Хааны шийдвэр

21 5 0
                                    

"Бурхдын хотод хүн амьдруулна гэдэг байж боломгүй хэрэг. Тэрнээс илүүтэйгээр Раяли бурхан биш. 

Тэр одоогоор ордон доторх замуудыг, Анкорагаас дэлхий рүү гарах усан сувгуудыг, хот хооронд дамжих гарцыг гээд бишгүй их юм мэдэж байгаа. 

Энд хоёр жил байх хугацаандаа үүнээс ч илүүг мэдэх байх. Энэ нь түүнийг тагнуулуудын бай болгохоос өөр юу ч хийхгүй, учир нь Раяли бурхдаас ялгаатай нь, тэр өөрийгөө хамгаалж чадахгүй. 

Тиймээс Раялиг энд хоёр жил үлдээх нь Анкорад эрсдэлээс өөр юу ч авчрахгүй. 

Түүнийг шууд л бурханы дүрээс нь салгаад дэлхий дээр нь аваачсан нь хамаагүй дээр шийдвэр. Тэр эцсийн эцэст бурхан биш, хатан ч биш, хүн." гэж Робин хэллээ. 

Би бүр мөсөн хөшиж орхив. Бие минь хөлдөөс болсон юм шиг л хөшингө мэдрэгдэнэ. Би яагаад ч юм Робинг миний талд зогсоно гэж бодож байсан. Энэ шүүх хурал ч бас гайгүй өнгөрөх байх гэж найдаж байсан шалтгаан минь Робин шүү дээ.

"Хунтайжийн хэлдэг түмэн зөв, эрхэм дээдсээ" гэж шүүгчдийн нэг нь хэлэхэд Хаан сэрээ таягаа газар нэг цохиод

"Харин би өөр бодолтой байна. Бурхны дүр хүний биед орж байсан тохиолдол хэдэн мянган сая жилийн түүхэнд нэг ч байхгүй.

Хүн чөтгөрүүдийн их цэвэрлэгээний дараа ч бидний сүнс хүмүүст дүрээ бүтээж байгаагүй. Бид хүмүүсийг бурхдын ивээл энэрэлийг хүртэх эрхгүй гэдгийг мэднэ, ариун сүнснүүд ч үүнийг баталсаар ирсэн.

Харин өнөөдөр анх удаа гэгээн хатны дүр хүн охиныг амилуулсаныг бид нар хараад сууж байна. 700 сая жилийн өмнө их цэвэрлэгээний дараа гэгээн Розвелтагийн сүнс усан мандалтах ногоон замганд амьдрал өгч хүмүүст хоёр дахь боломж олгосон шиг би ч бас өнөөдөр тийм шийдвэр гаргаж байна. Түүхэн дэх хамгийн анхны бурхны дүр Раяли Жонсонд сонголтыг нь өөрийнх нь гарт өгч байна." гэж хаан хэлээд сэрээ таягаа дахиж цохиход танхим дотор байсан бүх бурхад мэхийлээ.

Би ч бас тэднийг даган хүндэтгэл үзүүлсэн юм.

"Раяли Жонсон өнөөдрөөс эхлэн Анкорагийн тэргүүн хадагтай нарын нэг болж хоёр жилийн турш энд амьдрана.

 Үүний дараа генийн эмчилгээг зохих ёсоор гүйцэтгэж дэлхий рүү буцаан илгээхийг ордны судлаач эмч болон цэргийн генералд зарлиг болголоо. Түүнийг Анкорад байх хугацаанд зөвлөж, харж хандах ажлыг миний охин, гүнж Каяад хариуцуулж байна.

Өнөөдрөөс эхлэн бүгд түүнтэй хэргэм зэргийнх нь ёсоор хүндэлж харьцахыг зарлиг болгож байгаа бөгөөд энэ шийдвэртэй тэрсэлдсэн хэн ч бай шүүхийн өмнө цээрлэл хүртэнэ. Энэ бол миний эцсийн шийдвэр." гэж хаан хэлэхэд түүний үг бүрийг бичээч шалавлан бичиж байлаа.



Шүүх тарсны дараа би Каяагийн өрөөнд, орон дээр нь хэсэг хэвтсэн ба Каяа харин их баяртай байлаа. Тэр өрөөндөө хоёр тийшээ алхаад сэтгэл өндөр ярьж гарлаа.

"Тэнгэр минь, би ийм таатай шийдвэрт хүрнэ гэж таамагласангүй шүү. Чи одоо Анкорагийн тэргүүн хадагтай боллоо шүү дээ. 

Чамд удалгүй улсын сангаас хоёр жил амьдрахад хангалттай их мөнгө хөрөнгө тасалж өгнө. Аа тэгээд бас чи хувийн үйлчлэгчидтэй болно. Хоёулаа чиний өрөөг тохижуулаад бас нилээдгүй хэдэн ээлжийн хувцас авах хэрэгтэй. 

Чамд улс төрийн сүртэй үүрэг хариуцлага байхгүй учраас... ер нь энд байх хугацаандаа юу хүссэнээ хийж болно. Хоёулаа удахгүй болох хүндэтгэлийн баяраар..."

"Каяа."

"За"

"Робин яагаад өнөөдөр тийм юм хэлж байгаа юм бол?" гэж асуухад Каяа алхахаа болиод

"Өө, Раяли, хонгор минь." гээд миний хажууд ирж суулаа. "Би ч гэсэн түүнийг эсэргүүцсэн санал гаргахад гайхсан л даа."

"Тэр намайг Анкорад байхад дургүй байгаа юм болов уу?"

Яг энэ үед нэгэн махлаг бондгор бурхан Каяагийн өрөөнд зөвшөөрөл аван орж ирээд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан ярьлаа. Тэр хамарных нь доороос хоёр урт сахал унжсан, би хэнийг ч доромжлох гээгүй юм шүү, гэхдээ яг л гахай шиг бурхан байлаа.

"Раяли хадагтай. Та ордонд өөрийн амьдрах өрөөнүүд болон танхимуудыг сонгож өгнө үү. Бид танд урьдчилан бэлдэж өгөх юм л даа." гэж хэлээд алгаа хавсран намайг хүлээв.

💎THE GOD💎PART-2 -Миний бурхан-Where stories live. Discover now