011

600 105 117
                                    

Зул сар. Хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр. Миний үзэн яддаг тэр өдөр. Би зургаан настайдаа төрсөн ээжийгээ, арван таван насандаа төрснөөс өөрцгүй аавыгаа оршуулсан. Хоёул энэ өдөр.

Зул сарын дуулал зурагтаар явж, гацуурын гэрэл анивчин асаад, хүүхдүүдийн инээлдэх чимээ цонхоор сонсогдох нь намайг галзууруулах шахдаг юм. Учир нь яг л ийм уур амьсгалд би аав, ээж хоёрынхоо төлөө гашуудаж, залбирч байснаа санадаг. Хүмүүсийн хувьд баярын өдөр миний хувьд тахилын өдөр болдог нь хэтэрхий шударга бус. Жил бүр жаахан дүүтэйгээ хоёулхнаа тахилын ширээ засдаг байсан ч, дөрвөн жилийн өмнө Жонвон Япон явж, би ганцаараа үлдсэн юм. Хүйтэн, чийгтэй өрөөнд мөнгөгүйгээсээ болж элбэг дэлбэг ч ширээ засаж чаддаггүй байсан болохоор би бүх зүйлийг уландаа гишгэлчихсэн.

Дахиж тахилын ширээ засаагүй. Дахиж зул сар тэмдэглээгүй. Дахиж хүүхдийн нүдээр энэ хорвоо дэлхийг солонго, хөөсөн чихрээр дүүрэн гэж хараагүй. Нөгөө ертөнцөд буй ээж, аавыгаа, өөр улсад зүдрүүхэн яваа бяцхан дүүгээ, өөрийн хүүхэд нас, мөн Со Жихе гэх эмэгтэйг гээд... би бүгдийг сэтгэл дотроо хөсөр хаячихсан.

Зул сар бол миний хувьд тийм л баяр. Оршуулга, гуниг, цөхрөл, харанхуй.

Харин өнөөдөр би энэ баярыг тэмдэглэх гэж байна. Зургаан жилийн дараа анх удаа. Дахиж тэмдэглэхгүй гэж боддог байсан минь хэдхэн сарын өмнө байхад яагаад зөвшөөрчихсөнөө мэдэхгүй нь.

"Даарч байна уу? Халаагуурын температурыг нэмэх хэрэгтэй юу?"

Аан... Тийм байх нь. Кан Тэхён гэх энэ залуу миний амьдралд ороод ирчихсэн болохоор би өнөөдөр зул сар тэмдэглэх гэж байгаа юм байна.

Харанхуй өрөөнд жижигхэн шүдэнз асаасан хүн бол тэр. Харин энэ шүдэнз хаашаа эргэхийг би тааварлаж чадахгүй нь. Шүдэнзээрээ бамбар асаагаад намайг хөтлөн явах нь уу, аль эсвэл шүдэнзээ шатаж дуустал нь барьчихаад, унтрах үед нь намайг орхин өрөөнөөс гарах болов уу?

"Үгүй дээ, дулаахан байна."

Аль нь ч байсан хамаа алга. Одоо ядарч байна. Хэсэгхэн ч болов ирээдүйд санаа зовохгүй амьдарчихъя.

"Энэ өвөл ч цас ихтэй байна шүү?"

"Анхны цасыг хамт харсан хүн нь насан туршынх нь хайр болдог гэсэн."

"Чамд хамт харсан хүн байгаа юу?"

"Байхгүй ээ. Би тэр үед зарын дагуу ажил хайгаад л явж байсан. Харин та? Хамт харсан хүн байгаа юу?"

My master || MglWhere stories live. Discover now