23. Жаахан охин хэвээрээ байж

420 56 12
                                    

- Хүргэж өгсөнд баярлалаа.

- Баярлаад байх зүйл биш дээ.

- Үгүй дээ. Маш их баярлалаа. Чамайг байгаагүй бол би тэндээ ахиад хэд хонох хэрэг гарах байсан биз.

- За. Тэгвэл, ор доо. Би ингээд явлаа.

Түүнийг явсны дараа би гэртээ ороод аав, ээжид мэдэгдэлгүйгээр шатаар аяархан өгссөөр өрөөнийхөө үүдэнд ирлээ. Аль хэдийн их сургуулиа төгсчихөөд тусдаа гарах нь битгий хэл, тогтсон ажил төрөл ч байхгүй. Жаахан хүүхэд шиг ямар ч бодлогогүй найз залуугаа дагаж таниж мэдэхгүй газар явахдаа машинд нь хийх гэж байсан зүйлээ бодохоор л өөртөө дургүй хүрч байна. Тэгээд бүр зүгээр ч хүрээд ирэхгүй мэдэхгүй газар, эзэнгүй айлд ганцаараа хүлээж, хүлээж, хэдхэн харсан залууд дайгдаж ирээд аав, ээжээсээ нууцаар өрөө рүүгээ орох гээд зогсож байна. Хаалган дээр олон жилийн өмнө саатай ягаан хумсны будгаар бичиж байсан "Beth" гэх бичиг одоо хүртэл хэвэндээ. Би яг л ахлах ангид байсан тэр охин хэвээрээ байгаа бололтой. Хэдий олон жил өнгөрсөн ч аав ээжийн халамж хэрэгтэй тэр охин хэвээрээ л байна.

Би том болох хэрэгтэй байх. Аав, ээжийн бяцхан охин биш. Алдартай дуучны эрх найз охин биш. Асуудлаа өрөө шийдчихэж чаддаггүй найз биш. Би насанд хүрсэн, хариуцлагатай, бие даасан хүн баймаар байна.

Энэ үед Майлес гарч ирсэн нь надад азын од атгасан юм шиг санагдаж байв. Магадгүй би түүнийг дагаад Америк явж болох юм. Тэгээд Нью-Йорк орно. Тэнд жинхэнэ өөрийгөө олно. Том хүн болно. Тэнд л би хэнээс ч хамааралгүй байна.

Мэтт бид хоёрын харилцаанд тулгарч байдаг утгагүй асуудлууд одоо л утгагүй санагдаж эхлэв. Тэр бид хоёр жаахан хүүхдүүд. Ахлах сургуулийн хайр ярьж гүйдэг жаахан хүүхдүүд. Яг үнэндээ энэ хорвоо ертөнц дээр нэгэндээ дурлалцахаас илүү чухал зүйлс зөндөө бий. Яагаад заавал хичээгээд ч болохгүй байгаа зүйлийн араас гүйж өөрийгөө зовоох гэж? Хорвоо уудам. Ингэж нэг хэмнэлдээ баригдахад дэндүү уужим.

Гэнэт бүх зүйлийн учир тайлагдах шиг санагдав.

Тэр даруй би өрөөндөө ороод Майлес руу залгав. Нэг их дуудуулалгүй тэр утсаа авлаа.

- Ямар нэг зүйлээ мартчихаа юу?

- Тийм ээ. Чамд хэлэх зүйл байна.

- Машинд уул нь юу ч...

- Үгүй ээ. Машинд юм мартсан юм биш. Чамд нэг зүйл хэлэх хэрэгтэй байснаа мартчихаж. Би зөвшөөрч байна.

- Юу?

Түүний будилж байгаа нь хоолойных нь өнгөнөөс л мэдэгдэхүйц байв.

- Хамт явцгаая. Хамт Америк явцгаая. Би бэлэн. Гэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх юм бол оо? Хэр удах бол? Би аль болох л хурдан явмаар байна.

- Юу гэхээр... Хоёулаа маргааш өглөө уулзаж ярилцъя. Энэ чинь утсаар яриад шийдчих асуудал биш. Чи ядаж эцэг эхдээ хэлсэн үү? Тэд танихгүй хүн дагаад явлаа гэвэл явуулах уу?

- Би чамд итгэж байна. Тэгээд ч тэд зөвшөөрөхгүй байсан ч явна. Бас чамд итгэхгүй байсан ч би явна. Эхний хэдэн сар хэрэглэх хэрэглээний мөнгө байгаа болохоор чамд төвөг учруулахгүй. Бичиг баримтний тал дээр л зөвлөгөө авмаар байна. Би өмнө нь хэзээ ч гадагшаа явж үзэж байгаагүй.

- Ойлголоо. Тэгвэл чи маргааш өглөө эцэг эхтэйгээ ярилцаад...

- Эхлээд чамтай ярилцаад бүх зүйлийг тодорхой болгосны дараа тэдэнтэй ярилцвал ятгахад илүү амар.

- Тэгвэл 9 цагт нөгөө кафедаа уулзацгаая. Одоо амар даа. Замд их ядраа байлгүй.

- Сайхан амраарай, Майлес.

- Сайхан зүүд зүүдлээрэй, Элизабет.

Хэдий орондоо ороод хэвтсэн ч хэтэрхий догдолсондоо нойр минь хүрэхгүй байлаа. Тэсэлгүй компьютерээ асаагаад интернэтээс бичиг баримт болон очоод хаана амьдрах, хаана ажиллах талаар бас бус юм судалж гарлаа. Очихоосоо өмнө ч байраа олчихож болох юм байна. Ажил очоод болох л байлгүй.

Болох юм шиг байна.

Аав зөвшөөрнө. Намайг Мэттээс хол явах болсонд баярлаж л таараа. Аав зөвшөөрвөл ээж эсэргүүцэхгүй. Найзууд минь намайг эцэст нь асуудлуудаасаа салж байгаад харин ч баярлана. Ахиж бид үдэшлэг зохиовол би Мэттийг ярьж уур амьсгал эвдэхгүй нь байна шүү дээ. Би зөвхөн Мэттийг бодсоор байгаад, гэр бүлээ, найз нөхдөө, өөрийгөө ч мартсан байж.

Харин Мэтт. Тэр зүгээр ээ. Би түүнээс асууж шалгаадаггүй шиг, тэр ч гэсэн надаас олон зүйл асуухгүйгээр тавьж явуулна гэж найдаж байна. Учир нь... Тэр хүлээнэ гэвэл намайг эргэж ирэх тэр цагт бүх юм хуучин хэвэндээ орно гэдгийг би сайн мэдэж байна. Тиймээс бүхнийг дуусгах нь хамгийн зөв зам.

Ингэж бодохдоо би цаг хугацаа алдахгүйг хичээн Мэтт рүү залгалаа. Урьдын адил утас нь салгаатай байв.

Тийм дээ.

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now