•~●~•
Цаст уулын замаар хурдтай давхих Клайд урд толиндоо залуу бүсгүйн гунигтай царайг хором тутамд халаглан харж явлаа. Учир нь юу гэвээс Клайд Изабеллийн өмнө хүлээх маш том гэмтэй хүн юм. Эрх мэдэлтэй эзэн ноён нь хөөрхий залуу эмэгтэйг тохуурхан дээрэлхэж байхад тэр юу ч хийгээгүй. Амаа үдээд чимээгүй өнгөрсөн цор ганц хүн. Тэрхүү гэм нүглээ сэтгэл дотроо ухаарч харамсаад өөртэйгөө бүтэн хагас өдрийн турш тэрсэлж явсаар энэ хүрээд байжээ. Шөнө дундын үед тэд нар Нью-Йорк гэх сүрдэм том хотод орж ирмэгцээ л хуучин цагт улс эх орныхоо цэрэг армид хүчин зүтгэж байсан эрхэм доктор Ноён Уоррены нэрэмжит эмнэлгийн гадаа хүрч ирээд байлаа.
Эдүгээ дал дөхөж яваа ноён Уоррен гэгч нь дайны цагт армид зүтгэж амь биеэ үл хайрлан дайтаж явсан зоригт цэрэг эр юм санж. Дайнаас эсэн мэнд ялалт байгуулаад төрхөндөө буцахдаа оточ болох томоохон шийдвэрийг амьдралдаа гаргаж их дээд сургуулиа Европын оронд амжилттай дүүргэж төгсөөд төрсөн нутагтаа эргэн ирж байжээ. Тэр онд нь Ноён Уоррены утга зохиол судлаач эцэг нь мөнх бусыг үзэж, үлдэж хоцорсон ганц хүүдээ өөрийн эзэмшлийн харшаа гэрээслэн үлдээснээр өнөөгийн Уоррены эмнэлэг байгуулагдаж байсан түүхтэй юм санж.
Гадна талаасаа гурван давхар сүрдэм том харшийн гадна ногоон зүлэг зурайх ба нарс мод олноороо сүндэрлэн ургаж хажуу тойрноор нь цэцэгсийн бут сөөг харагдах аж. Боготаг бодоход эндэх их дулаахан бараг өвлийн улирал болоогүй мэт л намуухан уур амьсгалтай байлаа. Белла хүүгээ энгэртээ тас тэвэрсэн чигтээ жолоочийн араас алхах ба дотроо айдас хүйдэст автаж баахан хулчийсан харагдана. Анир чимээгүй нойрсох эмнэлгийн хаалганы хонхыг дарсны дараа удаа ч үгүй дотроос нь цагаан бошинзтой урдаа хормогч зүүсэн дунд эргэм насны махлаг бүдүүн эмэгтэй гартаа дэнлүү барьсан мөн үл ялиг гайхсан шинжтэй үүдээ тайлав.
"Өршөөж болгооно уу эрхэм хатагтай минь. Бид яаралтай хэргээр Ноён Уорреныг зорьж ирлээ. Та түүнийг сэрээж хөөрхий бяцхан хүүд туслахгүй юу?" Гэх Клайд хойноо зогсох ээж хүү хоёр руу дохин заалаа. Өндөр залуугийн цаанаас өндийн харсан авхай эх хүү хоёрыг олж хараад тэднийг байшиндаа урьж оруулав.
"Хүү байх шив. Тэр яагаа вэ?" Гэж өнөөх авхай өлгийтэй хүүгийн царайг онгичин үзээд хацарт нь хүрч халуунтай үгүйг нь шалгах нь тэрээ.