====================
Сэүн одоогоор ажилчид болон ажил олгогч нарыг зуучилж өгдөг, мөн тэдгээрийн хооронд хийгддэг гэрээ хэлэлцээр, нэмэлт урамшуулал, цагийн хуваарь, эрүүл мэнд болон аюулгүй ажиллагааны хяналт гэм мэт бүх нарийн ажлыг төлөвлөж хоёр талд аль алинд нь ашигтай байлгах нөхцөлийг бүрдүүлдэг хувийн компани ажиллуулж байна.
Цагийн ажил хайсан иргэнээс эхлээд, бүтэн том төсөлд орох багийг бүрдүүлэх хэмжээний өргөн цар хүрээтэй ажиллаж эхэлсэн нь түүний хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлийн биелэл гэлтэй.
Түүний өөрийн туулж өнгөрөөсөн ажил болон амьдралын туршлага дээр үндэслэн бүтээсэн энэхүү компани ганц өрөөнд байрладаг жижиг зуучлалын төв болон хаалгаа нээсэн ч одоо компани хэмээн нэрлэгдэх хэмжээнд хүрэхүйц ажиллаж байна.
20 гаруй ажилчидтай мөн өөрсдийн гэсэн оффистой болоод амжжээ.
===============
Өглөө нь:
Сэүн одоо цагийн ажилчин бус өөрийн бүтээсэн компанид захирал хэмээн дуудуулах болсон тул амьдралд нь гэнэт гарч ирсэн хүүтэйгээ учраа олох ёстой энэ чухал цаг мөчид ажлаа түр хойшлуулан хэд хоног очиж чадахгүй гэдгээ нарийн бичигтээ дуулгалаа.
Үүний дараа өглөөний цай бэлтгэхээр гал тогооны өрөө рүүгээ оров. Энэ бүхэн өрнөж байхад бяцхан Сэүн тухтай гэх чинь унтсаар байлаа.
Төрсөн цагаас нь хойш эзгүй байсан тэр том орон зайд байх ёстой тэр хүнийг олоод ирсэн болохоор санаа нь амарсан байх. Гэртээ хүртэл ингэж их унтдаггүй атлаа аавынхаа гэрт ирээд нам унтаж байгаа нь энэ.
Сэүн өндөг талх шарж, аягатай сүү болон жимс бэлдэж тавилаа. Өглөөний цай бэлэн болсон ч хүү нь гарч ирэхгүй байсан тул сэрээх үгүйдээ эргэлзэн сууна.
Ширээн дээр өрж тавьсан өглөөний цайгаа дахин дахин нааш цааш хөдөлгөн янзалж байтал "Өглөөний мэнд" хэмээх хүүхдийн нарийхан хоолой түүний чихэнд сонсогдоход Сэүн эргэж харав.