Тэд салаад зургаан сар өнгөрөхөд Тэхён зуны амралтаараа Солонгост буцаж ирлээ. Үнэн хэрэгтээ тэр ирэхийг хүсээгүй ч аавынхаа хүүтэйгээ уулзах гэсэн хүслийг сонссон учраас бодлоо өөрчилсөн юм.Түүнгүйгээр өнгөрсөн зургаан сар.
Жонгүггүй өнгөрөөж буй хором мөч бүхэн хараал идмээр хөгийн байсан ч, өрөвдөлтэй нь Тэхён үүндээ дасчихсан. Санаад, санаад гарч ирэхгүй гэдэгтээгээ эвлэрсэн...
Онгоцны буудал дээрээс аавынх нь жолооч түүнийг тосон, удаан уулзаагүй эцэг хүү хоёрыг уулзуулахаар Ноён Ким ажил руу хурдлав. Аавынхаа ажил руу орохдоо Тэхён маш болгоомжтой нууцлалтайгаар орох бөгөөд амжилттай яваа улс төрч ямар ч алдаа дутагдалгүй байх ёстой учраас иймэрхүү зүйлийг үргэлж хийдэг. Ноён Кимийн олон нийтээс хүүгээ нуудаг хамгийн том шалтгаан бол тэр маш залуудаа эцэг болсон юм. Иймэрхүү мэдээлэл нь түүний нэр хүндэд нөлөөлөх томоохон хүчин зүйл.
"Аав?" Ажлынх нь өрөөний хаалгыг тогшилгүй орох бөх зүрхтэн түүний хүүгээс өөр үгүй билээ. Хүүгээ харсан эцгийн царайнд мишээл тодрон инээмсэглэсээр босож ирээд Тэхёнийг чанга гэгч нь тэвэрлээ. Хүүгээ эзгүйд Ноён Кимийн ойлгосон ганц зүйл бол түүний амьдралд хүү нь ямар том орон зай эзлэдэг гэдгийг ухаарсан явдал байв. Гадагшаа явуулсан нь өөрийнх нь шийдвэр байсан ч, энэ шийдвэртээ харамссан тохиолдол цөөнгүй.
"Том эр болжээ" гэж хэлээд духан дээр нь зөөлхөн үнсэв. Сайн ажиглавал Тэхён хэдэн сарын дотор үнэхээр өөрчлөгдсөн байлаа. Дээгүүр харж, үе үе үл тоосон мэт ширтдэг байсан харц нь зөөлөрч дөлгөөхнөөр солигдон, мөн багагүй өндөр болсны дээр цээж нь өргөсөж булчин суужээ. Тэр жаалхүү байхаа больчхож.
Хүүгээ ирсэн учраас Ноён Ким өнөөдрийн ажлаа шууд орхин гарч оройн хоолны цаг хараахан болоогүй байсан ч хамтдаа хооллохоор ажлаас нь гарцгаав. Тэд Тэхёний дуртай хоолыг идэхээр ямар нэг тансаг зэрэглэлийн ресторан руу явах замдаа элдвийг ярилцана. Ноён Ким Тэхёний гадаадад өнгөрүүлсэн амьдралыг сонирхон асуух бол, Тэхён аавынхаа ажлыг хэр бүтэмжтэй байгааг, сонгуульд ялсны дараа шинээр олгогдсон үүрэг, дараа дараагийн өрсөлдөх боломжтой сонгуулиудын талаар ч мөн асууна. Энэ үед Ноён Ким хүүгээ үнэхээр том болсон гэдгийг дахиад нэг харлаа. Тэхён өмнө нь аавынхаа ажлыг ингэтлээ сонирхож ярилцаж байсан удаагүй. Зөвхөн бие хаа гадаад төрхөөрөө том болоод зогсохгүй, үзэл санаа бодол нь мөн том болжээ. Ярьж явсаар тэд ирэх ёстой газартаа ирэхэд, Ноён Кимийн нарийн бичиг болон хэд хэдэн ажилтан түрүүлж ороод чимээгүйхэн зохицуулалт хийв.
Тэд барилгын нууц цахилгаан шатаар дээш өгсөж, ресторан руу зөвхөн ажилчдынх нь ордог хаалгаар нэвтэрч, VIP өрөө рүү нь олон хүнд харагдалгүй орцгоолоо. Хоолны цэс хүлээн сууж байтал Ноён Ким ариун цэврийн өрөө явахаар босов. Тэхёнийг утсаа оролдон суух хооронд хаалга онгойн зөөгч орж ирэх шиг болоод, түүний урд хоолны цэс тавилаа. Хэсэг эргүүлж тойруулан харж байгаад сонгосон хоолнуудаа бүгдийг нь хэлээд, "Баярлалаа" хэмээн дээш хартал танил хүн түүний хажууд зогсож байв. Хичнээн нүүр буруулан цааш харан, газар шагайн доошоо харж зоссон байсан ч хаанаас нь харсан ч танина шүү дээ.
"Ж-Ж-Жонгүг?" гэсэн ч Тэхён өөртөө эргэлзэж, төсөөлөл байхвий хэмээн нэрийг нь зөөлхөн дуудав. "Уучлаарай та хүн андуурсан байна" Ингээд Тэхён түүнийг мөн гэдгийг мэдлээ. Учир нь хоолой нь мөн байна, Тэхён дахин давтагдашгүй түүнийхээ гайхалтай хоолойг таньсан байлаа. Эргэж хараад явахаас нь урьтаж Тэхён бугуйнаас нь барьж аваад, "Жонгүг... би чамайг таниж байна. Яаж танихгүй байж чадах билээ дээ? Гуйя надтай түр уулзаач тэгэх үү? Хэрвээ чамайг завгүй гэвэл би тартал чинь хүлээж чадна. Уулзаж удаан суухгүй юмаа гэхэд ядаж жаахан ч гэсэн ярилцъя гуйж байна" Яг энэ үед Ноён Ким орж ирж таарсан тул Жонгүг түүний гарыг сэмхэн тавиулаад, "Уучлаарай та үнэхээр хүн андуураад байна" гэснээ өрөөнөөс гарчхав.
Тэхёний гайхширал одоог хүртэл арилаагүй байгаа бөгөөд гайхан аав руугаа харснаа, "Аав би нөгөө... сая би-" гээд гацаж түгдэрч байх хооронд нь Ноён Ким, "Тэгээ, хурдан яваад түүн дээр оч" хэмээхэд Тэхён гүйсээр өрөөнөөс гарч одлоо.
...

YOU ARE READING
We're Just Teenagers
Short Story...Биднийг залуу байгаад уучлаарай. Жич: Уншигч та нас намбаа бодож уншина уу гуйж байна.