•~●~•
Нью-Йорк хотын эгэл ардын гудамжинд жил тутамд олон зуун хүмүүс ирж суурьшдаг бөгөөд шинэхэн хүмүүсийн хөлөөр тасардаггүй хүүхэд багачуудын хөдөлгөөн ихтэй Жонн Виюүрен гудамжинд Лаурагийн найз хүүхэн Лена гэгч их боломжийн тогтуун оршин суудаг байв. Хөлсний морин тэрэгтэй зорчих хүмүүсийн дуу шуу хадаж аль үүр цайхаас л эхлэн хүн зоны ажил төрөл эхэлдэг хотын золбоолог нэгэн өглөө эхэлж байжээ.
"Хонгор минь сэрээрэй. Өглөөний цай бэлэн. Биднийг гэрийн эзэд хүлээж байна" хэмээн Лаура бага охиныхоо унтаж буй ороны хөлд суугаад нойрмог царайг нь элж таалав. Тэд Нью-Йоркод орж ирээд шууд харш руу явж зүрхлээгүй учир Жонн Виюүрен гудамжинд суудаг нэгэн найз бүсгүйнхээ гэрт зочилжээ. Тэндээ сайхан сэтгэлт Николай Лена авхайн зочломтгой зангийн ач буянаар толгой тавих ортой халуун сайхан хоолоор дайлуулж тавтай хоноод байлаа.
Бет анх удаа их хотод орж ирсэн хоёр дахь өдөртөө зориулаад эндэхийн гоёмсог гудамж талбайгаар зугаалж нүд тайлахаар төлөвлөжээ. Тэгээд ухас хийн орон дээрээ босож суугаад тун аз жаргалтайгаар сунайж
"Ээж, би өнөөдөр энэ хотоор жаал зугаалмаар байна. Тэгж болох уу?" Гэв.
"Охин минь. Энэ хот харагдаж байгаа шигээ гоё ганган сүрдэм сайхан биш шүү дээ. Хүн бүрийн ааш жаяг харилцан адилгүй. Чи ганцаараа төөрчихнө!" Гэхэд Бетийн гэрэлтсэн царай урамгүй болон харцаа буулгав.
"Эгч хэзээ ирэх юм? Хөөрхий Томаст санаа зовж байна"
"Өнөөдөр л ирэх ёстой! Сураг чимээ ирэх л байлгүй! Алив бос. Гэрийн эздийг хүндэлж үз!" Хэмээн зөөлөн дуугаар сануулаад өрөөнөөс нь гараад явчхав. Лаура тэр өдрөөс хойш ч юм уу эсвэл хоёр жилийн тэртээгээс ч юм уу нэг л үг дуу цөөтэй тун хатуу байрын эмэгтэй болж өөрчлөгдсөн байлаа. Элизабет үүнийг нь маш их анзаарч сэтгэлдээ гунигтайяа мэдэрч байв.
Лена авхайн байшин их боломжийн тав тухтай дулаахан болохоор Беттид маш их таалагдаж байжээ. Тэрбээр ор дэрээ цэгцэлж байшинг эргүүлж тойруулан харсаар гал зуухны жижиг өрөөнд орж ирээд баяр хөөртэйгөөр мэндлэн ширээний хойно очиж суухад дундаж насны бага зэрэг махлаг эр түүнийг ихэд шинжингүй ажиглан харж байх нь тэр. Тэрхүү эр Лена авхайн эр нөхөр бөгөөд гуталчин хийдэг хүн юм санж.