Хэн нэгнийг оллоо гээд өөрийгөө гээж болохгүй...
Би өмнө нь өөрийнхөө ертөнцийн талаар, өөрийн жинхэнэ хэн болох талаар огт дорвитой бодож байгаагүй юм байна.
Миний ертөнц бол "манан", "сар", "шөнөөр асах үзэсгэлэнтэй гэрлүүд", "туйлын туяа", "бороо", "ой мод", "дуу хөгжим"... ер нь л гуниг бас ганцаардалтай холбоотой юм бүхнийг өөртөө агуулсан тийм л газар. Үзэсгэлэнтэй ертөнц. Би өөрөө ч мөн хүйтэн хүн. Хэн нэгэн хүн нааш ойртвол ганцаардал, гунигаас минь болж даардаг байх. Тиймээс л намайг тэвэрдэггүй, үнсдэггүй, гараас минь хөтөлдөггүй... Ойртдоггүй.
Хүйтнээс эмээхгүй хэн нэгэнтэй учирмаар санагдана. Эсвэл намайг бүлээцүүлж, дулаацуулж чадах хэн нэгэнтэй.•Тав
Би түүнтэй дахин уулзаж хамтдаа алхсан гэж хэлмээр л байна. Гэхдээ тэгээгүй. Би хэд хоног гэрээсээ гараагүй. Хэдий онгорхой цонхоор тамхины утаа үнэртдэг байсан хэдий ч би таарахыг хүсдэггүй байлаа. Ер нь л би гэрээс минь өөр газар, Casey-гээс өөр хүн байхгүй мэт л байсан гэхэд болно. Үнэндээ түүнтэй таарья гэж тэгтлээ их хүсээгүй гэдгээ ч нуухгүй ээ. Учир нь би өөрийнхөө мулгуу гэдгийг мэдэх учир хайр гэх мэт хачин мэдрэмжинд ороогдож магад гэж айсан юм. Тэгвэл би л зовно шүү дээ. Нэг газраа удаан тогтдоггүй минь бас нэг шалтгаан. Нэг л өдөр би эндээс нүүж, хачин хөршөө мартах шаардлага гарна. Тиймээс анхнаасаа хэт ойр байгаад хэрэггүй биз. Надад дотны найз нөхөд, танилууд гэх зүйл одоо хэрэггүй.
.
.
.Хэзээ ч юм нэг өдөр аав ээж хоёр минь найзуудаараа аялалд явж байгаад бие биедээ ухаангүй дурласнаа ойлгосон юм. Тэд намайг төрүүлэх бэлтгэлгүй, хоёулаа л залуухан бас айдастай байсан. Гэхдээ л эцсийн эцэст би төрсөн юм даа. Дараа нь тэд харамсаагүй гэсэн. Мэдээж надад тэгж л хэлнэ л дээ. Үнэн гэвэл... Хэрэв би төрөөгүй байсан бол ээж минь загвар өмсөгч, аав минь гүйлтийн чадварлаг тамирчин болох байсан...
Надад ч бас мөрөөдөл бий. Би юм оёж, янзлах дуртай. Багаасаа л бамбарууш, хүүхэлдэйнүүддээ хувцас оёж, гэрт байгаа эвдэрч муудсан зүйлийг засах дуртай байсан би өөрийгөө ийм замаар явах ёстой гэж мэдэрдэг байсан. Засаж янзлах, юмханаар юм хийх тал дээр ааваасаа ч илүү байсны гол учир бол өвөө минь. 13 нас хүрэхдээ би өөрөө чихмэл тоглоом хийж эхлэн нилээн сайн явж байсан ч эмээ өвөө хоёрын минь бие өвдөж, би ч хийж байгаа зүйлсээ болихоос аргагүйд хүрсэн.
Тэд хайраараа холбогдсон байсан. Нэг нь өвдөхөд нөгөө нь өвдөж, нэг нь насан эцэслэхэд нөгөө нь ч хамт явж одсон.

YOU ARE READING
"Надад танин мэдэх хүсэл байна"
Romance-За тэгвэл бусдын олдог, миний олдоггүй зүйлийн тухай ярилцъя. -Тэр чинь юу билээ? -Хайр. /Дууссан/ Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах болон хуулахгүй байхыг анхааруулъя. :)