Би хүсэхгүй байна... Үгүй ээ, би огтхон ч хүсэхгүй байна.
Гэвч энэ мэдрэмж намайг одоо орхихгүй гэдгийг би мэдэж байлаа. Холдохыг хичээж ирсэн тэр зүйл минь хэдийнээ намайг олоод ирж. Яг л одоог хүртэл би өөрийнх нь мэдэлд байгааг сануулах гэсэн мэт.
Би буйдангийн зөөлөн үсийг биеийн эд эс ширхэг бүрээрээ мэдэрч, таазнаас дүүжлэгдсэн гэрлийн бүрхүүлээс өнгө өнгийн туяа цацрахыг харж эхлэх мөчид бүх зүйл хурдхан дуусаасай гэж л хүсэх авч дотроос минь ямар нэгэн зүйл энэ бүхнийг хүсэн хүлээж байсан мэт догдлон баясахыг ч мөн мэдрэв.
"Ингэж нэг юм" гэх аятай сэтгэл минь тайвширч бас давхар догдолно. Баруун хөлний минь гуяны орчим биржигнэх мэдрэмж төрж, энэ нь яг л эвгүй суугаад эргэн босох мөчид олон зүүгээр хатгах мэт болдогтой төстэй мэдрэмж байв. Тэр биржигнээн аажимдаа гар, толгой өөд өгсөж, удалгүй амьсгалтай минь цуг гадагшлахыг ч мэдрэв. Хоолойгоор минь явсаар амаар минь гарч явахдаа шүдийг минь хүртэл өнөө мэдрэмжиндээ автуулж дөнгөв. Дэндүү хачирхалтай, өөр мэдрэмж байсан тул шүдээ зуун мартах гэсэн ч зуусан даруй шүднүүд минь хоорондоо өнөө мэдрэмжийг дамжуулж, бие минь тэр чигтээ дагжин чичрэв.
.
Өглөө би зочны өрөөний буйдан дээрээ сэрэв. Толгой минь одоо хүртэл эргэсээр, гараа арайхийн өргөж нүүрний урдуур унжсан үсээ хойш илэв. Тааз ширтэн хэвтэж байхад толгойд минь ганц л бодол эргэлдэж байсан нь "дахиад". Сэрсэн даруйд л нэгэн мэдрэмж төрж байсан нь "шунал". Ямар нэг болохгүй зүйлийг суллаад тавьчихсан... Одоо тэр нь миний оюун санааг үймүүлж, мэдрэмжүүдийг минь хольж хутгаж байна. Босох гэсэн ч бие сульдсан байсан учир шуудхан өндийчихөж чадсангүй. Хэсэг хэвтэж байгаад арайхийн босч угаалгын өрөө рүү алхах үед өнөө чихрүүд нүдний үзүүрт харагдаад өнгөрөв. Орж ирээд толинд харахад хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол хамраас минь гаран хацар, чихрүү урсан тэр чигтээ хатаж орхисон цус байлаа. Сөрөг нөлөө нь асар хурдтай илэрсэн байна шүү гэж бодохын сацуу уртаар санаа алдаж, хувцсаа тайлан шалан дээр үлдээв. Шүршүүрийн хүйтэн усыг мэдэрч, тэр бүх бодлыг өөрөөсөө нэг мөсөн урсган хаямаар байсан ч болж өгсөнгүй.
Би дахиад хүсэх нь гарцаагүй. Дахиад л тэр новшийн зүйл рүү татагдан орох нь байна! Ийм зүйл байж таарахгүй. Үнэхээр байж болохгүй. Дахин орвол би гарч чадахгүй байх. Тэгснээс үхсэн минь дээр. Тийм ээ, үхсэн нь дээр.Хамгийн гол нь, тэр чихэр надад ирсэн нь тохиолдол биш. Энэ юу гэсэн үг вэ гэдгийг би мэднэ. "Тэд намайг олжээ." Тэгээд намайг "дайлж" байгаа нь тэр. Одоо би хаашаа явах ёстойгоо мэдэхгүй байна. Бас л өөр тийшээ нүүнэ гэж үү? Энэ том улс оронд орж нуугдах газар олон мэт боловч яг үнэндээ торойх юучгүй тал газар шиг санагдана. Надад яг л тэгж санагдаж байна.
ESTÁS LEYENDO
"Надад танин мэдэх хүсэл байна"
Romance-За тэгвэл бусдын олдог, миний олдоггүй зүйлийн тухай ярилцъя. -Тэр чинь юу билээ? -Хайр. /Дууссан/ Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах болон хуулахгүй байхыг анхааруулъя. :)