Нэг...

4.1K 190 3
                                    

Хаа явсан газар нь алдалгүй дагаж, хурдыг нь гүйцэхийн тулд би эцэж ядартлаа зүтгэж байна. Туйлдаа хүрч байх шиг байна. Юуны хурдыг вэ гэж үү? Энэ амьдралын. Цаг хугацааны. Бас бусдын амьдралын. Хүн бүхэн надаас нэг алхам урд яваа юм шиг. Би л ганцаараа хойно үлдээд, яахаа мэдэхгүй төөрөлдчихсөн юм шиг. Бүх хүнд зорилго, хүсэл мөрөөдөл байхад би л ганцаархнаа юугаа ч мэдэхгүй яваа мэт. Анх надад "явах" гэсэн ганцхан хүсэл байсан. Харин тэр нь одоо "зугтах" болж өөрчлөгдсөн. Аливаа зүйл нэгээс нөгөөд шилжихдээ ямар хурдан, ямар амархан бэ гэдгийг би мартаж орхиж. Миний хайр үзэн ядалт болон хувирсан тэр явдал ч мөн ялгаагүй маш хурдан, маш амархан байсан.
Миний анхны хайр.
Миний анхны шаналал.
Энэ амьдралын хурдыг би гүйцэхгүй нь ээ.

Нэг...
... Би эхнийхээ алхамыг хийлээ гэж бодсон. Шинэ амьдралаа эхлүүлэх эхний алхам. Гэтэл миний төсөөлж байснаас өөр байх юм гэж хэн мэдэх билээ. Гэвч би хэзээ ч тоолохоо зогсоохгүй. "Нэг... Хоёр... Гурав... Дөрөв..."

Баасан гаригийн нэгэн дулаахан орой. Хүн бүхэн л зуны сайхан цаг агаар, амралтын өдрүүдийн төлөвлөгөө гээд л догдолчихсон. Зөрсөн хүн бүхэн л хаашаа ч юм яарсан, тэмүүлсэн, ямар нэг зорилготой... Харин би энэ дунд хаашаа явахаа мэдэхгүй алхаж байна. Хуучны загвартай даашинз, энгийн углааш, том цүнхтэй яваа би шөнийн цэнгээний газарлуу ингээд орох аргагүй. Намайг оруулахчгүй. Гэртээ харьдаг ч юм уу гэж бодох хэдий ч гадаа дэндүү сайхан цаг агаартай байгааг хэлэх үү, буцвал харамсах юм шиг санагдана. Casey гэртээ бараг байна гэж үгүй учир би ганцаараа амьдарч байгаагаас ялгаа алга. Дэлгүүр хэсэх үү, кино үзэх үү, цэцэрлэгт хүрээлэн орж суух уу гээд л олон бодол толгойд эргэлдэж гарав. Нар жаргаад удаагүй. Тэнгэрт өнөө л үзэсгэлэнтэй өнгө будгийн нийлэмж үзэгдсэн хэвээр. Тэнгэрт шувууд нисээд л, залуучууд дугуй унан хурдлаад л. Ингээд би удалгүй гэрийн минь ойролцоо байдаг фитнессийн гадаа хүрээд ирэв. 2 давхрын шилэн цонхнууд нь доторх орчинг ерөнхийд нь ил харуулах аж. Зөөлөн шаргал гэрэлтэй, олон тоног төхөөрөмжтэй. Нэг залуу яг наашаа, цонхоор харагдах бүхнийг ажин гүйлтийн зам дээр гүйнэ.

Гэтэл гэнэтхэн толгойд "Би ер нь яагаад биеэ хөгжүүлж болохгүй гэж? Ойрд жин нэмээд хувцас ч бариад байдаг болсон шүү дээ" гэх бодол зурсхийн орж ирлээ.

Үгүй ээ, нээрээ яагаад болохгүй гэж? Сэтгэл санаа амарч тайвшраад, дээр нь жингээ ч бариад, байнга бодогддог дарамттай бодлуудаасаа огт өөр зүйлд төвлөрөөд харин ч сайхан хэрэг байна.

"Надад танин мэдэх хүсэл байна"Where stories live. Discover now