Та бүхэн уншиж байхдаа уг аялгууг сонсоорой :)
"Spiegel im Spiegel One Hour Stretch"
Би өнгөрсөн бүхний тухай бодож байна. Анх түүнийг харснаа, түүнтэй үг сольсон тэр үеийг. Тэр намайг үзэсгэлэнтэй гэж хэлж байсныг. Бас тэр маш нээлттэй байсныг.
Тэр яагаад байнга л өөр өөр хүн шиг байдаг юм бол?
Нэг бол маш нээлттэй, хөгжилтэй. Эсвэл их ууртай, ширүүн. Үгүй бол дуугүй, даруу. Энэ бүхэн ямар учиртай юм бэ? Би бүр ойлгохоо байж байна. Ганц хоёрхон өдрийн дотор нэг хүнээс нөгөөд шилжичихдэг юм шиг. Яг одоо тэр бүхнээс зугтдаг, дуугүй үе дээрээ ирчих шиг боллоо. Яг юу болоод байгаа юм бол? Би үнэхээр мэдэхийг хүсч байна. Түүнд тулгараад байгаа асуудлыг, бэрхшээлүүдийг. Надад тэр аль ч байдлаараа таалагддаг боловч надаас зугтаж, уулзахыг хүсэхгүй байгааг нь мэдэх хэцүү байна.Би орой болгон тагтан дээрээ гарч зогсоод түүнийг хүлээдэг ч тэр гарч ирдэггүй. Намайг айлгасан гэж тэр бодож байгаа байх. Түүнээс зугтах, холдох хүсэл надад алга. Гэтэл тэр надтай ярилцаж, бодлыг минь ч асуугаагүй мөртлөө бие даан шийдвэр гаргаж надаас зугтаж байна.
.
.
.Баасан гаригийн орой.
Гадаа дулаахан. Хүмүүс ямар нэгэн хөгжилтэй зүйл хийхээр яарцгааж, баяр хөөртэй явцгаана.
Би баасан гаригт их дуртай. Хүн бүхэн л дуртай байх. Гэхдээ баасан гаригийн орой ганцаардах шиг хэцүү зүйл үгүйг би мэднэ. Хамгийн сайхан өдөр байх тусмаа ганцаараа гэдэг минь байдлыг дордуулж орхидог. Цаг агаар сайхан байвал, тэр өдөр олон сайхан үйл ажиллагаа зохиогдож байвал... Тэр тусмаа л надад хэцүү байдаг.Зарим хүмүүс намайг албаар энэ гунигтай, ганцаардмал байдлыг сонгосон мэтээр боддог.
"Чи өөрөө л тиймээр хүлээж авахаа болих хэрэгтэй" гэнэ.
"Чи өөрөө өөрийгөө л ийм байдалд оруулж байна" гэдэг.
Гэтэл би өөрт минь ямар асуудал тулгарчихаад байгааг ч ойлгохгүй байж яаж засаж, өөрчлөх болж байнаа? Надад ямар чөтгөр нь болоод байгааг мэдэхгүй байж би юуг нь гэж эрж хайж, янзлах юм бэ? Магадгүй надад асуудалгүй зүйл гэж нэг ч үлдээгүй байх. Миний бүх зүйл асуудалтай байх. Тиймээс л би энэ олон асуудал дундаас алийг нь эхэлж өөрчлөх гэж оролдохоо мэдэхгүй байгаа хэрэг. Яагаад инээж байгаа мөртлөө гунигтай байдагаа, яагаад бусадтай цуг алхаж байгаа атал оюун бодол минь огт өөр газар байдгийг, яагаад би өөрийн энэ ганцаардмал амьдралдаа дуртай юм шиг байдаг мөртлөө үргэж л хэн нэгэн рүү тэмүүлж байдагаа ч ойлгохгүй нь. Намайг хэн нэгэн хүлээж байгаа гэх бодол магадгүй намайг өнөөг хүртэл тэсэхэд тусалсан байх. Магадгүй надаас хэцүү амьдралтай хүнтэй би таарч, түүний асуудлуудыг шийдэхийг оролдох байх гэж найдсаар ирсэн. Би хэн нэгэнд тусалж чадна гэж бодсон. Гэтэл би өөрөө ийм олон асуудалтай байж хэрхэн бусдад туслах болж байнаа? Хэн өөрөөс нь дор байдалтай хүнээс тусламж авахыг хүсэх юм бэ? Тиймээс би зүгээр л энэ байдалдаа дасан зохицож амьдрахаас өөр аргагүй байх. Бас... Би Tommy-д туслах гэж оролдохоо болих хэрэгтэй байх. Би зүгээр л түүнд илүү их татагдаж байгаагаа болих хэрэгтэй. Цаг нь ирэхэд би эндээс дахиад л нүүх болно. Тэгээд яана гэж? Би хөгийн уйтгартай амьдралдаа улам живэх болно. Энэ бүхэн цөм мартагдана. Тэгээд л болоо.

VOCÊ ESTÁ LENDO
"Надад танин мэдэх хүсэл байна"
Romance-За тэгвэл бусдын олдог, миний олдоггүй зүйлийн тухай ярилцъя. -Тэр чинь юу билээ? -Хайр. /Дууссан/ Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах болон хуулахгүй байхыг анхааруулъя. :)