
Нэр нь хүртэл тахал байгаа биз? Муухай байгаа биз? Хэн ч үүнийг хүсэхгүй шүүдээ. Хэн ч өөрийгөө үгүй хийх зүйлийг хүсэхгүй. Хэн ч тэгж их уйлж, тэгж их шаналаж, тэгж их өвдөхийг хүсэхгүй байсан. Тэд бол өөрсдийгөө ямар аюултайг мэдэх ч хувь тавьлантайгаа эвлэрчихсэн амьтад. Дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Ямар ч тахал нь ирсэн сулбайж уналгүй эрч хүчтэй байх хэрэгтэй.
Гэхдээ намайг өөрийгөө дархлаажуулж эхлэхээс өмнө тэр гараад ирсэн. Би амжаагүй. Энэ хэтэрхий гэнэтийн бас төсөөлөөгүй байсан.
Яг л өчигдөр намайг танихгүй хүн аятай харцаар ширтээгүй юм шиг, намайг тэнд орхиж яваагүй юм шиг, ер нь юу ч болоогүй юм шиг инээмсэглээд нэрийг минь дуудан гараа даллан зогсоно.
Би өсгийтэй гутлан дээрээ яг долоон удаа гишгээд түүний урд зогссон. Энэ долоон алхам байгаагүй бол би ирээдүйд ямар байх байсан бол?
"Үзэсгэлэнтэй харагдаж байна"
Би юу ч сонсоогүй юм шиг баймаар байсан ч өөрийн эрхгүй гараа үсрүүгээ явуулан чихнийхээ араар хийсээр инээлээ.
Магадгүй би гараа урдаа аван зэхэлзээд "Энд юу хийж яваа юм, өчигдөрхөн л танихгүй байсан биш бил үү" гэж хэлэх хэрэгтэй байсан юм.
"Энд байх чамд илүү зохиж байна" тэр эмнэлгийг минь тойруулан харан хэлчихээд "Оройн хоолоо идсэн үү?"
Бид түүний машинд явах бөгөөд тэр хачин чимээгүй явна. Би дахиад л бодол боллоо. Би түүнтэй цуг байхдаа хоёр өөр хүнийг үргэлж мэдэрдэг.
Ганц секунд ч эргэлзэхгүй хэн нэгний хурууг хойш нь дарж, танихгүй мэт хоосон харцаар ширтсээр явдаг анх уулзсан шиг хүйтэн хөндий залуу.
Сайхан инээмсэглэлээр инээгээд юу ч юм ярих дурламаар залуу.
Бид дундаа ганц, хоёр өнжөөд үргэлж уулздаг боллоо. Уулзаагүй үед тэр үргэлж намайг байхгүй мэт аашлан ор сураггүй алга болно. Уулзсан үедээ намайг яг л өөрийн чухал хүн мэт харьцана. Сайхан үгс бүрт нь нуран унаж, инээмсэглэл бүр нь нүд сохломоор үзэсгэлэнтэй байсан. Тиймээ тэр миний түүнээс зааглагдаж байсан тэр нэг инээмсэглэлийг надад харуулж, тэр нэг үгсийг өдөр болгон хэлж энэ бүхний эцэст би дурлачихсан.