•~●~•
"Хүүг энэ шуурганаар мориор авч явбал гарцаагүй эндэнэ!" Гэж Лаура авхай хүүгийн халуунтай толгой дээр гараа тавьж үзээд охин Белла рүүгээ гунигтайхан ширтэв. Томи өндөр халуурч байсан учраас Белла аргагүйд хүрч эхээсээ замд гарах тухай ятган гуйсан нь тэр байв.
"Тэр өндөр халуунтай байна ээж ээ, ямар нэг арга заавал олох хэрэгтэй" гэж Бет тэдний дэргэдээс эмгэнэлтэйгээр бархиран өгүүлбэл
"Би бодож байн Бет!" Хэмээн Лаура авхай ширүүнээр хэлээд хүүгийн орны дэргэд их л хямарсан байдалтай тэргүүнээ гудайж, тархиа базлан атгаад, гараа тохойлдон хэсэг суув.
"Миний хувцсыг бэлд Бет! Би ер нь Чикаго орчхоод ирье. Тэр болтол хүүгийн халууныг буулгаад сайн харж байгаарай!" Гээд Лаура гэнэт ухас хийн өндийж хоёр охин руугаа нухацтай ширтээд дараагаар нь зээ хүү Томигийн зулай руу ойртож зөөлөн үнэрлэв. Нялх хүүхдийн цэвэр ариун анхилам сайхан үнэр түүний сэтгэлийг догдлуулах ажээ.
"Та Чикаго орж эмч дуудах нь уу? Би хамт явах уу?" Гэж Бет ээжийнхээ урд хойно нь гарч гутал, хүрэм, ноолууран нөмрөг, нэхмэл ороолт, бээлий, эсгийгээр тэрэлж хийсэн өвлийн малгайг нь цөм нэг нэгээр нь өгсөөр үүдэнд ирсэн байлаа. Охин Бетийнхээ эрс шийдэмгий зоригтой царайг тогтож харсан Лаура авхай нэг их бодож цэхэлгүй,
"Алив гадуур хувцсаа сайн давхарлаж өмсөөрэй!" Гээд өөрийнхөө малгайг сайтар бэхэлж зузаан ноосон нөмрөгөө эвтэйхэн эсэхийг нягтлах ажээ.
"Белла, би ч бас явчхаад ирье! Бид заавал эмч дагуулж ирнэ ээ! Чи дүүг минь сайн харж байгаарай ойлгов уу!" Гэж өөрийнхөө жижигхэн өрөөнд хувцсаа хам хум өмсөх зууртаа чангаар орилж байв. Тэгээд ч удалгүй Белла өрөөнөөсөө гарч ирээд үүдний нарийн тасалгаанд зогсох ээжийнхээ зүг тийш гунигтайхан харж зогслоо.
"Бид удахгүй ээ Белла! Хүүгээ сайн асарч байгаарай" гэж эцэст тэд цасан шуурга огтхон ч намдаагүй үдшийн бүрийн цагаар замд гарах нь энэ ээ.
•~●~•
Чикаго хот орохоор яваа Лаура болон түүний бага охин Бетийн халаасанд тавхан доллар, хэдэн задгай зоос, гал тэрэгний тасалбар цөм багтсан ширэн бор түрүүвч л байлаа. Цасан шуурга сөрж морьтой хөдлөөд Колумбийн төвд орж ирмэгцээ танил найзындаа морио уяж үлдээгээд цаашлан гал тэрэгний буудал руу явцгаав. Тэгж ингэсээр оройны найман цагт шуурхай гал тэрэг замдаа гарч хөрш хот болох Чикаго руу хөдөлцгөөх аж. Лаура охиндоо сонгинотой талх халуун цай захиалж авч ирүүлээд өөрөө цонх руу ширтээд дув дуугүй суух ажээ. Харин замдаа баахан даарч ядарсан охин хувцсаа нимгэлж цайлахдаа Чикаго гэгч ямар хот байх болоо? гэмээн бодно.