•••
Асрагч
Хөхөө шувууны донгодох чимээгээр өглөөг угтсан Уилльям сэрсэн даруйдаа асар өргөн орон дээрээ ухас хийн босож суулаа. Дэргэд нь хэн ч байхгүй бөгөөд Беллагийн эзгүй орон зайг дэмий л гөлрөн бодлогошрох ажээ. Урьд шөнийн үйл явдал түүнд одоо л ичгэвтэртэй болчимгүй санагдахын зэрэгцээ гэнэт л хоёр чихээр нь халуу оргиж сэтгэл нь түгших бөгөөд, ер бишийн сандрал хамаг биеийг нь бүрхэн авав. Тэгээд унтлагын өрөөний бөөрөнд байрлах жижигхэн ч гэлээ ариун цэврийн хэрэглээнд ашиглах бүхий л эд агуурсаар тохижсон угаалгын зориулалттай өрөө рүү явж орлоо. Халуу оргих нүүрээ сарнайн цэцгийн дэлбээ хөвсөн устай саванд дүрж сэргэг оюун ухаанаа эргүүлэн авах гэж хичээв. Толины тусгалд өөрийнхөө царайг цоо ширтэхдээ шинэхэн эхнэрийнхээ ялдам хөнгөхөн биеийг бодолдоо санаж, өөр ямар ч бүсгүйгээр орлох аргагүйг гүнээ онцгойлон мэдэрч байлаа. Гэвч нөгөө талаараа Беллаг зүгээр л зоосны хүүхэн гэж бодохыг оролдож зүрхээ чангалах авай.Изабелла энэ үед алтан торгоор хийсэн нөмрөгөө зүүж, цээжиндээ олсон олон тооны шимэлтийн мөрөө аль болох л бусдын нүднээс халхалсан гэж энгэр дээшээ цээживч өмсөж, үйлчлэгч нарын тусламжтайгаар гил торгон үсээ янзлуулж байлаа.
Нялх хүүхдийнх шиг булбарай цагаан арьсыг нь алтлаг өнгө улам л гэрэлтүүлж шаазан шиг тунгалаг харагдуулж байв. Бага зэрэг улаа бутарсан хацар, будаж янзалсан хөмсөг сормуус, даашинз шигээ алтран туяарах гүн бор нүд нь хэнийг ч ховсдох чадалтай мэт.
Энэ цаг мөчөөс эхлэн тэр эхнэр хүн... Ийн бодох зууртаа амгалан тайван харцаа, гүнзгий бор нүдээ толины тусгалд тун уйтгартайгаар харан суух ажээ. Яагаад ч юм алтан шаргал даашинзтай, очир эрдэнийн гоёлтой, маргад эрдэнийн зүүлтээр чимсэн үстэй ерийн бус уйтгар гунигаар дүүрсэн нүдтэй тэнгэр элч шиг хүн болсон мэт өөрт нь санагдана. Хэдэн зуун каратын алт монет, очир эрдэнэсээр биеэ чимсэн ч бүх талаараа хоосон, учир дутагдалтай, эрх чөлөөгүй ганцаардсан нэгэн шиг өөртөө харагдаж байлаа. Мэдээж энэ бүхэнтэй эвлэрэх аргагүй юм.
Урт ширээний хоёр талд дув дуугүй хооллохоор байраа эзлэн суусан тэд хоорондоо үг дуугарах нь бүү хэл л хэдэн хормын ч харц солилцсонгүй сууцгаана. Тэдний урд амттай зууш өнгө өнгөөрөө алаглан харагдах ч хэн ч хоолондоо гар хүрсэнгүй. Учир нь зэвхий хүйтэн орчин бүрэлдэн тогтож хэн хэндээ эвгүй төвөгтэй орчныг бүрдүүлэх агаад юу ч хийгээд өөрчлөгдөх аргагүй харилцаа байв.