Долоо...

2.3K 150 3
                                    

Би дурлачихав уу эсвэл ганцаардаад байна уу? Үнэндээ аль нь илүү муу болохыг би хэлж мэдэхгүй байна.

•Долоо...

Өглөө босоод хамгийн түрүүнд толгойд орж ирсэн бодол... Өчигдөр хэрэггүй л ууж...

Уух үед, тэр тусмаа дарс толгойг минь маш ихээр өвтгөдөг гэдгийг би тэр үедээ тоогоогүй байж.

Хамгийн гол нь өчигдөр шөнө болсон зүйлс.

Тэр гараас минь атгаж, харин би түүнийг үнссэн. Хацар дээр нь. Жоохон хүүхэд шиг гүйж очоод хацар дээр нь үнсээд буцаж л байдаг би ёстой...

Өнөөдөр түүний царайг яаж харнаа. Ер нь өнөөдөр юу өмсөх вэ? Цэцэгтэй даашинзаа өмсөх үү, цулгайг нь уу? Хаана таарах бол? Хаалгыг минь тогших болов уу?

Нэг талаасаа энэ бүхэн айдас. Харин нөгөө талаасаа аз жаргал байлаа. Ийм догдлолыг мэдрээгүй удсандаа ч юм уу одоо маш сайхан санагдаж байна. Юу өмсөх вэ, үсээ яах вэ гэх мэтээр сандарч догдлоно гэдэг үнэхээр сайхан юм.

Цаг харвал хэдийнээ 12 цаг болсон байлаа. Өглөө 9 цагаас энэ хүртэлх цагийг би ердөө л мөрөөдөж, төсөөлж хэвтэхэд зориулжээ. Гэхдээ надад хийх зүйл үнэндээ байсангүй. Түүнийг хаалга тогших хүртэл хүлээнэ эсвэл тамхи татаж байгааг нь мэдэх хүртэл жижигхэн өрөөндөө хэвтэнэ гэдэг бэрх санагдана. Ийнхүү би дахин цаг орчим дэмий суусны эцэст хөргөгчин дотор хаа хамаагүй чихэж хийсэн хоол хүнсний зүйлсээ эмх журманд нь оруулахаас хамаг ажлаа эхлүүлэв.

Дараа нь гэрээ цэвэрлэж, юмаа удтал эмхэлж цэгцэлсний дараа хувцаснуудаа ч мөн угаав.

Эцэст нь хийх зүйлс дуусч, маш их өлсөж байсан учраас өөрөө өөртөө хоол хийх болоход цаг аль хэдийн 4 болжээ.

Тэр энэ бүх хугацаанд хаалга тогшсонгүй. Үнэндээ түүнийг хаалга тогшихгүй байгаад тавгүйтэж байсан тул би аль болох сатаарах гэсэндээ л цэвэрлэх шаардлагагүй байсан ч цэвэрлэсээр, арчсаар байсан хэрэг.

Өөрийгөө сатааруулж, догдлолоо дарахыг хичээх нь бас хүлээж ядах нь үнэхээр... новшийн мэдрэмж юм аа.

Ямар уйтгартай, бас залхуутай халуун өдөр вэ?

Хэн нэгэн хүнд дурлах ямар байдгийг би мэднэ. Хөгжилтэй, галзуу гэмээр аз жаргалтай охин байхдаа би дурлаж, болзоонд яван догдолж байсан ч энэ удаагийнх тэс ондоо мэдрэмж төрүүлэх нь хачирхалтай. Яг л чи өөрийн төсөөлсөн зүйлийг хайж явтал тэрнээс бүр хэд дахин сайхан, хэд дахин өөр бас давтагдашгүй зүйлийг олсон юм шиг. Өмнө нь хайж байснаас чинь хавьгүй илүү... Өмнөх бүхнийг мартаж шинэ олсон тэр зүйлд л шунан тэмүүлэх шиг. Би өнгөрсөн бүхэн минь хэзээ ч болоогүй мэт байж чадаж байгаагийнхаа учрыг гайхаж байна. Яг л би хэзээ ч шархлаагүй мэт. Амьдралд минь арилгаж боломгүй хар толбо болон үлдсэн бүхэн хэдийнээ арчигдсан мэт. Би хэзээ ч муу хүн байгаагүй мэт.

"Надад танин мэдэх хүсэл байна"Wo Geschichten leben. Entdecke jetzt