•~•~•
Унтлагын өрөөний нээлттэй цонхоор сэрүүн салхи сэвэлзэж Изабеллагийн буржгар гил хар үсийг нь хойш хийсгэх ба нимгэн даашинзтай туранхай биеийг бээргэнүүлэн байлаа. Тэрбээр бухимдаж өрөөн дотуур нааш цааш холхих агаад хүзүүнийхээ ар талыг тайван бусаар элнэ. Бүх зүйл түүнийг зовоож байлаа. Сэвэлзүүр салхи, нам гүм байдал, тэр тусмаа харшийн зочны өрөөнд хоёр цагийн турш ялтан мэт гэмтэй мэдрэмж авч суусан нь ч тэр зовлонтой.
"Бүү санаа алд, Белла!" түүний өрөөнд ямар ч дуу чимээ гаргалгүй орж ирсэн Лаура мөн адил цонхны дэргэд ирээд зогслоо.
"Уур бухимдал гэдэг эмэгтэй хүнд тохирохгүй зүйл" хэмээн цонхны дор байрлах тав тух сайтай модон түшлэгтэй сандал дээр очиж суух нь тэр.
"Удахгүй чи цоо шинэ амьдралаар амьдарч эхэлнэ шүү дээ. Магадгүй хэцүү ч байж болох юм. Гэтэл чи тэр болгонд сэтгэл дундуур байж, эрхэмсэг хүчирхэг байхаас татгалзаж, санаа алдах гэх мэт тэнэг зүйлсэд өөртөө саад хийхийг зөвшөөрөөд байвал алмаз шиг үнэлэгдэж нар шиг гэрэлтэхээ болино!" Гэв.
"Та намайг өөр шигээ гэж бодсон бололтой! Гэхдээ би та биш шүү дээ" гэж Белла хүйтэн хөндий аястай үгээ чулуудав.
"Сэтгэлийн хүч хүн бүрийн дотор байдаг юм Белла! Тэрхүү хүчээ хүн чухал цагтаа гаргах хийгээд тэрхүү хүч нь ч гэсэн тухайн зүйлдээ хангалттай хүч хүрдэг байх ёстой. Түүнийгээ хүн өөрөө чухал зүйлдээ ашиглах хэрэгтэй байдаг юм. Ашиглах шаардлагыг нь ч нийгэм хүссэн хүсээгүй чамд өгдөг юм!"
"Та надад дэндүү хатуу хандлаа ээж ээ. Та зүгээр л энэ бүхнийг хав дараад дуугүй амьдарч болох л байсан. Гэтэл та тэгсэнгүй. Намайг зориудаар энэ амьдрал руу түлхэн оруулаад бүр живүүлэх гэж байгаагаа ойлгосонгүй!"
"Эмэгтэй хүн өөрийнхөө хүчнээс хэд дахин хэцүү бартаад замыг туулж энэ амьдралыг бардаг юм. Энэ бол чиний туулах ёстой бартаа. Чи туулаад л гарах ёстой Белла!"
"Хүсээгүй хүнтэйгээ гэрлэж үү? Та үүнийг хэлэх гээд байна уу ээж ээ?"
"Томас ирээдүйд чиний бутач хүүхэд болж өснө. Энэ бутач гэдэг байр суурь хүүхдийн ирээдүйд ямар их муу нөлөөтэй болохыг чи яагаад ойлгохгүй байгаа юм бэ?"
"Ээж. Та Беллаг ойлгож чадахгүй юмаа гэхэд зүгээр тайван байлгаж болохгүй юу?" Хэмээн Элизабет өрөөнд орж ирэв. Тэр өрөөний гадаа энэ бүх гунигт яриаг сонсож байжээ.