31. Утга учир

317 32 2
                                    

Тод улаан өнгийн гэрэлнүүдийг төсөөлөх бүрт хотын утаа хамарт цоргих шиг болдог юм. Холын хол зугтмаар ч юм шиг. Даанч яг л би энд уягдчихсан юм шиг. Хэзээ ч зугатаж чадахгүй насан эцэслэх хүртлээ хэн нэгэн хүрч ирээд "Хонгор минь, гараас минь атга. Би чамайг дагуулаад амар амгаланг олж өгье. Би чамд утга учир гээчийг мэдрүүлье. Чи ахиж хэзээ ч одоо мэдэрч байгаагаа мэдрэхгүй." гэж хэлэхийг хүлээх байх. Заримдаа үхэл хүртэл намайг айлгаж чадахгүй болтол хоосордог. Тэд юунд энэ бүхнийг хийдэг юм бол оо гэж гайхах үе. Хайр хүртэл оршдоггүй шиг. Тэд яах гэж ингэтлээ хичээдэг юм бол? Юуны төлөө ярилцдаг юм бол? Юу нь тийм инээдтэй, юу нь тийм сэтгэл татам, юу нь тийм ой гутам, юу нь тийм тэвчихийн аргагүй байдаг юм бол оо? Бид юунд энэ бүх  инээдтэй тоглоомнуудыг бүтээдэг юм бол оо? Яах гэж амттай зүйл иддэг байна аа? Яах гэж сайхан хувцасладаг юм бол? Яах гэж бусдад тал засч, яах гэж ядарч унатлаа ажилладаг юм бол оо? Яах гэж мөнгө цуглуулж, яах гэж өөрийгөө зовоодог юм бол оо? Юуны төлөө? Аз жаргал? Энэ хаа нэгтээ байдаг газар уу? Хүрээд оччихвол үүрд сэтгэл амар байдаг газар юм уу? Сэтгэл амар байх гэж бид амьдардаг юм уу? Тэгвэл тэр олон жил зовлон мэдэрч үрчийсэн нүүр, хөшсөн нуруутайгаа тэр амар амгаланг мэдрэхийн оронд одоо мэдрээд үхэж болно шүү дээ. Чи чадах уу? Ханаж цадах уу? Хангалттай байж чадах уу?

Энэ бүхэн ер нь юуны төлөөгэж?

Амьдрал бол сатаарал. Цаг хугацааг явж байгааг ч анзаарч чадахгүй болгох тэр сатаарлыг олох. Тэр бол зорилго нь. Олоод сатаарах л хэрэгтэй. Нэг л өдөр амьсгаа аваад харахад чи хөгширчихсөн байна. Тэр үед ямар нэг байдлаар утга учиртай байж чадсан ч юм шиг. Тийм байж чадаагүй ч чи амьдарч чадсан ч юм шиг. Амьдрах гэдэг чиний үйлдэл, үе шат бас зорилго, утга учир нь байсан юм шиг санагдах байх. Ядаж үхэх тэр үед. Эсвэл чи бодож ч амжихгүй. Олон жилийг туулснаа ч анзаарахгүй байх.

Хичээлийн сүүлийн хонх дуугарахыг хүлээж суухаас ч богино бидний амьдрал.

Бет бол яг л тэр сатаарал. Тэр намайг айлгадаг, инээлгэдэг, гайхшруулдаг. Тэр миний мэдэрч чадах бүхнийг мэдрүүлдэг.

Түүнгүй хорвоо ч надад утга учиртай санагдтал тэр намайг дүүргэсэн. Түүний нэгэнтээ оршиж байсан ертөнц, нэгэнтээ зогсож байсан газар, нэгэнтээ сонсож байсан дуу, нэгэнтээ хэлж байсан үгс ой тоонд минь тодоос тод үлддэг. Түүнгүй байсан ч амьдарч чадахаар тийм их утга учрыг тэр надад өгсөн. Түүний төлөө би их олон зүйлсийг хийж чадна. Тэр бүхэн нь яг л миний төлөө юм шиг. Ойлгож чадахгүй болтол холилдсон бидний оршихуй.

Тэр үргэлж миний дотор байдаг. Би түүнийг юу гэж хэлэх гэж байгааг, юу бодож байгааг нь мэднэ. Хэзээд мэднэ. Тэр миний дотор байдаг шүү дээ. Миний доторх тэр, миний доторх түүний дуртай дуу, миний доторх түүний дуртай ном, миний доторх түүний ертөнц. Миний доторх дэлхий, нар, сар, галактик. Миний доторх ертөнц.

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now