Би толинд өөрийгөө харан нэг гүнзгий амьсгал авчихаад угаалгын өрөөнөөс гаран байдлыг дахин нэг ажиглавал өрөөнд тэр бүсгүйгээс гадна хоёр залуу зогсож байх нь тэр.
Намайг гарч очиход тэд яриагаа зогсоох ба Тэмин над руу тийм гэхийн аргагүй түүнээс олж харж байгаагүй харцаар ширтсээр нүд цавчилгүй дагуулан харна.
Би түүн рүү орилж хашгачиж уурлаагүй ээ. Зүгээр л анх байсан шигээ түүний хувьд хэн ч биш тэр нэгний хувиар чимээгүйхэн гарахыг илүүд үзэж өөрийгөө аргадав.
Тэр намайг хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байгаа аятай юу ч хэлэлгүй зогсоход би шүүгээн дээр намайг ав гэсэн аятай ил тавьсан хэтэвчнээс мөнгөө авсаар эргэж ч харалгүй гарч явлаа.
Цахилгаан шатаар буун үүд хэсэгрүү дөхөх үед л гадаа бороо орж эхлэснийг би сая л анзааран яг тэндээ намдах хүртэл нь хүлээхээр болсон юм.
"Саяхан л нартай байсан юмсан" би өөртөө шивнээд ойрын хэдэн жил хараагүй гэнэтийн бороо, гэнэтийн тэнгэр бүрхэлтийг нүд салгалгүй ажина.
Би өөрийгөө тэнгэр шиг мэдэрч байна. Яг л энэ тэнгэр шиг миний борооны хар үүл болж ирсэн чи. Орчлон хорвоог бороон дуслаараа угааж гэрэлтүүлсэн ч цор ганц намайг л ниргэж, цахилж, уйлуулсаар дууслаа. Цор ганц заяасан нарыг минь хүртэл чи халхалчихаад солонго татах ч завсар өгсөнгүйдээ.
Толгойд минь эргэлдэх бодол их байсан тул хөлөө чилэхийг үл анзааран зогсоход мөрөн дээр минь хэн нэгэн товшсоноор бодит байдалд ирэн эргэж харахад буудлын ажилтан "Уучлаарай, манайд шүхэр байгаа та машины зогсоол хүртэл хэрэглэж болно эсвэл таксийг тань үүдэнд ир гээд залгаад өгөх үү?"
Би "Хэрэггүй дээ намдах гэж байх шиг байна"
Үнэхээр ингэж хэлсэний дараагаар бороо зогсож, үүлс нүүсээр жаргаж буй нар хурцаар улааран доошлож буй нь цухуйв. Буудлын хаалгаар гарч ирэн сандал дээр суун үргэлжлүүлэн бодолдоо аялана.
Чамайг хүлээх зуур ...
... Би жиндүү үлээх салхинд бээрсэн гараа халаасан дотроо тас атган суудагсан. Даарсандаа бус сандарсандаа, чамайг ирэхгүй байхвий гэж айсандаа... Хүйтэн салхи хүртэл надад чамаас илүү нөлөөлж чаддаггүй хэвээр.
Харин энэ удаа би өөр зүйл мэдэрсэн. Чамтай учирснаас хойш анх удаа надад цаг агаар нөлөөлөв. Жаргаж буй нар яг л сүүлийн удаа мандсан мэт галзууран шатсаар хэтэрхий хурц тусаж, саяхан орсон борооны чийг даах үнэр хамарт сэнх хийж, гар минь цүнхнээсээ зууран чанга атгаатай биш хурц нарны туяаг халхлах гэж нүүрнийхээ урд барьсан чигтээ би дээш харан инээмсэглэж байгаагаа мэдэрлээ.
Чи биш нь сайхан юм
Чи биш борооны үнэр сайхан үнэртэж
Чи биш нар намайг инээмсэглүүлж
Чи биш орчлон дэлхий намайг бүлээцүүлж ... бас тайван амьсгал авхуулж байна. Энэ урт хугацааны дараа чи биш байгаа нь хичнээн сайхан байна гээч.
Гараа нүүрнээсээ холдуулан нарны илч бас дулааныг мэдрэхдээ би инээмсэглэсээр суудлаасаа өндийн машины зогсоол дээр байрлах такси руу алхаж эхлэв.
Долоо алхаад л би энэ барилгын булангаар эргээд явах болно. Долоон алхам. Юм бүхэн эхлэл бас төгсгөлтэй. Анх чамруу очсон долоон алхмыг би тод санаж байна. Тэр үед чамайг надруу инээмсэглэн даллаж байгааг хараад юу ч бодолгүй чам дээр очиж байсан ч, чамаасаа явахдаа би бодолдоо идэгдсээр алхална.
Өсгийтийн чимээ долоо дуугарсангүй. Магад түүнээс их дугарсаар алга боллоо.
Биш байж , чам дээр очиход долоохон алхам хэрэг болсон ч чамаас явахад түүнээс ч олон нь хэрэгтэй байж.
Энэ хүртэл их хол байлаа хайрт минь ...