•••
Анхны шөнө
Давчдан цохилох зүрхний лугшилт, хүрээлэн дүүрэн хүмүүсийн нижигнэсэн алга ташилт, хийл хөгжмийн ая эгшиг, зүрх сэтгэл нийлээгүй залуусын амьдралын зам огтлолцон нийлнэ.Түмэн олон эгнээ бүрээс хоолой нийлүүлж хосуудыг үнсэлцэхийг хүслээ. Гивлүүрийг нь алгуурхан хойшлуулж Изабеллагийн өөгүй сайхан төрсөн царайг нүднийхээ өмнө ил гаргав. Огторгуйг тэр чигт нь цогцлоосон мэт хэтэрхий гүнзгий харцанд нь гуниг ганцаардал тодорсон байлаа. Өд мэт урт сормуус нь хөнгөн дэвэн дэвсээр гил хар нүдээ алгуурхан аних нь тэр.
Сүйт хар хүү Уилльям бүсгүйн нарийнхан бэлхүүсээр гараа явуулж зөөлөн тэврэх агаад өөгүй цэвэрхэн царайг нь ойроос олж харав. Жимийсэн нимгэн боловч боловсорч гүйцсэн амтат жимс шиг шүүслэг зөөлөн уруул руу нь зориг алдан дөхлөө. Тэдний хоорондох алсхан зай ойртох тусам л халуун агаараар дүүрч, нүүр өөд нь анхилам сайхан үнэр холилдон сэнхийж, оюун бодлыг авч одох мэт ажээ.
Хамаг байдгаараа хөшсөн Беллагийн сандрал зөвхөн Уилльямд л мэдэхүйц хэмжээнд мэдэгдэнэ.
Чийглэг халуун уруулууд нь түүнийхтэй нийлж сурамгай гэгч нь ажиллах ба бүсгүйг бүрэн дүүрэн эзэмших болсон мэт...Хамгийн ойрын ширээнээс хос хоёрын гал халуун үнсэлтийг нүд салгалгүй ширтэх залуу ноёнтны зүрх урагдаж, сэтгэл нь эвгүйрхэх агаад оюун бодол нь хүйтэн хэрцгий болжээ. Зүрхнийх нь хурдан хурдан цохилох чимээ чихэнд нь хүртэл тод дуулдаж амьсгал нь зөв голдиролгүй болсон байв.
"Хараал ид! Чи ингэж болохгүй Брендер!" Хэмээн зөвхөн өөртөө сонсогдохоор хэлээд гараа тун тэвчээртэйгээр зангидан атгалаа.
Уилльямын шуналд автсан уруул түүнийхээс салмагц л хүн бүр хундага өргөж улам л халуун алга ташилт хадахын зэрэгцээ шаагилдан инээд хөөр болов.
"Эцэст нь чи надтай гэрлэж чадлаа. Баяр хүргэе Изабелла!" Хэмээн Уилльям холдохоосоо өмнө зэвүүн хүйтэн өнгөөр чихэнд нь шивнэчхээд бусад руу юу ч болоогүй аятай инээвхийлэн гараа даллах ажээ.
Хөөрхий Белла харцаа гунигтайгаар унагаад гартаа зүүсэн хурмын бөгжөө тэмтэрч сэргэг ухаантай байх гэж хичээсэн ч гэлээ оюун ухаанаа үе үе алдаад зогсохгүй, тэр олон хүний бүгчим орон зай, учир зүггүй инээд хөөр болсон нүүр царайнууд, тас няс хийх болор хундаганы харших чимээ, хөгжимчдийн тоглолт зэрэг гадны маш олон дуу чимээний улмаас толгой нь эргэж байлаа.