====================
Зуны амралт эхлээд 7 хонож байв.
Эммид албаны ажил гарсан тул төлөвлөж байсан хугацаанаасаа эрт Дубай явахаар болжээ. Ачаагаа бэлдэх зуураа бяцхан Сэүнд юу хийх, яах талаар нь багагүй их заавар өгнө.
Эцэст нь тэр бэлэн болсон бололтой түүний өмнө ирж суугаад "Төлөвлөж байснаасаа эрт явж байгааг минь уучлаарай. Миний хүү асрагч эгчийнхээ үгэнд сайн орно шүү. Бас Итали явтлаа шатрын сургалтаа таслахгүй яваарай. Ээж нь өдөр бүр холбоо барьж байна аа" гэсээр хүүгийнхээ толгойг илэхэд
Хүү тайван гэмээр хэвлүүхэн инээмсэглэл тодруулаад "Ээжээ би аль хэдийн 7 нас хүрсэн, одоо том болсон. Иймэрхүү зүйлд санаа зовох хэрэггүй дээ. Би өөрөө хуваарь гаргасан. Яг түүнийхээ дарааллаар хийгээд явж байгаа" гэв.
Эмми аль хэдийн хүүгээрээ бахархаад эхэлсэн мэт сэтгэл хангалуун инээмсэглэл тодруулсаар "Мундаг хүү шүү. Ээж нь Дубайд очоод залгана аа. Бас өдөр бүр холбоо барих болохоор миний хүү ч бас ээж рүүгээ хүссэн үедээ залгаж байгаарай. Аа бас Итали явахынхаа өмнө найзынхаа аав ээжийг надтай яриулаарай. Очоод өдөр бүр зургаа явуулж байгаарай"
Хүү "Тэгнэ ээ та санаа зоволтгүй"
Эмми "Танихгүй газар ээжийгээ санаад хэцүү байвал заавал хэлээрэй. Ээж нь шууд нисээд л очно"
Хүү "Ээжээ! тэгвэл жинхэнэ онигоо биз дээ. Тэгээд ч дандаа миний үеийн хүүхдүүд байхад юу нь хэцүү байв гэж дээ. Харин ч бие дааж сурах сайхан боломж. Зусланд хүүхдүүд ямар их зүйл сурч болдгийг та мэдэхгүй байна даа" хэмээн нөгөө л нэг том хүн шиг хэвлүүхэн төрхөө гаргана.
Иймэрхүү төрх гаргахаараа аавтайгаа усны дусал шиг адилхан болдгийг ч хэлэх үү, хүүгээ харах бүрдээ л Эмми Сэүнийг санагалзана. Гэвч ингээд насан туршдаа түүнийг хайрлах өөр нэг Сэүн байгаа нь л хамгийн том аз жаргал мэт.