"Чимээгүй!" гэж харуулуудын нэг нь намайг түлхээд зүүн талын гэрчийн зогсдог хэсэгт аваачлаа. Тэд намайг Жэймстэй яриулах боломж олгосонгүй.
Тэр яах аргагүй Жэймс мөн байсан. Түүний хүзүү гарыг нь гинжээр хүлчихсэн байсан ба миний эсрэг талын гэрчийн байранд аваачиж зогсоосон юм.
"Дахиад дураараа үг хэлэх юм бол.. үл хүндэлсэн хэргээр чи хоригдоно шүү." гэж тэр харуул хэлэхдээ сүрдүүлж биш, үнэхээр анхааруулж хэллээ. Би чимээгүй л толгой дохив.
Ер нь миний үйлдэл бүр тэнд ажиглагдаж байлаа.
Биднийг тойрон, чулуун сэнтийнүүд дээр заларсан бурхад, бидний бараг нүдний хөдөлгөөн бүрийг алдалгүй ажиглаж байсан байх. Би тэдний нэг нь Анкорагийн хаан байхыг олж харсан юм. Бас нэг нь Ростариягийн хаан. Миний мэдэхээс л тэр хоёр бурхан байсан.
"Хэрэгтнийг оруул." гэж өнөө хар нохой гараараа дохиход хаалга дахин нээгдэв. Би Робинг орж ирэхийг харсан.
Түүний гарыг цахилгаан гинжээр ард нь хүлээд, хоёр харуул дагуулж орж ирсэн юм. Би юу болоод байгааг улам ойлгохоо болилоо. Жэймс энд юу хийж байгаа юм? Яагаад диваажингийн шүүхээр Робинг хэлэлцэж байгаа юм? Бүүр мэдэх юм юу ч алга.
Робин танхимын голын цагираг дээр ирээд өвдөглөн суухад гэрэл түүний дээрээс тусаж байлаа. Энэ үед харуулууд түүний гарыг шалны төмөртэй хамт бэхлэн хүллээ. Ингээд тэр босож чадахгүй боллоо.
Робинг харсан бурхад бие бие рүүгээ гайхан харна. Гэхдээ хэн нь ч юу ч гэж дуугарсангүй. Өнөө хар нохой хүртэл нүдээ нарийхан болгоод шанаагаа тулаад түүн рүү харан хэсэг суулаа. Тэгсэнээ дахин гараараа дохиход шүүх хурал эхлэлээ.
Нохойны зүүн талд зогсож байсан нүдний шилтэй туранхай бурхан цаас хараад уншиж эхлэв.
"Хэрэг номер 23'411, хэрэгтэн номер 172731. Өнөөдөр бид Атлантын далайн хунтайж, бурхан Робин Винсент КингСтөүний... диваажингийн хуулийн 31.4 болон 31.5-р заалт, дэлхийн хүний хувь заяанд хөндлөнгөөс оролцохыг хориглосон заалтыг зөрчсөн мэдэгдлийн дагуу хуралдах болно. Илтгэлээ Мэдүүлэгчийн талаас эхлье."
Үүний дараа нэгэн цэргийн бололтой бурхан урагшаа хоёр алхаад
"Эрхэм шүүгчээ." гэж хэлээд мэхийлээ.
"Мөхөс миний бие, дэлхийн хэрэг хариуцсан Ростариягийн цэргийн оффцьер билээ. Бид өмнөх долоо хоногт Хойд Америкаас, номхон далайн орнуудад хар тамхи хууль бусаар нийлүүлдэг бүлэг хүмүүсийг барьсан.
![](https://img.wattpad.com/cover/360996886-288-k816031.jpg)