# 5 Эгч

1.1K 122 23
                                    



Бүх зүйл бүрэлзэн харагдана. Энэ нулимс хэзээ ч дуусахгүй бололтой. Бурхан чи үнэхээр шударга бус юм. Аль хэдийн түүний амьдралыг хагаслан авсан байж яагаад дахин түүнийг зовооно вэ? Чиний түүнд өгсөн өвдөлт хангалттай их байхад яагаад дахин түүнийг минь өвтгөнө вэ?. . . шударга бус юм. . .гомдож байна. . .
Хагалгааны өрөөний гадаа хагас ухаантай суух би. . . Миний амьдрал сүүлийн хагас жилд бараг л бүрэн сүйрсэн мэт болсон. Аминаасаа илүү хайрладаг нэгэн минь үхэлд хүргэх хүнд өвчин туссан. Түүний үхэх өдөр нь хүртэл тодорхой болсон. Энэ ямар аймшигтай мэдээ гээч.
Хүн бүр төрж үхэх нь үнэн боловч хэзээ үхэхээ мэдэхгүй болохоор л энэ хорвоод байхдаа жаргалтай байж чаддаг бололтой. Харин үхэл хэзээ ирэхийг мэдсэн тэр цагаас аз жаргал нь айдас шаналлаар солигддог.
Намайг Ду Кёнсүү гэдэг. Энгийн л нэг залуу үеийн төлөөлөл. Бусдын адил их сургуулиа төгсөөд амьдралаа залгуулахын тулд ажиллаж байгаа энгийн л нэг иргэн.
Гэвч надад бурхан хамгийн том бэлэг өгсөн боловч тэр бэлгээ цагаасаа эрт буцааж авахаар эрээ цээргүй нэхэх юм. Эгэл амьдралаас бусдыг мэддэггүй байсан зүрхийг минь тэгж их догдлуулах, ид шидийн гоо үзэсгэлэнг надад өгсөн байж түүнийгээ буцааж авах юм гэнэ. Тэр одоо үхэж байгаа. Түүнд ердөө ганц сарын нас л үлдсэн. Гэтэл бурхан дахин түүнийг минь авахаар нэхэн үхлийн тушаал буулгав. Яг одоо тэр минь машины ослоос болж хагалгаа хийлгэж байна.
Ердөө ганцхан сарын хугацаа үлдсэн байхад яагаад бурхан түүнийг авахаар улам их улайрна вэ? өөдгүй юм. . . яагаад? яагаад тэр минь гэж? түүнд минь хийсэн гэм байхгүй. . . Тэр зөвхөн намайг л хайрласан. Түүний туулсан амьдрал тийм ч сайхан биш, гэтэл арай гэж аз жаргалаа олоход нь яагаад буцаагаад авах гээд байгаа юм? бурхан гэж байдаг үгүйг мэдэхгүй юм. Хэрвээ тэр байдаг бол энэ ертөнцийн хамгийн өөдгүй хувиа хичээгч гэж хэлнэ.
Бидэнд аз жаргал, хайр дурлалыг өгсөн байж яагаад ийм хурдан буцааж авах гээд байгаа юм бэ? Бидний хамтдаа өнгөрөөсөн тэр дөрвөн жил тийм ихээр таны дургүйг хүргэм аз жаргалтай байсан гэж үү? бид тэр дөрвөн жилд хязгаартаа тултал нь аз жаргалыг мэдэрсэн гэж үү? тэгээд л та түүнийг минь авах гэж хичээж байгаа тийм үү? гэхдээ би санал нийлэхгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилд бид хэнээс ч илүү жаргалтай цаг мөчийг хамт туулсан ч бидэнд цаашдаа хамт туулах аз жаргал дүүрэн уртаас урт зам байсан гэдэгт би итгэдэг. Гэтэл та хүчээр тэр замыг тасаллаа. Гомдолтой байна. . .
=========
Буруутгах хүнгүй дээ бурханд гомдол мэдүүлэн сууж байсан миний бодлыг "Сун Хэжиний гэрээс хүн байна уу?" гэх өгүүлбэр тасалж орхилоо.
Би хурдхан босоод "б-би байна. Тэр зүгээр үү? хагалгаа нь амжилттай юу?" гээд л ар араас нь асуултаар булахад
Эмч маскаа аван инээмсэглээд "тийм ээ, одоо тэр зүгээр бид удахгүй энгийн өрөөнд шилжүүлнэ. Нойрсуулагчийн нөлөө гарахаар тэр ухаан орох байхаа. Одоо түүнийг сайн асраарай" гэсээр мөрөн дээр минь зөөлөн товшиход би дэндүү их баярласан даа саяхан харааж байсан бурхандаа залбиран "баярлалаа эмчээ, баярлалаа бурхан минь" гэсээр уйлан доош суулаа.
Эмч инээмсэглэн "ослоос үүдэлтэй гэмтэлд хагалгаа хийж эмчилсэн ч эцсийн шатандаа орсон хавдрыг бид яаж ч чадахгүй гэдгийг чи ойлгож байгаа биз дээ?" гэж асуухад
Зүрхийг минь дахин сийчих шиг боловч үнэнтэй нүүр тулахгүй гээд яах билээ.
Би "мэднэ ээ эмчээ баярлалаа, түүнд минь үлдсэн байсан энэ ганц саp бидний хувьд маш чухал цаг мөч. Бараг л алдах шахсан энэ сарын хугацааг дахин авч ирсэн танд маш их баярлаа" гээд түүний өмнө бөхийлөө.
Эмч биднийг өрөвдөх мэт хөнгөн санаа алдаад "зүгээр дээ, үлдсэн цаг хугацаанд нь түүнийг жаргалтай байлгаарай" гээд цааш явлаа.
Түүнийг үхнэ гэдгийг бас үүнийг зогсоох ямар ч боломжгүй гэдгийг мэдэх боловч түүнийг хэзээ ч тавьж явуулмааргүй санагдах юм. Бурхан хүртэл олохгүй тэр газар аваачаад үүрд нуучихмаар санагдах юм.
=======================
Тэр минь энгийн тасагт шилжээд дөрвөн цаг гаран боллоо. Түүний хажуугаас алхам ч холдож зүрхэлсэнгүй. Гараас нь атган түүнийгээ ширтсээр.
Удаан хүлээсний эцэст тэр минь нүдээ нээв.
Би "хайрт минь зүгээр үү? сэргэж байна уу?" гэсээр түүнийг үнстэл
Тэр хөмсгөө зангидан "чи хэн бэ? эгч хаана байна?" гэсээр өрөөг эргүүлж тойруулан харсаар эгчийгээ хайж эхлэв.
Дотор харанхуйлах шиг л боллоо. Итгэж ядсандаа түүний гараас атгаад "Хэжинаа намайг танихгүй байна уу? Кёнсүү байна ш дээ. Чиний найз залуу" гэж хэлэхэд
Хэжин над руу хачин хараад "эгчийг минь дууд гэж хэлсэн шүү залуу гуай" гэх нь тэр.
Амьдрал минь дахин нэг удаа хөмрөх шиг боллоо. Хагас ухаантай юм хөлөө зөөж ядсаар эмчийг дуудахад эмч түүнд дахин нарийн үзлэг хийнэ гэсээр нэг өрөө рүү аваад орлоо.
Дахид л зүрх зүсэгдэм сэтгэлийн шаналал. Амьсгаа давчдан хоолой зангирна.
Хагас цаг орчим болсон байх сувилагч Хэжинийг ортой нь түрсээр эргээд өрөө рүү нь авч явлаа. Би хурдхан шиг эмчийн өрөөнд орлоо.
Би "эмчээ юу болсон бэ? тэр яагаад намайг санахгүй байна аа? зөвхөн эгчийгээ л асуугаад байх юм. Тэр зүгээр үү?" гэж асуухдаа түр зуурын зүйл байгаасай зүгээр гэж хэлээч дээ хэмээн дотроо бодно.
Эмч санаа алдан "уг нь ч нээх хүнд зүйл биш толгойдоо хүнд бэртэл авсан хүмүүс хааяа ингэж ой санамжаа хэсэгчилж алдах тохиолдол байдаг л юм. Эмчилгээгээ сайн хийлгээд байвал эхний хэдэн сардаа эргээд ой санамж нь сэргэдэг. Гэвч Хэжин өөрөө ганцхан сарын настай тийм болохоор энэ хугацаанд түүний ой санамж амжиж сэргэнэ гэж бодохгүй л байна. Бас эгчийгээ л асуугаад байсан. Миний бодлоор эгчийг нь дуудаж авч ирсэн нь дээр байх" гэх нь тэр.
Хамаг оюун ухаан минь хоосрон зүгээр л газар сөхрөн уналаа.
=======================
Хагалгаа хийлгээд гурав хонолоо. Хэжин намайг санахгүй байгаад зогсохгүй танихгүй хүнтэй баймааргүй байна гэж намайг хөөгөөд эгчийгээ үргэлж асууж дуудаад өг хэмээн уйлах нь үнэхээр хэцүү байна.
Дуудах үгүй дээ эргэлзэж байсан ч хуучин амьдарч байсан байрны эзнээс гуйж байж Хэжины эгчийн дугаарыг олж авлаа.
Тэр одоо Англид байгаа юм байна.
Эхний хоёр хоног холбогдож чадсангүй. Тэгж тэгж нэг юм арай гэж холбогдоход түүний надад хэлсэн үг Хэжин дээ хэзээ ч сонсгомооргүй тийм муухай үгс байсан юм.
Хэжиний эгч "эцэг эхээ алдаад би тэр хүүхдийг өсгөх гэж өөрийн залуу нас амьдралаа золиослон байж хүний дайтай хүн болгосон. Одоо тэр насанд хүрсэн болохоор яах нь надад хамаагүй. Дахиж миний амьдралд битгий гай бол" гэж хэлсэн.
Энэ үгийг сонсох төдий миний сэтгэл хүртэл хөндүүрлэн өвдөж байхад тэр минь сонсвол яах болж байна. Ямар ч байсан түүнд үүнийг мэдэгдэж болохгүй гэдгийг л мэдэж байв.
Гэвч би яах ёстой вэ? цаг үргэлж эгчийгээ нэхэх Хэжинд яавал би туслах вэ???
=======================
Галзуу гэдгийг нь мэдэж байна. Бас бүтэх үгүйг нь мэдэхгүй ч би хийхээр шийдсэн. Тэр минь намайг санахгүй байсан ч хамаагүй ээ, түүнийхээ үлдсэн богино хугацааг нь аз жаргалтай байлгаж өгнө.
Гэрт зургийн албумд байдаг Хэжиний эгчтэйгээ авахуулсан цор ганц зургийг аван гадуур явлаа. Зурган дээр байгаа эгчийнх нь хувцастай аль болох төстэй загвартай хувцаснууд аваад эгчийнх нь үстэй адил хиймэл үс авлаа.
Нүүрний будаг оо энгэсэг ч авлаа. Тэдгээр зүйлсийг яаж хэрэглэх талаар сайн мэдэхгүй болохоор хажуу айлын охиныг дуудан нүүрээ будуулав. Тэр мэдээж намайг гаж донтон, ижил хүйтэн гэж бодсон байх. Түүний харцнаас үзэн ядсан зэвүүцсэн төрх тод харагдаж байсан юм.
Хувцсаа солин хиймэл үсээ зүйгээд бүрэн бэлэн боллоо.
Гэвч энэ гэрт эр хүн байсан ул мөр байж болохгүй гэж бодон өөрийн хувцас, зураг бичлэг. Ажлын бичиг баримт, уншдаг ном гээд л бүгдийг нь байрны дооp байдаг агуулахад хийгээд гэрийн дотоод заслаа аль болох бүсгүйчүүд амьдардаг юм шиг болгох гэж их л хичээлээ. Ор дэрний цагаан хэрэглэлээ түүний хамгийн дуртай туулайтай ягаан хэрэглэлээр сольж. Хувцас хийдэг шүүгээрээ даашинз өндөр өсгийтөөр дүүргэлээ.
==============================
Хагалгаа хийлгээд долоо хоносон. Эмч эмнэлгээс гарч болно гэсэн гэвч гэрт нь тусгайлан асрах заавар өгсөн. Одоо бидэнд гурван долоо хоногийн хугацаа л байна. Бас өнөөдөр би түүний найз залуу Ду Кёнсүү биш түүний эгч Сун Хэми болон эмнэлэг рүү явж байна. Энэ бүхнийг бүтнэ гэж найдаж байна.
Эмчид үнэн учраа хэлэн тайлбарлаад эмнэлгээс гаргах бичиг баримтад гарын үсэг зурж эмчилгээний төлбөрөө хийгээд Хэжинийг авахаар өрөөнд нь орлоо.
Өөрийнхөө чадлаар хоолойгоо нарийсгаад "Хэжин, гэртээ харих уу?" гэж асуухад
Хэжин намайг харан нүд нь томорсоор "эгчээ таныг ирнэ гэж мэдээд байсан юм. Үнэндээ би таны царайг ч мартаж эхэлж байлаа. Дахиад удсан бол хараад танихгүй зөрөх нь байна. Таныг мартах шахсан гэхдээ энэ хоёр салаа гэзэг хөөрхөн инээмсэглэлийг хэзээ ч мартахгүй" гэсээр намайг ирэн тэвэрлээ.
Зүрх дахиад л зүсэгдэх мэт өвдөнө. Гэвч түүнийгээ жаргалтай байгааг хараад бас түүнийг ингээд тэвэрч байгаа нь л надад хангалттай.
Өөрийн эрхгүй хоолой зангирах боловч түүний амьдралд үлдсэн энэ хорин нэгхэн хоногийг нулимс биш инээдээр дүүрэн байлгахаар шийдсэн тул хүчээр инээмсэглээд түүнийгээ хөтлөн эмнэлгээс гарлаа.
=======================
Биднийг гэртээ ирэхэд тэр гайхсан янзтай "гэхдээ манай гэр паркийн дэргэд" гэх үед нь би хурдхан үгийг нь таслалаа. Тэр эгчтэйгээ хамт байсан гэрээ яриад байх шиг байна.
Би "аан бид сарын өмнө энд нүүж ирсэн ш дээ" гэхэд
Тэр гайхсан харагдах ч "аан би харин зарим зүйлийг санахгүй байх шиг байна" гэсээр царай нь барайгаад ирлээ.
Би түүний хацрыг илэн "зүгээр дээ ослоос болж байгаа юм. Удахгүй зүгээр болох болохоор битгий санаа зов" гэхэд
Хэжин намайг тэврэн "ойлголоо"
Гэртээ орж ирэн анх удаа харж байгаа мэт л өрөөнүүдээ явж үзэн бүх зүйлсийг эргүүлж тойруулан харна.
Хэжин "аль миний өрөө юм?" гэхэд
Би "тэр баруун талынх нь" гээд бидний хамт унтдаг байсан тэр унтлагын өрөөг заалаа.
Хэжин өрөөндөө орон хэсэг байснаа хувцсаа cольсон гарч ирэв.
Хэжин "воа шинэ гэр минь бүр гоё юм гээч, саруулхан бас тухтай. Манай эгч аргагүй л шилдэг нь" гэсээр үргэлж хайрыг минь татдаг тэр эгдүүтэй инээмсэглэлээ тодруулна.
Би "эгч нь хурдхан хоол хийгээд ирье, чи өрөөндөө ороод хэвтэж бай. Эмнэлгээс гарсан эхний долоо хоногоо нээх их босож ийш тийш яваад хэрэггүй гэж эмч хэлснийг санаж байгаа биз дээ?" гэхэд
Хэжин "мэдэж байгаа боссоо" гэснээ хацар дээр минь үнсээд өрөө рүүгээ орлоо.
Түүнийг өрөөндөө орсны дараа тэвчиж байсан нулимсaa ил гаргалаа.
=======================
Хэжин "ЭГЧЭЭ НАЙЗ МААНЬ ИРСЭН БАЙНА. ХЭРЭГЛЭЛ ХААНА БАЙНА?" гэсээр угаалгын өрөө рүү гүйлээ.
чөтгөр гэж! тэр зүйл хэрэгтэй гэдгийг таг мартсан байна.
Би "НАДАД БАЙСАН НЬ ДУУСЧИХСАН, ЭГЧ НЬ ГЯЛС ГАРААД АВААД ИРЬЕ" гэж хаалганы гаднаас орилоход
Хэжин "ОЙЛГОЛОО, БИ ТЭГВЭЛ ЭНДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙЯ"
Би ч хар хурдаараа гаран гэрийн доор байдаг дэлгүүр рүү гүйлээ. Дэлгүүрийн эгч Хэжин бид хоёрыг сайн таньдаг болохоор миний байгаа байдлыг харан цочирдсон бололтой "Кёнсүү-яа чи чинь юу болоод?" гэсээр яг л галзуу хүн харж байгаа мэт над руу ширтэнэ.
Дараагийн удаа Хэжинтэй хамт дэлгүүрт орж ирж магадгүй гэж бодоод дэлгүүрийн эгчид бидэнд тохиолдсон зүйлсийг товчхон яриад үнэн учраа хэллээ.
Дэлгүүрийн эгч хоолой нь зангиран "ямар хэцүү тавилан гэхээрээ ийм байдаг байна аа" гэсээр нулимс унагаана.
Би хүчээр инээмсэглээд "харин тийм ээ, би бага зэрэг азгүй нэгэн бололтой" гээд уйлахгүй гэсэн дээ нүдээ хурдан анивчин "эгчээ Хэжиний сарын тэмдэг ирчихсэн тэгээд хэрэглэл хэрэгтэй гэсэн. Би юу авахаа мэдэхгүй байна" гэж хэлэхэд
Дэлгүүрийн эгч нулимсаа шударсаар "э-энэ Хэжиний байнга авдаг хэрэглэл" гээд жижигхэн цагаан уутанд хийн өглөө.
Би "хэд болж байна?"
Эгч толгой сэгсрэн "хэрэггүй ээ, зүгээр ав"
Би "гэхдээ-"
Эгч "зүгээр ав гэсэн шүү, даанч сүүлийн үед нэлээд турсан харагдаад байсан юм" гэсээр нулимс унагаана.
Би "баярлалаа эгчээ, дараа Хэжин бид хоёр эсвэл Хэжин ганцаараа орж ирвэл намайг эгч нь юм шиг байгаарай. Бид бас сарын өмнө нүүж ирсэн шүү" гэж сануулахад дэлгүүрийн эгч нулимсаа арчсаар толгой дохилоо.
Би ч эргээд гэр лүүгээ гүйлээ. Замд таарсан хүмүүс яг л гаж донтон харж байгаа юм шиг зэвүүцсэн харцаар харна. зарим нь бүр бичлэг хийнэ гээч
Гэвч энэ бүхэн надад хамаагүй ээ. Тэр минь инээмсэглэж жаргалтай байвал болно.
============================
Өнөөдөр түүний бие тун тааруухан байна. Хавдраас болж маш их цусаар бөөлжсөн. Хэдий өвчин намдаах эм бас хавдрын нөлөө сааруулах эм ууж байгаа ч гэсэн тэр минь дэндүү их шаналж байна. Түүнийгээ ингэж их өвдөж байхад нь юу ч хийж чадахгүй байж байгаа өөртөө уур хүрэх шиг. Үнэхээр хэцүү байна. Болдог бол түүний өмнөөс өвдөх юмсан.
Хэжин "эгчээ, би унтмаар байна" гэсээр дэндүү өвдсөндөө бие нь сульдсан бололтой жорлонгийн суултуур налан нүд нь анилдсаар сууна.
Нүдэнд нулимс цийлгэнэж байсан ч хүчээр инээмсэглээд "ойлголоо, сайхан унтаад ав. Маргааш хамт хүссэн зүйлийг чинь хийцгээе" гэсээр түүнийгээ дээш өргөн өрөө рүү нь явахад тэр минь хатаж омголтсон уруулаа үл ялиг хөдөлгөн хөнгөн инээмсэглээд толгой дохилоо.
Оронд нь оруулаад гараас нь атган сууна.
Хэжин ядарсан хүндхэн хоолойгоор "та хамт унтаач, бид багадаа хамт унтдаг байсан ш дээ" гэсээр нүдээ арай ядан нээнэ.
Би түүнийхээ хажуугаар орон хэвтээд өөдөөс нь ширтэнэ.
Хэжин "ямар ч хамаагүй дуу дуулаад өг" гэж хэлсэн ч нүдээ нээсэнгүй.
Би хамгийн анх түүнд сэтгэлээ илчлэхдээ дуулж байсан дуугаа дуулж эхлэв. Тэр гараас минь атгасаар төд удалгүй унтаад өглөө. Би түүнийгээ өөртөө наан чангаас чанга тэврээд унтахаар хэвтлээ. Болдог бол цаг хугацааг үүрд мөнх зогсоочих юмсан. . .
=======================
Хэжин хагалгаа хийгээд яг хоёр долоо хонож байна. Бидэнд байсан сарын хугацааны яг тал нь өнгөрсөн байна. Сүүлийн хэд хоног тэр хавдраасаа болж маш их өвдсөн ч өнөөдөр азаар түүний бие сайн байна. Тийм болохоор хийхийг хүссэн зүйл. Очихыг хүссэн газарт нь хүргэж өгөхөөр шийдсэн юм.
Түүнийгээ хөтлөн гэрээс гарлаа. Таван сантиметрийн өсгийт дээр эв хавгүй алхах намайг хэн ч хараад эр хүн гэдгийг мэдэх нь мэдээж байв. Xаа сайгүй над руу хачин харсан хүмүүс.
Азаар Хэжин үүнийг анзаарсангүй. Энэ л надад чухал.
Хэжин "өнгөрсөн бүх эрчүүдийн харц тан дээр тусаж байна. Манай эгч аргагүй царайлаг шүү" гэсээр над руу гайхан харах хүмүүсийг хэлнэ.
Би "үгүй байхаа, эрчүүд бидэн рүү ширтэж байгаа бол би биш чамайг л ширтэж байгаа байх. Учир нь чи энэ дэлхийн хамгийн хөөрхөн бүсгүй ш дээ" гэхэд
Хэжин "за тэгээд дүүгээ хөөргөөд байгаарай" гэсээр аальгүйтэн инээсээр гараас сугадах нь ямар хайр татам гээч.
Энэ хөөрхөн инээмсэглэл, энэ ялдам бүсгүйг дахиж хэзээ ч харахгүй үүрд алдах гэж байна гэж бодохоор үнэхээр аймшигтай байна. Түүнийгээ дагаад үхчихмээр л байна. . .
=========================
Хэжин "одоо хоёулаа парк орох уу? бид багадаа үргэж очдог байсан ш дээ, нээрээ тийм алсыг харагч дээр сууя хот бүхэлдээ харагддаг болохоор би үнэхээр дуртай" гэсээр гараас татахад өөрийн эрхгүй инээмсэглээд түүнийгээ хөтлөн парк руу алхлаа.
Хэжин хэдий эгчтэйгээ байсан нандин дурсамж даа амьдарч байгаа ч гэсэн парк тэр тусмаа алсыг харагч бидний хувьд ч бас хамгийн нандин дурсамжийг агуулсан газар.
Хамгийн анх парк дээр алсыг харагчид сууж байхдаа би түүн дээ сэтгэлээ нээсэн бас бидний анхны үнсэлт тэр үед болсон.
==========================
Хэжин "хоёулаа шийтгэлтэй тоглоом тоглох уу? гэртээ уйдаж байхаар" гэсээр үргэлж гаргадаг дэггүй инээмсэглэлээ тодруулсаар араас ирэн тэвэрлээ.
Би эргэж харан "ямар тоглоом?"
Хэжин "уг нь хосууд тоглодог гэж байна гэхдээ нээх сүртэй зүйл байхгүй байлгүй, их сонирхолтой юм шиг байна" гэсээр надад харууллаа.
Би "тэгье ээ" гээд инээмсэглэхэд
Хэсэг хугацааны дараа:
Хэжин "ХАХА та ялагдсан, хурдан шийтгэлээ сугал" гэсээр шийтгэл бичсэн картуудыг урд тавилаа.
Би хамгийн түрүүнд гарт тааралдсанаа авахад "Таван секунд уруул дээр үнсэх" гэсэн байв. Би баярласан ч яг энэ тохиолдол яахаа үл мэднэ.
Хэжин нэг ярвайснаа "танд зүгээр биз дээ? надад бол зүгээрээ. Төрсөн эгчтэйгээ үнсэлцэн үнэхээр гаж юмаа" гэсээр дэггүй инээмсэглэлээ тодруулахад энэ удаад би тэссэнгүй зүгээр л уруул дээр нь үнсчихлээ.
Дэндүү их тэвчсэн бас дэндүү их хүссэн үнсэлт болоод ч тэр үү тэрхэн зуур хяналтаа алдан үнсэх биш үнсэлдээд эхэлсэн байв. Хэжин ч бас өөдөөс үнсэж эхлэхэд би зогсох гээд ч чадсангүй. Энэ үнсэлт таваас илүү секунд болсон гэдгийг л мэднэ.
Үнсэлт дуусахад Хэжин "их хачин тоглоом байна, больсон нь дээр бололтой" гэсээр өрөө рүүгээ орчихлоо.
Түүнээсээ мэдрэх хайр догдлол дунд зүрхний цохилт хэд дахин нэмэгдэнэ.
========================
Хэжин "хоёулаа бие биеийнхээ нүүрийг будах уу?"
Би "би нүүр будахдаа мууг чи мэднэ ш дээ, тийм болохоор чи будмаар байвал намайг буд харин би хумсыг чинь будаж өгье" гэхэд тэр дуртай нь аргагүй толгой дохилоо.
Эхлээд бараг дөч тавин минут миний нүүрийг будлаа. Нэг болж байна гээд л нэг болохгүй байна гэж арилгаад л ямар хөөрхөн байсан гэж санана.
Миний ээлж ирэхэд би түүний хумсыг хамгийн дуртай ягаан өнгөөр нь будна. Гэвч туршлага байxгүй болохоор илүү гаргаад аймшигтай будсан байх.
Хэжин өрөөгөөр нэг тас тас хөхрөн "арай ч дээ энэ одоо юу вэ? ийм аймаар будаад байхдаа яадаг байна аа" гэсээр нүүр дүүрэн инээх нь надад хамгийн том шагнал шиг байв.
=========================
Одоо бидэнд долоо хоног л үлдсэн. Уг нь сүүлийн үед бие нь их сайн байсан болохоор долоо хоног байтугай бүр удаан амьдарна гэж итгэж байсан. Гэвч өнөөдөр түүний бие дахиад л муудсан. Энэ удаад бүр орноосоо босож ч чадахгүй байгаа.
Хэжин "унтмаар байна дуу дуулаад өг" гэсээр хошуугаа унжуулахад
Би түүнийгээ өхөөрдөн "ойлголоо, сайхан амраарай" гээд хацар дээр нь үнсээд түүний өдөр бүр сонсдог тэр дууг зөөлөн дуулж эхэллээ. Тэр гараас минь атган инээмсэглэн хэвтэх ба харцаа надаас салгасангүй.
Би ч түүнийг унтах хүртэл нь дуулж өглөө. тэр нам унтсан байсан болохоор уруул дээр нь зөөлөн үнсээд "сайхан амраарай хайрт минь" гэж шивнээд өрөөнөөс гарлаа.
Өглөөний цайгаа бэлдээд түүнийг сэрээхээр өрөө рүү нь оров. Тэр минь унтаж байна.
Би "Хэжин сэрээрэй, өглөөний хоол бэлэн, бас найман цагийн эмээ уу" гэсээр инээмсэглэн дэргэд нь очиход тэр сэрсэнгүй.
"Хэжин сэрээрэй" гээд биед нь хүрэхэд шууд л юу болоод байгааг ойлголоо. Аль хэдийн хөрсөн хүйтэн бие тэр минь ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.
Итгэж чадахгүй "Хэжин сэрээрэй, эмээ уух цаг болсон байна. Бид өнөөдөр Хан гол руу явах ёстой ш дээ, чиний дуртай мөхөөлдсийг ч идэх ёстой" гэсээр дэмий л түүнийгээ сэгсэрнэ.
Түүний гар сулран доош унжихад итгэхийг хүсээгүй ч түүнийг минь аль хэдийн бурхан аваад явсан гэдгийг ойлголоо.
Би "Хэжин сэр л дээ, тоглох хэрэггүй шүү ийм юмаар тоглож болохгүй ш дээ. Бидэнд дахиад зургаан хоног үлдсэн. Тийм байхад үхнэ гэдэг байж боломгүй зүйл биз дээ? чи зүгээр тоглож байгаа тийм үү? зальтай охин сэрэхгүй байвал эгч чинь болохоо байлаа шүү. Чамайг үнслээ шүү, сэрэх хүртэл чинь" гэсээр хөрч хөхөрсөн уруул дээр нь дахин дахин үнсэнэ. Гэвч тэр сэрсэнгүй.
Би "СУН ХЭЖИН ТОГЛОХ ХЭРЭГГҮЙ БОСООД ИР Л ДЭЭ, ГУЙЖ БАЙНА. БИДЭНД ДАХИАД ЗУРГААН ХОНОГ ҮЛДСЭН Ш ДЭЭ ГУЙЖ БАЙНА. ЭНЭ ХОНОГУУДАД БИДЭНД ХИЙХ ЗҮЙЛ ДЭНДҮҮ ИХ ҮЛДСЭН ГУЙЖ БАЙНА СЭР Л ДЭЭ" гэсээр түүнийгээ энгэртээ наан чангаар уйллаа.
Гэвч миний гуйлт дэндүү оройтсон бололтой. . .
===========================
Түүнийгээ нутаглуулан хүйтэн шороонд булаад зогсож байна. Түүнийг газарт булагдсан байгааг харсаар байж одоо ч би итгэхгүй байна. Яг одоо ч хамаагүй "тоглож байсан юм" гээд л тэр минь инээгээд босоод ирэх юм шиг санагдаж байна.
Оршуулгад ирсэн хүмүүс явсан ч би түүнийхээ дэргэдээс хөдөлж чадсангүй.
Саяхан булагдсан шороог нь гараараа илэн сууна.
"Сун Хэжин өөдгүй охин чи яагаад явах ёстой хугацаанаасаа өмнө намайг орхиж байгаа юм бэ? намайг өөртөө ингэж их дурлуулсан байж яагаад дөрөвхөн жил гэж? би илүү удаан чамтай хамт баймаар. Эмгэн өвгөн болтлоо зөвхөн чамайг хайрламаар байхад яагаад ийм эрт намайг орхиж байгаа юм. Үнэхээр өөдгүй амьтан. Надаас салахыг намайг мартахыг тэгж их хүсээ юу? яагаад ийм эрт үхэж байгаа юм? яагаад намайг мартсан юм? тэгж их мартмаар байсан юм бол үхсэн хойно оо мартаж болоогүй гэж үү? яагаад сүүлийн өдрүүддээ ч намайг санаагүй юм? гомдож байна. . .чамайг явуулмааргүй байна. Хайртай, дэндүү их хайртай болохоор чамайг явуулмааргүй байна. Чиний байхгүй энэ дэлхий дэндүү уйтгартай байна. Дэндүү хоосон бас хүйтэн байна. Инээх шалгаан ч алга. Чи л байхгүй бол миний ертөнц утга учиргүй хоосон байна. Чамайг байхад миний ертөнц дүүрэн байсан гэтэл чи үгүй болоход тэр ертөнц бүхэлдээ хоосорчихлоо. Ядаж инээх ганц ч шалтгаан үлдсэнгүй" гэсээр уйлах боловч сэтгэл огт онгойхгүй байна.
Хэдий удаан булшин дээр нь суусан ч түүнийг сэргэхгүй гэж мэдсээр байж би явж чадахгүй байна.
"Кёнсүү одоо болно, гэртээ харьж амар" гэсээр найз минь намайг чирсээр машин руу явахад би зөвхөн түүнийхээ нэрийг бичсэн булшны чулууг ширтэж байв.
БУРХАН ЧИ АЗ ЖАРГАЛЫН ӨГӨХДӨӨ, ЗААВАЛ ЭРГҮҮЛЖ АВАХ ГЭЖ ӨГДӨГ ЮМ БОЛ БИ ДАХИЖ ХЭЗЭЭ Ч ИНЭЭМЭЭРГҮЙ БАЙНА. . .
====================
Хэжин "Хайрт минь ингэж уйлах хэрэггүй, чамайгаа битгий шаналаасай гэсэндээ би энэ бүгдийг хийсэн шүү дээ. Би чамайг ор тас мартаад ямар ч шаналалгүй хорвоог орхивол чамд илүү амар гэж бодсон. Тэгээд л тэр өдөр эмчээс худлаа өвчний түүх зохиогоод өгөөч гэж гуйсан юм. Бас хэзээ ч надад санаа зовж намайг гэж ирэхгүй эгчтэйгээ уулзах гэсэн нууцхан хүслээ чамаар хийлгэсэн. Чи минь энэ бүх хугацаанд үнэхээр сайн эгч байсан. Төрсөн эгчийн минь хэзээ ч хийж өгөхгүй тэр зүйлсийг чи минь надад хийж өгсөн. Чи бол миний мэдэх хамгийн шилдэг эгч. Чамдаа маш их хайртай Ду Кёнсүү. Бас манай эгч тийм ч сайн дуучин биш гэтэл чи ямар гайхалтай дуулдгаа мэдэх үү? чиний дууг сонсох үед яг л диваажинд очсон мэт санагддаг. Бас чамтай очсон газар бүр эгч бид хоёрын дурсамж биш харин чи бид хоёрын дурсамж байсан юм. Би чамайгаа мартаагүй ээ. Хэзээ ч мартаж чадахгүй байх. Бүх ой санамжаа алдсан ч цор ганцаараа сэтгэлд минь үлдэх хүн бол зөвхөн чи гэдгийг хэлмээр байна. Учир нь чи, чиний хайр миний тархинд биш зүрхэнд минь сийлэгдсэн болохоор тархи минь бүхнийг мартсан ч би чамайг хэзээд санах байсан Кёнсүү. Чи минь надад тийм л эрхэм хүн. Би одоо энэ ертөнцийн хүн биш бас хэзээ ч миний үгс чамд минь очихгүйг мэднэ ээ. Гэхдээ чамдаа хэлэхийг хамгийн их хүссэн тэр үгс бол би чамд маш их хайртай. Хэдий би энэ ертөнцөд үгүй болсон ч чамайг надаас илүү нэгэнтэй учир ч үргэлж инээмсэглэн аз жаргал дүүрэн амьдраасай гэж хүсэж байна. Над шиг богино настай азгүй нэгэн биш насаараа чамайг минь инээлгэх тэр онцгой нэгэнтэй учраасай гэж хүсэж байна. Миний үгс чихэнд чинь сонсогдохгүй ч сэвшээ салхитай хамт би чамдаа очих болно. Надаас болж унагаасан нулимс бүрийг ор мөргүй болгон хатаагаад сэтгэлд чинь үлдсэн уйтгар гунигийг инээмсэглэлээр сольж өгнө өө. Хамгаас хайртай дур булаам эгчдээ маш их хайртай шүү. Чи энэ дэлхийн хамгийн мундаг эгч Ду Кёнсүү!"







  ТА БҮХЭН ӨӨРТ ТААЛАГДСАН ONESHOT-НХОО ДООР ЗААВАЛ СЭТГЭГДЭЛ БИЧИН VOTE ДАРНА УУ. ТА БҮХНИЙ САНАЛААР ЯЛАГЧ ТОДРОХ БОЛНО   

ONESHOT-ны тэмцээний өгүүллэгүүдWhere stories live. Discover now